Baidu компанийн Chief Scientist, Стэнфордын их сургуулийн профессор Andrew Ng -ийн зарим нэг ярилцлагуудаас сонирхуулахад:

1. Өөрөө өөрийгөө жолооддог автомашин хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ?

Andrew Ng: "Миний бодлоор ирэх 3 жилийн дотор нэлээд олон тооны өөрийгөө жолооддог автомашин (self-driving car) замаар зорчдог болсон байх ба 5 жилийн дотор олон тоогоор үйлдвэрлэж эхлэнэ. (Миний энэ таамаглалыг календартаа тэмдэглэж аваад 3 юмуу 5 жилийн дараа эргээд шалгаарай)
… Автомат жолоодлогод тулгараад буй хамгийн том бэрхшээл нь 10,000 эсвэл 100,000 мил тутамд ганц л удаа тохиолдож болох тэр сонин тохиолдол бүрийг тооцож, шийдвэрлэх явдал юм. Машин сургалт (Machine learning) -ыг ашиглаад 90% -аас магадгүй 99.9% -ийн нарийвчлалтай алдаагүй систем бүтээж болно, гэхдээ 99.9% -аас 99.9999% -д хүргэх хэмжээнд сайн боловсроогүй байна. Арай өөр зорилго тавиад ажиллавал илүү бодитой үр дүнд хүрэх боломжтой гэж би бодож байна: Жишээ нь зөвхөн нэг шугамд эсвэл жижиг бүс газар явдаг автобус бүтээх. Хэрвээ бид замын гадаргуу, эгнээ хоорондын зураасан тэмдэглэгээг сайн тордож байлгаж чадвал бүрэн аюулгүй өөрөө өөрийгөө жолооддог автобус бүтээхэд тун ойрхон байна. Энэ үр дүн дээрээ суурилаад чиглэлүүд нэмэх эсвэл хамрах бүс нутгаа аажим аажмаар томруулах зэргээр аюулгүй байдлыг хангаж ажиллах боломжтой. Baidu компани яг энэ аргыг замыг сонгон ажиллаж байна; Бусад багууд ч энэхүү аргыг барьж ажиллаасай гэж хүсч байна…."

2. Хиймэл оюун хурдацтай хөгжиж, хүний хийдэг маш олон ажлуудыг роботууд хийж чаддаг болж эхэллээ. Хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, ажил мэргэжилд нь санаа зовинож буй эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ?

Andrew Ng: "Хиймэл оюун хөгжсөнөөр олон тооны ажлын байр устана, гэхдээ бас бидний өнөөдөр төсөөлж чадахгүй олон ажлын байрийг шинээр бий болгоно. Хөгжил өдөр өдрөөр хурдацтай өөрчлөгдөж байгаа үед ирээдүйд ямар ажлыг робот хийж, ямар ажлыг хүн хийхийг өнөөдөр хэлэх боломжгүй. Иймд эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүүхдүүддээ аливаа зүйлийг “сурах чадвар”-ыг эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулаарай гэж зөвлөх байна. Өнөөдрөөс хурдтай өөрчлөгдөх ирээдүйд хүүхэд чинь өөрчлөлтөд дасан зохицож, шинэ зүйлийг хурдан суралцдаг байвал тогтмол ажилтай байж чадна."

3. Хиймэл оюун нь хүн төрөлхтөнд учирч буй бодитой аюул мөн мүү?

Andrew Ng: "Супер оюун ухаантай, чөтгөр шиг хиймэл оюуны талаар өнөөдөр санаа зовох нь Ангараг гариг дээр хүн амын хэт бөөгнөрөл үүсэх талаар өнөөдөр санаа зовохтой ижил зүйл юм. Бид Ангараг гариг дээр өөрсдөө буугаа ч үгүй байгаа шүү дээ.

Хиймэл оюун гайхалтай сайжирсан бөгөөд машиний оюун ухаантай бүх талаар нэгтгэсэн илүү сайн нийгмийг бүтээх тал дээр ч маш их боломж байгаа гэж би үздэг. Гэхдээ өнөөдрийн хиймэл оюун үнэхээр хязгаарлагдмал байна. Гүн сургалт (deep learning) -ын эдийн засаг эсвэл нийгэмд өгсөн үр өгөөжийг шинжвэл зөвхөн тохиромжтой хэлбэрт хувиргасан өгөгдлийн хэмжээгээр хязгаарлагддаг удирдлагатай сургалт (supervised learning) -аар бүтсэн байдаг. Хиймэл оюун хэдэн зуун сая хүмүүст үр өгөөжөө өгөөд байгаа ба цаашид ч зуу зуун сая хүнд тусаа хүргэх бөгөөд хиймэл оюуныг хүн төрөлхтөнд бодитойгоор аюул занал учруулах боломжгүй гэж би бодож байна."

4. Багш хүний хувьд та оюутнуудад юуг зөвлөх вэ?

Andrew Ng: “Юунд цагаа зарцуулах вэ гэдгээ шийдэхдээ би та бүхнийг 2 зүйлийг бодож үзэхийг зөвлөж байна:

1. Хийж байгаа зүйл чинь дэлхийг өөрчилж чадах уу

2. Хэр их зүйлийг сурах вэ

Өнөөдөр хүртэл би дээрх маягаар цагаа хэрхэн өнгөрүүлэхээ шийддэг.

Өнөөдрийн нийгэмд хувь хүн дэлхийг өөрчлөх боломжтой болж байна. Тоон технологи, орчин үеийн харилцаа холбоогоор дамжин шинэ санаа, бүтээгдэхүүн өмнө байснаас ч илүү хурдан тархаж чадаж байна. Зөв санаа болон сайн гүйцэтгэлтэй байхад л манай гариг дээр байгаа бусад олон хүнд хэн ч өөрийн тусаа хүргэх боломжтой болжээ.

Тиймээс өөрөөсөө асуугаарай: Одоо хийж байгаа зүйл чинь чиний мөрөөдсөнөөс ч илүү их амжилтад хүрлээ гэж төсөөлөхөд бусад хүмүүст үлэмж тус хүргэсэн байх болов уу? Үгүй бол өөр зүйл олж хийх эрэлдээ гарах хэрэгтэй буюу чи өөрийнхөө боломж бололцоог бүрэн ашиглаж амьдрахгүй байна гэсэн үг. ...

… Би "залуу хүн" гэдгийг 100-аас доош насны хүн гэж томъёолдог.

Сурсан бүх зүйл чинь ирэх арван жилүүдэд өгөөжөө өгсөөр л байх болно. Гэхдээ сурах тийм амар биш. Сургууль төгссөнөөс хойш суралцахад цаг зарцуулахад өнөө маргаашдаа гарах үр өгөөж бага байдаг. Байнга шалгаж дүн өгөх эсвэл үргэлжлүүлээд сураад бай гэж урам зориг өгөх багшгүй байдаг. Гэхдээ өөртөө урам зориг өгч, тогтмол ном уншиж, олон санааг ургуулан бодож, суралцаж, үлгэр жишээ авах хүмүүстэй тогтмол ярилцсанаар хэдэн жилийн дараа гэхэд чи судалж буй салбартаа үнэхээр авъяастай нэгэн болсон байх болно. ,

… Сурах үйл явц чинь ямар зүйлийг хийж бүтээхээ сонгоход чинь тус болно. Бусад хүмүүс дэлхийг хэрхэн өөрчилж буй жишээг харах тусам чи хэрхэн дэлхийг өөрчилж болох тухай олон санаа урган гарах болно.

Нэгтгээд хэлэхэд: Сурахдаа цагаа зарцууларай, хэцүү үед ч гэсэн. Тэгээд хүн бүрт, нийгэмд хэрхэн өөрийн тусаа хүргэх арга замыг тасралтгүй хайгаарай."