“Ямар хүн байдгийг нь илүү сайн таних гэсэн юм”

Chantsalnyam.B
Sep 1, 2018 · 3 min read

Өөрийгөө мартахаас айж байсан уу? Яг энэ мэдрэмж надад анх 3 жилийн өмнөөс төрөх болсон. Нэг төрлийн айдас гэж хэлж болно. ӨӨРИЙГӨӨ ямар охин байсныг, ямар үзэл бодолтой, юу хүсэж мөрөөддөг байснаа мартчих вий гэж... 2015 онд “Глобал удирдагч” шоун дээр ажиллаж байхдаа ахлах сургуулиа төгсөж ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүсэл мөрөөдөл дүүрэн, ирээдүйдээ итгэлтэй, том мөрөөдөлтэй багаггүй амбицтай шоуны оролцогч хүүхдүүдийг хараад “Би ч бас ийм байсан ш дээ. Тэр охин хайччихав?” гэж өөрөөсөө асуусан тэр үеэс л би өөрийгөө өөрчлөгдөж буйгаа анзаарсан. Тиймээс чамайг өөрт чинь сануулах зүйл байх ёстой гэж дотроо бодох болсон.

Тэр үеийн дурсамжаа сэргээхээр Глобалынхаа группээр орж энэ зургийг авлаа. Тэд одоо хаана юу хийж яваа бол…Хэр өөрчлөгдсөн бол..


Би хэзээнээс бичиж эхэллээ. Бодоод үзье…Анх 7-р ангид байхдаа Эх орны сэдэвтэй зохион бичлэгийн уралдаанд түрүүлж ногоон судалтай дэвтэрээр шагнуулж байлаа. Тэр дэвтэр дээр мөн ч их юм бичсэн дээ. Надад их ч хань болсон. Сэтгүүлч болох шийдвэрийг тэр үед гаргасан. Бас өөрийгөө ямар нэгэн агуу хувь тавилан хүлээж байгаа гэж мэдэрдэг байсан үе😁Өсвөр насны хүүхэд болгон ингэж боддог юм болов уу? Бас амьдралд минь том өөрчлөлт гарсан. Аав минь миний амьдралаас явсан хатуу цаг үеүд байжээ. 13 настай шилжилтийн насны охины хувьд энэ бүхнийг давж гарах тийм амар байгаагүй. Төрсөн сэтгэгдэл, бодол болгоноо тэр дэвтэртээ буулгадаг байсан. Бичээд гаргачихаар ямар сайхан уужирдаг гэж бодно. Бас бодол их цэгцэрдэг. Эрээвэр хураавар элдэв бодлууд эргэлдээд байхаар төөрч орхидог шүү дээ. Гэнэт тэр үеийн өөрийгөө эргэж харах гэсэн боловч дэвтэрээ хайгаад олсонгүй. Нэг их харамсах сэтгэгдэл төрөв. Магадгүй миний тэр үеийн зовлон шаналал бүхнийг аваад хаа нэгтээ надаас нуугдсан байх. Гэтэл би тэр дэвтэрээс өөрийгөө хурцалж байсан зорилгоо олж харах гэсэн юм. Надаас нуугдчихаж…

Тэрнээс хойш надад их олон дэвтэр байсан. Дэвтэр бүрийнхээ өмнө хийх ажлын төлөвлөгөө, шинээр сурахыг хүсч байгаа эсвэл хийхийг хүсч байгаа зүйлсээ бичнэ. Хамгийн сайхан нь бичсэн хүсэл бүхэн маань ихэнх нь биелэсэн байдаг❤️😊Энэ 2018/08/31-нд буюу хамгийн сүүлд 5 жилийн дараах амьдралаа төсөөлөн бичсэн дэвтэр..


Заа ингээд өнөөдөр намайг хэн байхыг тодорхойлсон хүүхэд насныхаа дурсамжийг хадгалсан дэвтэрээ хайтал байсангүй ээ. Зарим дурсамж надаас нуугдана. Заримыг нь БИ өөрөө нууна. Оюутан байхдаа байнга цүнхэлж явдаг байсан өдрийн тэмдэглэлээ би өөрөө шатаасан юмдаг. Тэрнээс хойш өдрийн тэмдэглэл бичээгүй. Өөртэйгээ уулзах цаг зав ч ховор болсон байх юм. Одоо нэг уузлъя байз юу бодож яваа хүн юм бол😁Ингээд бодохоор миний дотор үргэлж шуурга шуурч байдаг тийм нэг ЭМО хүн…

Өчигдөр найзтайгаа Caffe Bene-д сууж байхад нэгэн бодол төрсөн. Нэгэнт миний бичсэн зүйлс биелээд байдаг юм чинь дандаа бичиж байя.💪😊Бас дэвтэрт найдаад яахын алга болчихно. Эсвэл би шатаачихна. Тэгэхээр 60,70-н настай эмгэн /Буурал эмгэн гэж бичих гэснээ болив😁Ер нь бол ганган эмээ болно яадгийн/ болсон хойноо ч 20-иадхон настай асаж унтарсан, суралцаж томоожсон,хайрлаж дурлан эморч явсан үеэ дурсан унших хичнээн хайр бялхам байх бол гэж бодоод өөрийн бяцхан цахим ертөнцийг шинээр нээлээ☺️


Тэгээд бодож үзлээ л дээ. Ямар хэлбэрээр яаж бичих үү гэж🙄Энэ үед өөртөө дахиад нэгэн дүгнэлт хийж хатуухан зэмлээд авлаа. Чи нөгөөх л улиг болсон харагдах байдалд санаа зовж байна. Өөрийнхөө маскгүй дүрээс айгаагүй л юм бол өөртэйгээ уулз мэдрэмжээ бич🤔гэж өөртөө тушаалаа. Шударга ёс, үнэн хаана байна гэж бид хүнээс асуудаг мөртлөө өөртөө шударга хандаж, өөртөө үнэнч байж чаддаггүй шүү дээ. Тиймээс энэ өдрөөс өөртэйгөө хаяа энд болзож байя☺️Ямар хүн байдгийг нь илүү сайн таних гэсэн юм…

2018/09/01 Батбаярын Чанцалням

    Chantsalnyam.B
    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade