Амьдрал дэндүү сайхан❤️
Ойрд ийм амттай мэдрэмж аваагүй шиг санагдаж байна. Мөрөөдлөөсөө өөр зэвсэггүй, үүргэвчнээсээ өөр өмчгүй дэлхийг тойрохоор гарсан зоригт Монгол залуугийн тэмдэглэл намайг ийм жаргалтай болгочих юм. 😊😊Жамбалсүрэнгийн ЗОЛБАЯР /Амай/ -гийн “Амьдрал сайхан шүү” номноос ойлгосон зүйлээ та нартайгаа хуваалцмаар санагдлаа…

Зорилго, тэмүүлэл урагшлах хүч юм:
Мэдэхгүй, харанхуй бүхэн бидэнд айдас төрүүлдэг шүү дээ. Яг л харанхуй хайрцаганд гараа хийгээд юу тэмтрэгдэхийг нь мэдэхгүй байх үед төрдөг мэдрэмж шиг. Өдөр бүр л бид их бага хэмжээгээр айдастай нүүр тулдаг. Чадах болов уу? Бүтэх болов уу? Намайг юу гэж бодох бол? Гэх айдас бүр илүү давамгайлна. “Амьдрал сайхан шүү” номноос өөрийнхөө хэмжээнд дүгнэлт хийсэн хамгийн чухал зүйл бол. Хүний хүсэл, зорилго гэдэг ямар ч айдсыг даван туулах хүч юм байна. Үүргэвчээ үүрээд аялалд гарсан жирийн Монгол залуугийн талаар би хэтэрхий өнгөц бодолтой явсан байх юм. Түүний хийсэн аялалыг хичнээн хүнд хэцүү байсныг төсөөлж чадаагүй. Бас ямар үнэ цэнийг бий болгох гэж тав тухтай амьдрал, эх орон, элгэн саднаасаа хол бадарчилж явсныг төдийлөн ойшоож бодоогүй. Үнэндээ аялал гэдгийг ихэнх хүмүүс тансаглал гэж ойлгодог. “Амьдрал сайхан шүү” номыг уншаад аялал гэж юу байдгийг хагас хугас мэдрэв. Учир нь бид мэдэхгүй зүйлээ дандаа л амархан гэж боддог шүү дээ. Яг л бусдын амьдрал жаргалтай харагдаж, бусдын ажил амархан төсөөлөгддөг шиг юм. Өдөр бүр шинэ соёл иргэншилтэй танилцаж, хэл ус, хоол ундны бэрхшээлтэй тулгарч, сайн муу олон хүнтэй учирч явахдаа тэрээр нэг л зүйлийг хайж явжээ. Энэ өргөн уудам дэлхийгээс Монголчуудад хэрэгтэй зүйл юу байна гэж хайж явсан байх юм. Мөн Монгол гэдэг нэрийг илүү олон хүмүүст таниулах зорилго өвөртөлжээ. Өлсөж цангах, даарч хөрөх, ядарч ганцаардах энэ бүх айдсыг давах хүч юу байсан юм бэ? Яадгийн болсонгүй гээл шантарч болох үе хичнээн их байваа. Гэтэл Амай чадсан шүү дээ. Бидэнд бодсноос илүү хүч байгаа гэдгийг нотлон харуулсанд баярлалаа. Хүсэж чадвал хийж чаднаа Монгол хүн..
Хандлагаа өөрчилж чадвал гомдол үгүй:
Амайгийн өдөр бүрийн аялал ажиглалт байжээ. Мэддэгээсээ тэс өөр орчинд, таньж мэдэхгүй бүхэнтэй нүүр тулахдаа тэрээр энэ бүхэн надад таарахгүй байна гэсэн хандлага нэг ч удаа гаргасангүй. Харин энэ хүмүүсийн, энэ орчны, соёлынх нь онцлог нь юу юм? Яагаад ийм байгаа юм? Гэж асуулт тавин ажиглаж, таньж мэдэж явсныг нь “Амьдрал сайхан шүү” номноос нь мэдэрлээ. Бидэнд хамгийн их дутагддаг зан тйим үү? Сүүлийн үед надаас бусад нь л болохгүй байгаа юм шиг гомдоллох болсон миний хувьд энэ бүр ар дагз руу цохиод авах шиг л санагдлаа. Юмны учир шалтгааны угийг нь таньж мэдвэл гомдол үгүй болж, ойлголцол бий болдог шүү дээ. Энэ зүгээр л хувь хүний эерэг хандлага юм. Амьдралаа илүү амархан болгохын тулд аливаа зүйлийн учир шалтгааныг нь танилгүйгээр гомдоллохоо больё тээ. Эцсийн эцэст эзэнгүй гомдол ш дээ. Эерэг бодол, ойлголцох хүсэл бидний амьдралыг илүү баяр хөөртэй, илүү хялбар болгоно.
Ялгарах хүсэл:
Бид дандаа л бусдаас ялгарахыг хичээдэг. Энэ нь магадгүй нөгөөх БИ-гийн үзэлтэй холбоотой. Бусдаас онцгой хүмүүс л анхаарлын төвд байдгийг бид сайн мэддэг. Үүнийг ашиглаж бусдаас ялгарахыг оролдогч сошиал элийрэгчдийг хэдэн мянгаараа даган намирч, салхинд нь туугдан хоосон ховоор хооллож, хамаг хайран цагаа барах. Энэ тэгээд хэр амттай хоол вэ? Бидэнд юу өгөх вэ? Эцэст нь бүр ялгарах юмгүй болгочих вий гэж та бодож үзсэн үү? “Амьдрал сайхан шүү” ном энэ агуулгыг бас хөнджээ. Ялгарах үүх түүх, соёл, ёс заншилгүй ард түмэн хамгийн түрүүнд мөхдөг гэж бичсэн байх юм…Үүнийг бид хамгийн түрүүнд бодох хэрэгтэй санагдлаа. Монголоосоо ялгарах гэж хүн бүр оролдсоор гадны бүхнийг шүүлтүүргүй даган намирч, тахин шүтсээр… Гэтэл бидэнд Монгол гэдэг нэрийн дор дэлхийгээс ялгарах онцлог бий шүү дээ. БИ-гээ орхиж арай томоор харцгаая. МОНГОЛ ХҮН соёлын дархлаатай байгаасай… БИ-гийн үзэлдээ баригдаж нэг нэгээрээ Монголоосоо ялгарсаар, нийтээрээ даган намирсаар эцэс сүүлдээ Монголоо дэлхийн аль ч улс үндэстнээс ялгарах зүйлгүй болгох нь бид. Энэ чинь мөхлийн дохио юм байна. Бид эцгээсээ удамшлыг, эхээсээ уламжлалыг өвлөн авдаг. Өвлүүлэх ёстой зүйлсээ нандигнан өвлүүлье үр хойчдоо. Зүгээр л Монгол ухаанаа дээдлье. Бидний эцэг өвгөд байгаль дэлхий, амьдралыг учир шалтгааныг таньсан хүмүүс шүү дээ. Эцэг өвгөдийнхөө ухааныг судлахад бид энэ дэлхийн хаанаас ч олж авч чадахааргүй эрдэм, ухааныг олж авч чадна. МОНГОЛЧУУД УГААСАА ЯЛГААТАЙ ХҮМҮҮС. Монголоосоо ялгарах гэж битгий оролд.
Амьдралын тэмцэл:
Бидний хүнд хэцүүгийн талаарх ойлголт ямар вэ? Бид юуг хэцүү гэж өөрт оногдсон амьдралдаа өдөр бүр гомдоллож амьдардаг юм бэ? Амайг Эх орон минь дэндүү сайхан, энэ дэлхийн хаана ч ийм сайхан байгальтай, өвөрмөц ёс заншил, амьдрал ахуйтай, эрүүл хоол хүнстэй, байгалийн гамшиг гал усны аюулгүй, дайн тулаангүй амар тайван улс байхгүй. Бидний өнөөдрийн зовлон бол ер дөө л гэр бүлийн өчүүхэн хэрүүл, өөрөөр хэлбэл аав ээж хоёр хэрэлдээд хоолоо хийхгүй үр хүүхдүүд нь өслөөд байгаа асуудал. Үүнийг шийдэж болно. /Энэ бол дэлхий ертөнцийн гайхамшиг, гутамшиг бүхнийг нүдээр харж үзсэн хүний үг юм шүү/ гэж ярихыг сонсоод нээрээ л тийм шүү хүнд хэцүү амьдрал үзээгүй, зовлон гэдгийн талаар ойлголтгүй хүмүүс өөрт байгаа сайхан бүхнээ, амьдралын аз жаргалаа өнөөдрөөрөө мэдэрч чаддаггүй юм байна гэж бодсон. Нээх сайхан гүнзгий амьсгаа аваад эргэн тойрноо хартал нээрээ ямар азтай хүмүүс вэ бид гэж өөрийн эрхгүй бодогдсон. Бид байхгүйгээ мэдэхээс байгаагаа мэддэггүй гэмтэй хүмүүс… “Амьдрал сайхан шүү” номноос дэлхийн олон улсын улс төрийн байдал амьдрал сэтгэлгээний ялгааг харж болох юм. Их туршлага, бидний ирээдүй ч тэнд харагдаж болох. Бас энэ амьдралд зовлон гэж юу байдгийг…Нэг өдөр ч амар тайван унтах боломжгүй айдастай улсын иргэд юу туулж мэдэрдгийг Амай өөрийн биеэр үзэж туулжээ. Одоо биднийг тэр замаар явуулахгүйн төлөө тэмцэж байна. Үнэнийг хэлэхэд би оролцсон нэвтрүүлгийг нь үзээд “Би Монголчуудын оюун санаанд хувьсгал хийнэ” гэж ярихыг нь сонсоод итгээгүй. Учир нь эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүн яаж энэ бүхнийг хийнэ гэж гэх ухааны юм бодсон. Гэтэл сүүлд энэ бодлоосоо ичих шиг болов. Номын адал явдалд хөтлөгдөн хуудас бүрийг нь догдлон эргүүлэхдээ би хэнийг басаа вэ? Гэж бодсон. Ийм хүнд хэцүү замаас ухраагүй хүн ингэж хэлхээс яахав. Өөртөө итгэхээс яахав. Би ч бас одоо итгэж байна. Амайгийн аялалын тэмдэглэл болох 5 боть ном угаасаа тэр мэдээллийг агуулж байгаа юм байна. Би зөвхөн ганц л ботийг нь уншсан дараа дараагийн хэвлэлийг уншихсан гэхээс хорхойсож байна. Зүгээр л маш сонирхолтой байна. Амьдрал үнэхээр сайхан юм аа. Тэр тусмаа МОНГОЛ хүн болж төрөх. Үүнийг бидэнд ойлгуулж байгаа мятрашгүй МОНГОЛ залуу танд баярлалаа.
2018–06–15 Б.Чанцалням
