Self Challenge- Өглөөний хүн

Өглөөний хүн болох 100 өдөр чалленжэд нэгдсэнээс хойш 70 гаруй өдөр өнгөрчээ. Энэ хугацаанд өөрийнхөө ажигласан болон сурсан зүйлээ бичээрэй гэсэн найзуудынхаа хүсэлтийн дагуу жижигхэн зөвлөмж бичихээр шийдлээ.

  1. Өөрийгөө ялах хамгийн эхний алхам бол ЭХЛЭХ: Маргааш гэж хойшлуулах бүрт боломж нэгээр багасдаг. Боломжтой үеийг хүлээх нь хэзээ ч эхлэхгүй гэдэгтэй утга нэг учраас хамгийн түрүүнд зориг гарган эхлэх хэрэгтэй.
  2. Найзуудтайгаа ХУВААЛЦАХ: Өөртөө үнэнч байхаас эхлээд бусдыг уриалан дуудах хамгийн үр дүнтэй арга. Өөрийнхөө фэйсбүүк дээр болон найзуудынхаа групп дээр өглөө боссон цагаа хэд дэхь өдөртөө явж байгаагаа тэмдэглэж болно. /Намайг өглөөний хүн болсоноос хойш миний 4,5 найзууд энэ чалленжийг эхлүүлсэн/. Фэйсбүүк хүрээллийн найзууд тань шууд хяналт тавих учраас өөрийгөө хуурах, оройтох эрхгүй болдог нь давуу тал.
  3. Өглөөний ажлаа ТӨЛӨВЛӨХ: Өглөөний цагаас бусад бүх цаг бусдынх гэдэг үг бий. Тийм болохоор өглөөний цагаа өөртөө ашигтайгаар төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд Монгол бичиг, Герман хэлний хичээлийг өглөө давтдаг. Саад болох зүйлс харьцангуй бага учраас анхаарал төвлөрч удаан суух хамгийн тохиромжтой хугацаа.
  4. Өөрийн биеийг ДАСГАХ хамгийн чухал: Аливаа зүйл дасан зохицоход тодорхой хугацаа хэрэгтэй. Өөрийн босдог цагийг 30 минутаар урагшлуулан эхний 10 хоног дараа нь дахин 30 минут гэх мэт байдлаар өөрийнхөө биеийг аажмаар дасгах нь хамгийн зөв. /Дийлэнхи эртэч хүмүүс 4:30–5:30 хооронд сэрдэг/
  5. Өөртөө гарч буй олон өөрчлөлтийг МЭДЭРНЭ
  6. Орой эрт унтах нь ямар чухал болохыг ОЙЛГОНО: Өглөөний хүн болохоор шийдсэн гээд цөөхөн цаг унтаж хэзээ ч болохгүй. Учир нь хүн нойрны дутагдалд орсоноор сэтгэх чадвар болон бүтээлч байдлаа 30 хувиар алддаг. Иймээс орой тогтмол цагт унтаж хэвших нь бие махбодь болон оюун санаа, бүтээлч чадварт хамгийн ихээр нөлөөлдөг./Биологийн цагийн хувьд 22:00 цагт унтаж хэвших нь эрүүл байхын үндэс гэж үздэг./
  7. Өдрийн турш сэргэг, эрч ХҮЧТЭЙ байна: Зарим хүмүүс өглөө эрт босохоор ядрах магадлал их, үдээс хойш бүтээмжгүй болдог гэх мэт зүйлс ярьдаг. Судалгаагаар хэвийн хэмжээнээс олон цаг унтдаг хүмүүс тогтмол цагт унтдаг эртэч хүмүүсээс ажлын бүтээмж муутай болохыг тогтоосон байдаг.
  8. Амжилттай яваа хүмүүс бүгд эртэч ХҮМҮҮС байдаг: Бидний үлгэр дууриалал авдаг хүмүүсийн амьдралын нийтлэг хэвшлийг харахад бараг 90 хувь нь өглөө эрт босдог хэвшилтэй хүмүүс байдаг. /Судлаад уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна/

Өглөөний хүн болохоор шийдсэн танд амжилт хүсье.

Эрт босдог хүнийг бурхан үргэлж шагнадаг :)
Show your support

Clapping shows how much you appreciated Chimeg B’s story.