Хэрхэн аюулаас сэргийлэх вэ?

Chinbaa Chin
Jan 14 · 4 min read

Ажил дээр гарсан асуудлыг шийдэх гэж их л толгой гашилган хуралдсан өдрийн орой гэртээ иртэл бага охин маань гараа хугалсан байлаа. Ажил дээрх алдаа, охин маань гараа хугалсан 2 миний хувьд шалтгаан нь ижил санагдсан юм. Ер нь яавал аюулаас аль болох зайлсхийх юм болоо? Япон улсын муугүй их сургуульд ослын менежмэнтийн талаар номын дуу сонсч явсан хүний хувьд, мөн хувийн бодлоо хачирлаад надад тохиолдсон хэдэн асуудлаар жишээ хийн энэ талаар бичиж үзье. Өөр хэн нэгэнд тохиолдох золгүй явдлыг багасгаж чадвал болох нь тэр.

Юуны өмнө осол аваар гэдэг зүйлийн тодорхойлолтоос эхлэх ёстой байх. Интернэтээр хайвал есөн шидийн тодорхойлолт байж магад ч миний хувьд, чиний удирдлагагүйгээр болж өнгөрсөн чамд муу нөлөөтэй бүх зүйлс осол юм. Бид энэ осол гарахаас сэргийлж чадах уу? Хариулт бол “Чадахгүй”. Бид зүгээр л тэр осол гарах магадлалыг багасгах боломжтой. Тэгвэл яаж?

Хайнрихийн хууль гэж байдаг. Энэ нь зурагт үзүүлсэн шиг нэг том ослын ард 29 жижиг осол, түүний ард 300 пал хийлгэсэн хэрнээ азаар зүгээр өнгөрсөн тохиолдлууд байдаг гэсэн утгатай. Өөрөөр хэлвэл энэ том осол бол гэнтийн зүйл бишээ гэсэн үг. Пал хийсэн тэр зүйл чинь нэг л өдөр жижиг осол болно. Жижиг ослууд чинь нэг л өдөр том осолд хүргэнэ гэсэн санаа. Гэхдээ дахин өөрөөр бодвол пал хийлгэсэн асуудал цөөтэй байвал жижиг осол цөөтэй, жижиг осол цөөтэй байвал том осол цөөтэй байх юм бишүү? Таны зүгээр өдөр тутмын эмх цэгцгүй байдал, таны гүндүүгүй зан, зүгээр л ширээн дээрээс үзгээ унагаж байгаа чинь, зүгээр л санаандгүй өндөг унагаж хагалж буй чинь, зүгээр л гутлаа зэрэгцүүлээд тавьж чадахгүй байгаа чинь ирээдүйд таны аминд хүрэх юм. С.Зориг агсан “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн бол миний хувьд “Би Монгол хүний гүндүүгүй занд дургүй”.

Харин нэгэнт гарсан алдаанд бид яаж хандах ёстой юм болоо? Зүгээр алдаа гаргасан хүнийг ажлаас нь халаад өнгөрөх бол шийдэл биш. Дахиад хэн ч наад алдааг чинь гаргах боломжтой байвал хувь хүнд бурууг өгөх нь утгагүй. Хүний алдаанаас болоод онгоцыг пуужингаар харваад 176 хүн алж болж байна. Тэгэхээр хүн алдаа гаргадаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, түүнд бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ хувь хүн хянуур байх бол тусдаа асуудал.

Тэгэхээр өнгөрсөн юмыг буцаах боломжгүй гэдэгтэй эвлэрээд тухайн фактыг боломж болгон ашиглах ёстой. Ингэхийн тулд

  1. Бүтцээр нь шийдэх
  2. Өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх

гэсэн 2 зүйлийг хийх хэрэгтэй. Жишээ нь цонхны тавцан дээрээс унаад гараа хугалсан хүүхдийн жишээг авъя. Нэгдүгээрт, цонхруу авирах боломжгүй наагуур нь тор татах ч юмуу, бүр цонхоо битүүлээд тоосго өрөх гэх мэт нь бол бүтцээр нь шийдэж байгаа хэрэг. Хоёрдугаарт, цонхруу авираад байгаа хүүхдүүдэд аюултай гэдгийг ойлгуулах гэж оролдох эсвэл бяцхаан шийтгэх нь өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж буй нэг арга юм.

Алдааг боломж болгон харж, алдаан дээрээ суралцан, алдаа гарахаас өмнөхөөс ч илүү сайн нөхцөлд аваачъя гэдэг сэдэлтэй байх их чухал. Ингэхийн тулд тухайн алдааны гарсан шалтгааныг маш сайн судлах хэрэгтэй. Fishbone Diagram-ийг үүнд ашиглаж болно. Тухайн асуудал гарсан шалтгаануудыг хүний нөлөө, машин механизмын нөлөө, байгалийн хүчин зүйл гэх мэт хэд хэдэн бүлэгт хуваан цувуулан бичээд бүхий л шалтгаануудыг хайх хэрэгтэй. Ингэхдээ тухайн зүйл нь үнэхээр шалтгаан мөнүү бишүү гэдэгт эргэлзвэл, бусад бүх зүйл асуудалгүй байгаад зөвхөн энэ зүйлээс болж тухайн алдаа гарах боломжтой байсан уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингээд шалтгаануудыг олж тогтоовол тухайн шалтгаан бүрт нь тохирох шийдлийг хайж олж болох юм. Гэхдээ нэг өдөр л бүх асуудлыг шийдэж чадахгүй, нэг дор супер шийдэл олдоно гэж байхгүй. Иймээс бид PDCA cycle-г ашиглах хэрэгтэй.

PDCA гэдэг нь Plan, Do, Check, Act гэсэн 4 зүйлийг давтан давтан хийснээр сайжруулалтыг бодит болгох арга юм. Нэг дор бүх сайхан зүйлийг хийх боломжгүй тул эхлээд, эхний долоо хоногт хийх юмаа төлөвлөнө (Plan), дараа нь төлөвлөсөн зүйлээ хийж биелүүлнэ (Do), биелүүлсний дараа төлөвлөгөө ёсоор сайжирсан байна уу хянана (Check), хяналтын үр дүнгээс дахин нэмэлт шийдвэр төлөвлөгөө гаргахуу бодно (Act). Дээрх 4-г үлдсэн бүх хугацаандаа давтан хийсээр л байна. Энд нэг чухал зүйл байгаа. Бид ихэнхдээ хуралдаад Plan болон Check л хийчихдэг. Do болон Act гэсэн үйлдэл хэрэгтэй хэсгээ хаячих гээд байдаг. Нээх гоё санаа гаргаад гүйцэлдүүлээгүй тохиолдол зөндөө л биздээ танд? Тэгэхээр Do болон Act хийж чадаж байгаа юу гэдгээ анхаарах хэрэгтэй бөгөөд байгууллагын хувьд хэн нэг ажилтан нь бүрэн дааж аваад хариуцах хэрэгтэй. Бүгдээрээ хичээе гэдэг бол хамгийн худлаа зүйл шүү.

Эцэст нь хэлэхэд аз гэж байдаггүй бөгөөд зөвхөн магадлал л гэж бий. Өнөөдөр чиний азаар аятайхан өнгөрсөн чинь, хэрвээ арга барилаа өөрчлөхгүй л бол чиний ирээдүйд болох ослын магадлалыг чинь л өсгөж байгаа хэрэг. Гэхдээ ухамсраа өөрчилвөл бидэнд боломж бий. Гэвч дахин хэлье бид ослоос хэзээч зайлсхийж чадахгүй.

More From Medium

Related reads

Related reads

Related reads

Are You Happy?

198

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade