“Анхны цалин”
Sep 3, 2018 · 3 min read
- Анхны бүхэн ой ухаанд минь тод зам татуулан үлдсэн...Заримдаа жаргалтай болгоно заримдаа хөнгөн гуниг төрүүлнэ. Ихэнхдээ жаргал авчирдаг нь сайхан. Анхны мэдрэмж ямар байснаас цаашдын хандлага тодорхойлогддог гэж би боддог. Хаяа зүрхэнд үлдсэн тэр дурсамжуудын тухай өөрийн мэдэлгүй бодол болон инээмсэглэн суух нь бий…

Өнөөдөр яг тийм өдөр эхэллээ.
- Намар хэдийн ирчихжээ. Нартай хэрнээ цаанаа дотор жиндүүлэх намрын сэрүүн салхи хүн бүрт өнгөрсөн амьдралдаа эргэн хургах бодлуудыг илгээдэг байх. Хийж байсан ажлаа орхин кофе уунгаа цонхоор ширтэн сууна./ээлжит эморол☺️/ Үнэндээ нэг хийж байсан зүйлээ дуусгалгүй өөр зүйл рүү үсчиж байгаа өөрийгөө анзаараад сэтгэл тогтохгүй, анхаарал төвлөрч өгөхгүй байна гэж бодов. Нэг мэдэхэд ээжийнхээ тухай бодож суух юм. Ээжийгээ би чин сэтгэлээсээ баярлуулж байсан үе минь хэзээ билээ. Сэтгэлд нь хүртэл сайн охин байж чадсан билүү? Ганц охин нь байж ээждээ хэр их хань боллоо? Гэдэг асуултанд тийм тохиромжтой бардам хариулт олсонгүй. Нэгэн хөндүүр зүрхэн хэсгээс минь дээшлээд хоолой дээр тээглэн зангирч, нүд бүрэлзээд ирэх…Ээжийгээ хачин их хайрлаж бас өрөвдөх мэдрэмж. Би ээждээ юу зориулсан билээ? Дотроо бодоод л явснаас хийж байсан тоотой юм гэж өөрийгөө зэмлэв.

Бэлхүүсээ давсан шулуун хар гэзгээ хоёр салаа сүлжсэн энэ эмэгтэй миний ээж.❤️Магадгүй энэ зургийг авхуулахдаа надаас ч залуу байсан байж мэднэ.
- Ингээд ээждээ юу зориуллаа гэх бодолтой зэрэгцэн анхны цалингийн талаарх бодол орж ирлээ. Үнэндээ тэр үеийг бодохоор тийм нэг ичээд ч байгаа юм шиг хэрнээ сонин мэдрэмж төрдөг.
Миний анхны ажил цайны газар бэлтгэгч байсан.
- Нэгдүгээр курсээ төгсөөд зуны амралтаараа Булганд байсан үе. Энэ үед юм бүхэн амархан санагддаг байж дээ./бяртай байсымуудаа😅/ Хийх байхаа олж ядан хэд хонолоо. Яагаад ч юм хурдхан сургуулиа төгсөж ажил хийх юмсан гэж боддог байлаа. Нэг өглөө ах залгаж байна. Ажил хийх үү? Гэж байна. Тэгье л гэлээ. Ингээд анхны ажилдаа очлоо. Ахын ажлын газрынхан өдрийн хоолоо иддэг жижиг цайны газар. Бэлтгэгч хийдэг хүн маань хөдөө явсан учраас эгч нь ганцаараа амжихгүй байна миний дүү иртэл нь хэд хоног эгчдээ туслаад өгөөрэй гэж Энхмаа эгч найрсагаар тосож авлаа. За ингээд ажилдаа орлоо. Бурхан минь. Бүхнийг чадна гэж бодож явсан би эхний өдрөө л шуудайны тал ногоо, төмпөн дүүрэн сонгинотой найзлаж нус нулимстайгаа холилдож орхилоо. Өдөр цайны цагаар хүн ихтэй нэг хэсэг бужигнаад намдана. Ногоо арилгаж, хуушуур хайрч, хоол зөөгөөд, цэвэрлэгээ хийгээд өдөржин амс хийх завгүй. Анх удаа ийм ажил хийж үзэж байгаа би ажил тараад гэрлүүгээ алхах зуураа их юм бодноо. Би чинь гэртээ ч тоотойхон аяга угаасан хүн юм. 9-р ангиа төгстөх хүртэлээ ээжээрээ хувцасаа угаалгасан байх юм. Ичих шиг…Өдөржин зогсоо байдаг болохоор хэдхэн хоноод хөлийн судас гүрийгээд гараад ирлээ. Заа би юуч чадахгүй хүн юм байна. Олигтойхон сурч мэргэжилдээ сайн байхгүй бол гэж дотроо бодлоо.
Миний анхны цалин 56,000
- Эхний хоёр хоног жаахан бойтоглосон ч ажил маань хурдан гарт ороод ирсэн шүү. Гэрлүүгээ салж унах дөхөн алхдаг байсан маань дээрдэв. Тэнд 14 хоног ажиллахдаа би их юм сурсан бас ойлгосон гэж боддог. Хүн бүртэй найрсаг харьцдаг Энхмаа эгч ажлын анхны минь хандлагыг төлөвшүүлсэн байх. 14 хоногийн дараа Энхмаа эгчийн туслах ирж би ажилласан хоногийн цалингаа аваад ажилгүй болов😁Тэр үед өдрийн цалин маань 4000 төгрөг байж. 14 хоног ажиллаад 56,000 төгрөг авлаа. Үрж явснаас олж яваагүй би бөөн баяр. Нээх их мөнгө олчихсон юм шиг юу хийх үү гэж бодоостой. Ингээд ээждээ зориулахаар шийдэв. Тэр үед хурдан том болж ээжийнхээ ачийг хариулна гэж яардаг байсан. Ээж рүүгээ яриад юу авахуулахын😜😁Ээж баярлаад л❤️Миний охин өөртөө юм аваа л гэж байна. Ингээд ээж юу авмаар байгаагаа хэлээгүй болохоор өөрөө сонголтоо хийлээ. 39,000-р нь ээждээ чирнээлэн ягаан шигтгээтэй мөнгөн хослол авлаа. Эгч хүн чинь ганц дүүгээ бас орхиж боддоггүй ээ. Үлдсэнээр нь дүүдээ сагсны хослол авчихлаа. Тэр үед хөлсөө урсган байж олсон мөнгөө ээж дүү хоёртоо зориулж байж. Ээж минь тэр мөнгөн хослолыг одоо хэр нь зүүдэг❤️Миний анхны цалингийн талаарх дурсамж ийм😊Анх удаа өөрийнхөө чадлаар ээжийгээ баярлуулаад хөл газар хүрэхгүй хөөрч байсан үе хичнээн жаргалтай. Юу зориулж байгаа нь чухал биш юу байгаагаа зориулж байгаа нь чухал гэж үг байдаг байхаа. Өөрт байсан бүхэн маань, тэр үеийн маань чадал тийм байжээ. Харин одоо энгийн зүйлээр ээжийгээ баярлуулж чадах хэдий ч том зүйл бодоод л хойш нь тавиад явах юм даа.
2018/09/03 Б.Чанцалням
