Бороотой өдрийн замбараагүй бодлууд…
Мэдэрмээр☺️
20 минутын замд хоёр цаг түгжэрч өдрөө алдмаар. Цонхон дээр бөнжигнөн урсах дуслуудаар бодлоо угааж бүгдийг нь мартмаар…Болдог юм болов уу?
Шүхрээ мартчихжээ гэж бороог хууран дэггүйтэн гүймээр, хэр норохыг нь үзье гэж нимгэн цамцтай хэнэггүй алхмаар, бүх л биеэрээ бороон дуслыг мэдрэн дагжин зогсоо өөрийгөө тольдмоор… Үзэсгэлэнтэй харагдах болов уу?

Борооноос хорогдох газар хайн гүйж ширүүн бороонд нэвт цохиулмаар, тэгээд биенд минь хуурай газар үлдээгүй болохыг мэдээд дахиад гэж тэнгэрийг тохуурхан инээд алдмаар…Намайг шоолох болов уу?
Замын хажуугаар ус туучин гүйж, танихгүй жолоочоор ус цацуулмаар. Таамаглаагүй гэнэтийн тэр мэдрэмжийг авч өөрийгөө сэргээмээр…шаварт будагдсан өөрийгөө хараад уур хүрэх болов уу?


Голдоо ортол даарчихаад чинийхээ халуун энгэрт шургалах гэж яармаар. Үгүй бол бороо болон чиний дээрээс асгарч судсанд чинь лугшиж, зүрхэнд чинь нэвчмээр. Чамайг ч бас дааруулмаар…яг миний хүсэж буйг чи хүсэх болов уу?
Ирэх замыг чинь тосон шүхэр барин хүлээмээр. Чи хэр удах бол…Намайг хүлээн зогсоог мэдэж байгаа болов уу?

Тэр ирэхгүй ээ гэж итгэлээ хуураад эргэж алхмаар. Дахиад нэг удаа бүдэрмээр… Чи ч бас үүнийг хүсэж байж мэднэ.
Бодсон бодлоосоо ичиж бичсэн зүйлээ устгамаар. Дахиад хэрэггүй ээ гэж зоригоо чангалан алхмаар… хүссэн газарт минь хүргэх болов уу энэ зам!!!
Ийм хүйтэн хэрнээ зүрхэндээ халууцан алхах өдөр хэр удаан үргэлжлэх бол! Ийм хол хэрнээ сэтгэл доглуулсан учрал зам тосон хүлээх болов уу? Үгүй юм болов уу?
2018/09/05 Б.Чанцалням
