Амьдрал ба хичээл-1

Өдөр бүр шинэ ертөнц дунд орох боломжийг олгож амьдралын сонирхолтой аялалд явах тийз бэлэглэдэг ажилдаа би хайртай. Уулзсан хүн бүрийн амьдралын туршлагаас тасралтгүй суралцаж өөрийгөө хөгжиж байгааг мэдрэх юугаар ч орлуулж боломгүй сайхан мэдрэмж билээ.

Өнөөдрөөс эхлэн “Амьдрал ба хичээл” гэсэн цуврал бичвэр долоо хоног бүр бичиж байхаар шийдлээ. Энэ удаагийн бичвэрээр нэгэн эгэл эмэгтэйн ажилтай танилцаж явахдаа түүнээс сурсан амьдралын чухал хичээлүүдийг онцолж бичмээр санагдлаа.

Шувуун фабрик буюу ХУД 12-р хорооны иргэний танхимд

Ж.Үүрийнжин нь Шинэ суурьшил-Эрүүл аюулгүй орчин ТББ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг ба өөрийн амьдарч буй хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө байгаль орчныг сүйтгэж буй олон компани, эрх мэдэлтнүүдтэй тэмцэж чадсан дайчин эмэгтэй юм. Түүний бага наснаас эхлээд өдийг хүртэлх амьдралын түүхийг сонсож суухдаа дараах 5 “point”-ийг хамгийн сайн ойлгож өөртөө тусгаж авмаар санагдсан. Үүнд:

  • Өөрчлөлтийг өөрөөсөө: Зарим зүйлийг тэвчээд л өнгөрөх хэрэгтэй, угаасаа ийм байдаг гэдэг хандлагыг өөрөөсөө авч хаяж ямагт илүү сайн байх боломжтой гэсэн өөдрөг үзлийг өөртөө суулгах хэрэгтэй. Хандлагаа өөрчлөх нь зорилгод хүрэх хамгийн эхний бөгөөд чухал алхам юм.
  • Гол нь хүн чанартай байх: “БИ” төвт үзлээсээ салж бид, бидний хойч үеийг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэсэн асуултыг үргэлж өөртөө тавьж бүх зүйлд хүн чанартай хандах хэрэгтэй.
  • Өөрийнхөөрөө бай: Хүн бүрийн үгийг сонсохоос илүү зарим асуудал дээр өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаг байх нь ирээдүйд хэрэгтэй.
  • Асуудлаа сайн судлах: Асуудалд хандахдаа шат дараатайгаар судлах нь чухал бөгөөд тухайн хийх гэж буй зүйлийнхээ талаар илүү сайн мэдлэгийг өөртөө бий болгох хэрэгтэй.
  • Тууштай бөгөөд эерэг бай: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт янз бүрийн бэрхшээл тулгардаг болохоор тэр бүгдэд яагаад би энэ ажлыг хийхээр болсон билээ гэдгээ үргэлж санаж, аливаа зүйлсийг ямагт эерэгээр харж сурах цаашид амьдралд хэрэг болох чухал чадвар юм.