Өнөөдөр
Өчигдөр маргааш хоёр өчүүхэн ч амрах завдалгүйгээр бидний анхаарлыг татахыг хиччээдэг. Өчигдөр нь бидний урьдны шийдвэрийг дахин бодогдуулж, зөв зүйл хийсэн эсэхдээ санаа зовоход хүргэдэг. Харин энэ бидний хувьд амьдралын эрч хүчээ дэмий үрж байгаа хэрэг юм. “Хийж чадах бүхнээ хийсэн бол санаа бүү зов. Санаа зовсноор юуг ч өөрчилж чадахгүй” гэж ерөнхийлөгч Харри Труман хэлсэн байдаг. Ирээдүй ч мөн адил одоо бидний ашиглаж болох боломжоо харж чадахааргүй болгодог. Тэргүүн хатагтай байсан Барбара Бүш ирээдүйг галт тэрэгний аялалтай зүйрлүүлж хэлсэн байдаг.

Бид төрөнгүүтээ амьдрал хэмээх галт тэргэнд суудаг. Галт тэргэнд суусны дараа бид асар том тивийг туулж гарахыг хүсдэг. Учир нь асар том тэр тивийн хаа нэгтээ бидний хүрэх ёстой эцсийн буудал байдаг гэж итгэдэг. Бид галт тэрэгний цонхоор гадагш харан хөдөөний нам гүн тосгоны хажуугаар өнгөрдөг. Тэнд өргөн уудам тал үр тарианы агуулах, хөндлөн гарц, бас дүүрэн хүн чихсэн автобус харагддаг. Дараа нь том хот, үйлдвэрүүдийн хажуугаар өнгөрдөг. Бидэнд хүрч очих ёстой газар байгаа гэж боддог учраас бид юунд ч анхаарал хандуулдаггүй. Эцсийн буудал дээр сүр жавхлант хөгжим эгшиглэж, өнгө өнгийн туг далбаа биднийг угтана гэж боддог. Эцсийн буудалд хүрчихвэл бидний амьдралын зорилго биеллээ гэж боддог. Галт тэргэн дотор байхдаа ч бусад зорчигчтой нөхөрлөдөггүй. Цагаа харан эцсийн буудалд хурдан хүрэхсэн гэж яардаг.
Гэтэл бидний найдаж байсан эцсийн буудал амьдралын турш зогсолтгүй өөрчлөгдсөөр байдаг. Арван наймтай байхад ахлах сургууль төгсөх нь эцсийн буудал байсан. Дараа нь анх удаа тушаал дэвших, түүний дараа хүүхдүүдээ сургууль төгсгөх нь эцсийн буудал болдог. Тэгснээ тэтгэвэрт гарах, өтөл насны амьдралд бэлтгэх нь эцсийн буудал болж хувирдаг. Ихэнх хүн өөрийн бодож байснаас өөр буудалд хүрч очдог. Тэр нь төсөөлж байснаас илүү гоё эсвэл муухай байж болох ч хамгийн баттай үнэн бол хүн бүрийн эцсийн буупал өөр өөр байдаг. Тийм болохоор эцсийн буудалд хэт улайрч амьдрах нь сайн биш. Тиймээс маргааш бидэнд ирэх үгүй нь тодорхойгүй. Баталгаатай зүйл нэг ч байхгүй. Үнэндээ бол хүний амьдралын баяр хөөр болон зорилтонд эцсийн буудал гэж огт байдаггүй. Амьдралын баяр баясал нь амьдрал хэмээх аялалд байдаг. Амьдралын аялал тэр чигтээ баяр баясал юм. Тийм болохоор ном уншиж зайрмаг ид. Хөл нүцгэн алхаж хүүхдүүдийг тэвэр. Загасчил, инээ.
Хүн өөрийнхөө чадлыг харуулах боломжтой цорын ганц талбар бол өнөөдөр.
