Мотоциклын аялал — аян замын тэмдэглэл

Мотор цангинсан Мото аялал
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас мотоциклын аялал эхлэн Баян-Өлгий аймгийн Өлгий хот орох учиртай. Төлөвлөгөө ёсоор бол Улаанбаатар хотоос Урал мотоцикл буюу манайхны шаахай хэмээгддэг гурван дугуйтаар явах байсан ч тодорхой шалтгааны улмаас бүтэмжгүй болж, Гурвантэс сумаас дундаа нэг хятад мотоциклтой сундлан гараагаа эхэлж билээ. Өнөөдөр 5-р сарын 3-ний өдөр ба аяллын эхний маршрут болох Хэрмэн цавын зүг хөдөллөө. Үүнээс хойших тэмдэглэлийг хүргэхээс өмнө нэгэн үйл хэргийг тодруулан айлтгая. Хотоос ирэх мотоцикл маань бүтэхгүй болж арга хайн явах зуур тус сумын Тэмээн холбооны тэргүүн Пэрэнлээ ах өөрийнхөө хуучин мотоциклоо 450.000 төгрөгөөр худалдан авах боломжийг олгосон юм.

Мөн Мэндбаяр ах мотоциклын запас олгой болон бусад туслах хэрэгслүүдийг хувийн зүгээс авч өгч дэмжсэн билээ. Ийнхүү мотоциклтой болсон хоёр ганзагандаа 5 литр устай, 1,5 литрийн ундаатай, шатахуунаар банкаа дүүргээд илүү 5 литр шатахуунтай замдаа гарлаа. Бас хэрэгтэй майхан мешок, гал тогоо тэргүүтэй багагүй ачааг ардаа даруулан явсныг мөн тодотгоё. Өмнө нь ингэж явж үзээгүй ч бид хоёрт өөрсдөдөө найдан өмнийн говиос аяллаа эхлүүлсэн юм. Энэ удаагийн мотоциклын хамтрагчаар нэг сургуулийг нэг мэргэжлээр хоёр өөр онд төгссөн найзууд хамтран зүтгэхээр болсон юм. Хамтрагчийг минь Болдбаатарын Энхбаатар гэх ба техникт дөртэй нэгэн билээ.

Төсөөлж байснаас илүү хүнд зам биднийг хүлээж байжээ. Сумын төвөөс 40 орчим км давхиад зах хязгаар нь хэзээ дуусахыг үл мэдэх элсэрхэг хөрсөн дээгүүр эргүүлж шарвуулан туулж гарлаа. Энэ өдөр элсэнд барьж чадахгүй 20 удаа лав мотоциклтойгоо шарваж унасан юм. Унах тоолонд банкнаас маань бага хэмжээгээр шатахуун гоожиж байлаа. Сүүлдээ өнөөх элсэндээ түүртэж, уур бухимдал хүртэл төрөөд, гарч өгөхгүй байхад, салхи дэгдэн явган шуурга шавхуурдаж байсан юм. Ямартай ч эргэж буцах замгүй бид хоёр зүтгүүлэхээс өөр аргагүй. Нэг удаа бүр каскныхаа нүүрний хамгаалалтыг хагартал мотоциклоосоо нисэж үзлээ. Элстэй учраас зөөлөн газардана. Зарим элстэй газар би буугаад алхчихдаг болж сүүлдээ бүр сурчихсан элс харагдвал хэзээний үсрээд буучихдаг сургуультай амьтан шиг болчихсон байлаа. Үдийн цайгаа ч уухаа умартан үлгэн салган явсаар сумын төвөөс 150 км-т орших Хэрмэн цавд дөхөж ирлээ. Замд хоёр starex машинтай япон жуулчин авч яваа монгол хүмүүс таарч биднийг хараад, аль уурхайн хамгаалагчид вэ гэдэг байгаа. Тэгж харах нь аргагүй ч байж болох юм, хоёулаа ногоон эрээн десант хувцсаар жигдэрчихсэн, зүрхэн талдаа төрийнхөө далбаагаа хадчихсан хар малгай өмсчихсөн болохоор ингэж асуух нь аргагүй юм.
Газар үзэж аялал хийж явна аа гэхэд ийм мотоциклтой, ийм ачаатай, ийм газар тэгээд дундаа нэг унаатай гэж ирээд л толгой сэгсэрч билээ. Бидний явах замыг зааж өгөөд машинтай хүмүүс ч мөрөө хөөлөө. Хоёул тэндээ хэсэг амраад дуу шуу муутайхан ачааны дээр байгаа боорцгоос атгаж аваад салхи уруу харан зогсож идэцгээлээ. Уснаасаа бага багахан шиг уугаад эргүүлэн даруулах гэтэл өнөөх 1,5 литрийн ундаа маань хэдийн гээгджээ. Каскныхаа нүүрний шилийг хагартал ниссэн тэр газар алдуурч шидэгдсэн нь тодорхой боллоо.
Голын сайр даган өнөөх машинуудын явсан мөр бараадаад өдрийн 15 цагийн үед үзэхийг хүссэн түүхэн домогт Хэрмэн цавд ийнхүү ирэв. Хэрмэн цавын тогтцын хувьд авч үзвэл олон зуун сая жилийн салхи шуурга, төмөрлөгийн эриний тэнгис далайн усны элэгдлээр үүссэн гэдэг. 250 км2 талбайг хамарсан 100–200 метрийн өндөр 10 км үргэлжлэх томоохон тогтоц бүхий газар юм. Тус газраас хааш хаашаа 70 км дотор айл үгүй учраас аяллаар яваа баг хамт олон, хувь хүн бэлтгэлээ сайн базааж явбал зохино. Хэрмэн цавыг ихэнх судлаачид Сөнөсөн тэнгисийн ёроол, өөр ертөнц, эртний тэнгисийн ёроол гэх мэтээр дурдсан байдаг. 1965 онд Хэрмэн цаваас холгүйхэн орших Алтан уулын өврөөс 78 сая жилийн тэртээд амьдарч байсан махан идэшт үлэг гүрвэлийн дэлхийд хамгийн томд тооцогдох цорын ганц олдвор олдсон нь Хэрмэн цавыг олны танил болгосон юм. Үлэг гүрвэлийн олдворуудаараа алдартай тус газрын олдвор бүтнээрээ олддогоороо онцлогтой. Салхи шуурга ихтэй, очих зам хүнд, зуны улиралд нэмэх 50 градус давж халах тохиолдол байдаг учраас Хэрмэн цавыг “үхлийн цав” гэж хочилдог. Энэ нь аялагч таныг зорин очихдоо унаа тэрэгний бүрэн бүтэн байдал, хоол хүнс, цэвэр усны нөөц холбоо харилцаагаа сайн бэлтгээрэй гэсэн сануулгыг дахин дахин өгч байгаа хэрэг юм шүү. Салхитай өдөр байсан учраас сайхан зураг авах битгий хэл тухтай ч үзэж чадсангүй. За ямар ч байсан ирсэн шүү гээд гар гараа цохилцон ирсэн замаараа эргээд 30 гаран км явав. Энэ удаад салхи уруу байсан учраас ирснээ бодвол түргэн уруудах шиг. Гэхдээ л хэд хэд шарваж мотоциклоо унагаад авалгүй яахав дээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг руу орохоор хуучин замын ором даган огцом баруун хойш эргэн давхилаа. Давхилаа гэдэг үг сайхан зохих ч энэ удаад гэлдэрлээ гэвэл илүү тохиромжтой бололтой. Хэрмэн цав явснаас илүү сул элстэй, хайрга ихтэй хөрс зөөлөн юм. Явган шуурга өөдөөс ширүүс ч бид хоёрын мотоциклын аялал унаж босоод удаан явдаг шинэ төрлийн аялал болж хувирлаа. Шинэжинст сумын зүг чиглэсэнээс хойш би бараг суугаагүй алхаж явсан гэхэд болно. Энхбаатар маань надтай энэ зэрэгцэн явж байсныг ухаарч ойлговол мотоциклын аялал маань хэр хурдтай урагшилж байсныг эндээс ойлгож болох юм.
Эхний өдөр бид хоёрыг ёстой том сорилго хүлээж байжээ. Орой харанхуй болох дөхсөн учраас томоохон бутны дэргэд салхитай тэмцэлдэн байж майхнаа босгоод орлоо. Хүзүү нүүрээ илэхэд тоос шороо болжээ. Гар нүүрээ угаачихмаар байгаа ч усаа хэмнэхгүй бол хэзээ төв суурин, худаг, айл бараадахыг хэлж мэдэхгүй учраас гаазан плитка дээрээ ганц ганц аяга шөлтэй хоол хийж идээд бухимдалтай биеэ бушуухан шиг амраав. Явсан зайгаа харвал 181 км-ыг зааж байна. Шөнө салхи ширүүсч майхан сэвэлзээд тав тух алдагдуулж байсан ч сайн майхны буянд сайхан амарсан даа.

Маргаашийн шар нар шаргал элсэн дээр хэдийн халуун төөнөлт өгчээ. Энэ үед хоёул босоод жаахан ус ууцгаан боорцгоо өглөөний унд болгоод замаа үргэлжлүүлэв. Энэ өдөр салхигүй сайхан цэлмэг байлаа. Маршрут ёсоор бол Зуун мод Зулганай гэдэг газрыг үзэх учиртай. Газрын зураг дээр бол явах замын минь хажууханд тэмдэглэгджээ. Гэсэн ч урдах замаа яаж туулах тухай тэмцэлд түүнийг ч анзаарсангүй өнгөрөөсөн бололтой. За тэр үзэх зүйл ч дүүрч өнөөдөр айлын бараа харж замаа асуух минь гэсэн бодолтой л байлаа. Салхигүй л болохоос биш өчигдрийн замтай адил бартаа өнөөдөр бас үргэлжилнэ. Ээлж ээлжээр унаагаа барьж ээлж ээлжээр бууж алхана. Заримдаа хэсэгхэн газар хатуу хөрстэй байх ба түүн дээр нь харин ч сайхан давхина шүү дээ. Гэхдээ удахгүй эргээд өнөөх элстэйгээ золгоно.
Ус маань бараг 2 литр шахуу үлджээ. Бага багаар уугаад байгаа хэрнээ байгаагаасаа өөрөө багасаад ч байгаа юм шиг. Үдэд хоол хийсэнгүй байгаа зүйлээрээ болгоод үргэлжлүүлэн явсаар байлаа. Орой харанхуй болох үед хайргатай замд нийлэв. Өдөржингөө мунгинасан бид хоёр шөнөөр нэлээн давхилаа. Банкаа шалгах нээ шатахуун их доошилсон бололтой. Хятад мотоциклын ганц давуу тал нь бага идэштэй болохоор санхүү хямралтай яваа бидэнд тохирсон унаа болж байлаа. 200 мотортой Хайрхан хэмээх унаа маань чамлахааргүй хүчтэй бөлгөө. Тэгж их унаж босоход гэмтэл ерөөсөө гараагүй, гэм нь жаахан шарваад унах юм. Мотоциклын буруу гэж юу байхав элсэнд барьж сураагүй бидний буруу болой. Оройн 22 цагийн үед элстэй учирч бууж алхдагаараа алхлаа. Манай хүн хоёр хөлөө унжуулсаар элсэн дотор зүтгүүлсээр нэлээд урд гараад явчихна. Араас нь би улаан гэрлийг нь харж үлдэнэ. Харанхуй шөнө энд тэнд үзэгдэх говийн хэдэн модны хэлбэр дүрс хэн нэгэн юм шиг сүрдүүлж сүр үзүүлнэ. Өндөр өндөр бутнууд өөрийн эрхгүй айдас төрүүлнэ. Арагшаа эргэж хармаар ч юм шиг, нүднийхээ булангаар хоёр талаа хараад хурдан хурдан алхах гэх мэтээр үе үе этгээд бодол төрнө гээч. Энэ орой нэлээн явж шөнийн 23 цаг өнгөрөх үед хувь тавилантайгаа эвлэрч маргааш болохоос өмнө амрахаар шийдлээ. Замын хажууд майхнаа босгож үлдсэн уснаасаа уухад бид хоёрт 300 грам хэртэй ус үлджээ. Маргаашийн ус маань тэр болно. Энэ өдөр ядарсан ч ядраагүй юм шиг хоёулаа нэг нэгнийхээ сэтгэлийг өргөн зовох цаг байхад жаргах цаг ирнэ гэх ухааны юм яриад амарлаа.

Говийн ээлжит нар гозойгоод мандаад ирлээ. Амандаа балга ус балгаад аян замаа үргэлжлүүллээ. Тэнгэр хөх цэнхэр өнгөтэй ч тэнгэрийн хаяа үүл ихтэй байсан нь үдээс хойшдоо тэнгэр эвгүйтэж мэдэхээр шинжтэй. Өмнөх өдрүүдийн адил өнөөх элс бас мэр сэр их байна. Тойроод гарах боломжгүй түүнийг зүсээд гарахаас өөр замгүй. Хоёр цаг хэртээ бууж сууж, унаж босож явсны эцэст сайхан зам торойн тосов. Нулимс гарахын наагуур юм болж хэсэг амраад ёстой л нөгөө салхи сэвэлзүүлэн давхих гэдгийг үзүүлж өглөө. Энэ үед л мото аяллын хурд, гайхамшгийг мэдрэх шиг. Мэргэжлийн уралдааны мото биш учраас 50–60 км цагийн хурдаар давхих ч бид хоёртоо бол маш хурдан үнэхээр гоё мэдрэмж өгнө. Өмнөх хоёр өдөрт ингэж удаан хугацаагаар тааваараа давхиагүй учраас бүүр сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Сайхан уулсын дундуур давхиж явахад айл байсан хуучин бууцууд их таарна. Өвөлжөө нь энэ юм бол нээх холгүй айлууд байх ёстой гээд үлдсэн жаахан усаа хувааж залгиад нөөцийн шатахуунаа хүртэл банкандаа хийж унаагаа баярлуулаад, гурван баяртай юм л Шинэжинстийн зүг давхилаа. Нэлээд явсны эцэст уулын хяр дээр нэг айл байхыг үзээд шууд давхиад орлоо доо. Баатар гэх ах гэр бүлийн хамт аж төрөн амьдран суудаг ажээ. Цэв хүйтэн цай хоёр хоёр аягыг уугаад сая нэг сэхээ орох аятай өөрсдийгөө танилцуулж хэрэг зоригоо хуваалцав. Энэ үед гэрийн эзэгтэй борц нүдэж хоол хийж өглөө. Өмнө орой усны гачигдлаас болж хоол идээгүй бид хоёр ходоодоо ингэж нэг баярлуулах хувь тохиов. Гадаа гарч малын хороотой нь танилцахад ах хүү нэг чоно авлачихсан байна. Амьд үхсэн нь хамаагүй чоно харвал хийморьтой яваагийн шинж гээд хөөрөлдөв.
Сайхан гэр бүлээр зочлоод ойр хавийн уул усны тухай яриа багагүй сонслоо. Сумын төв эндээс 20 гаруй км зайд бий бололтой. Эдгээр айлууд гар утас гэж байхгүй станцаар бие биетэйгээ холбогддог гэнэ. Зүүн орных нь дээр дүнгэнээд байгаа бүдүүн хар станц түүнийг гэрчилнэ. Ингээд эргэн замдаа орж Залаажинстийн цагаан ямаагаараа алдартай Шинэжинст сумын зүг хүлгийн жолоо мушгихад удалгүй сумын төв тэртээд торойн үзэгдэнэ. Урьд ярьж тохирсноор тэндэхийн нэгэн танил руугаа утас цохиж сум руу чинь орж байна шүү гэдгээ илтгэв. Давхиад ороход хүмүүс их гайхаж харахтай зэрэгцэн захиргааных нь гадаа яваад очлоо. Ярьсан хүн маань ч ирчихэж. Ойролцоох цайны газарт нь орж хоол унд идээд сумын зочид буудалд нь байрлалаа. Биднийг М.Байгальмаа, Б.Цэдэндамба гэх залуучууд тоссон билээ. Тэр орой тоос шорооноосоо салах аятай, хэдэн хувцсаа гадаа гарч гөвөөд нүүр гараа сайхан угааж соёлжив. Энэ өдрийн аялал ийнхүү энд хүрээд өндөрлөв.

Маргаашийн 09:00 цагт тамгын газрын дарга Л.Батхуяг гэх хүнтэй уулзаж газрын зураг дээрээ тамгаа даруулаад авлаа. Залуучууд залуучуудаа дэмжинэ шүү дээ гээд 20 литр шатахууны талон бичиж өгөв. Түүнийг нь бариад Энхбаатар маань шатахуун түгээх газарт нь очиж банкаа дүүргээд авлаа. Шинэжинст сумаас зүүн хойд зүгт 15 км зайд байрлах Хүж хад үзэхээр машинтай давхив. Очоод харах нээ жижиг уулын ар шилд жирийсэн хар чулуунууд байх юм. Тус сумын 1-р багийн нутагт орших Үнхэлцэгийн өвөлжөөний ард төмөр шиг дуутай том дөрвөлжин тогтоцтой хадыг Хүж хад хэмээдэг.

Тогшоод үзвэл янз бүрийн дуу авиа гарна. Малчид хэлбэр дүрсийг нь бодоод малын хашаа барихаар зөөдөг байсан ч маргааш өглөө нь барьсан хашаа нь нураад уначихсан байдаг гэх бөгөөд тус газраас чулуу авбал шөнөдөө чулуу нь эргэж ирдэг эсвэл авсан хүний яс хугардаг хэмээн цээрлэж орон нутгийн хамгаалалтад авсан байна. Байгалиасаа тогтсон сонин газар үзээд эргэн сумын төв рүүгээ явахад тэртээ зүүн зүгийн алсад Их Богд уул тэнийн харагдана.
Төв дээр ирээд дэлгүүр хоршоо орж дутуу зүйлээ нөхөж аваад зэргэлдээ сум Баян-Өндөр сумын нутаг руу замдаа гарлаа. Зам сайхан байсан учраас орой эрт Баян-Өндөр сумын төв орж тус сумын Залуучуудын холбооны даргын гэрт нь зочилж тэндээ хонолоо. Халцарч тоос дарсан гутлаа тосолж хамтрагчтайгаа гадуур баахан алхаж билээ.
Дараа өдрийн өглөө замаа үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шилжин орж Эрдэнэ сумын төв дээр ирлээ. Засаг дарга Ч.Гантөмөртэй уулзаж тамга даруулаад цайны газарт нь орж цуйван захиалж үдлэв. Цогт сумын харьяа Баян-Тоорой хэмээх тосгоны зүг явахаар замаа үргэлжлүүллээ. Монгол Алтайн нурууны үргэлжлэл Гичгэний нуруугаар шууд нэвт гарахаар шийдэж уулан дундуур мурилзан явлаа. Голын сайр даган гэлдэрч зарим газраа эхлэл шигээ унаж тусаж явлаа. Чулуун хайрга ихтэй төвөгтэй замтай найзаллаа. 30 орчим км газрыг 4 цаг гаруй явж байж сая нэг гэгээ тасрахтай зэрэгцэн их нуруунаас гарч сэтгэлээ амраалаа. Ээж хайрхан уул баруун зүгт тэртээ хол сүүмийн үзэгдэнэ. Газрын зураг дээр бол Баян-Тоорой тосгон орохын тулд Ээж хайрхан уулын зүг явах учиртай. Гэсэн ч уулнаас гарч ирсэн зам хамгийн тод нь байсан учраас урд зүгийг чиглэн замаараа давхилаа. Удалгүй нар шингэж харанхуй боллоо. За өнөөдөр хоёулаа очно гэж худлаа юм байна энэ хавьд айл байвал бараадъя гээд эргэн тойрноо харвал хоёр газар гэрэл асаж байлаа. Нэг нь бидний ирсэн зам руу эргэж буцах замд, нөгөө нь зүүн гар талд алсхан байсан юм. Зам тод учраас эргэн нөгөө гэрлийн зүг давхилаа. Нэлээн давхиж уулнаас гарсан амандаа ирэхэд гэрэл маань үзэгдэхээ байлаа. Хоёулаа өнгөрчихсөн юм байхдаа гээд эргэн явахад нөгөө гэрэл маань ор сураггүй болжээ. Нөгөө зүүн чиглэлд харагдаад байгаа гэрэл рүү чиглэлээ. Их удаан давхисан ч нөгөө гэрэл харагдсан хэвээр. Мод бут ихтэй нэг хонхор луу ороод гүвээн дээр эргэн гараад иртэл нөгөө гэрэл харагдахгүй болжээ. Тэгснээ гэнэтхэн урд зүгт харагдаж эхлэв. Айл бараадах санаатай учир урагш чиглэн шууд замгүй давхилаа. Нэлээн явж байтал эргэн зүүн хойд зүгт гэрэл гараад ирэв. Урд гэрэл маань нэг харахад байхгүй болчихжээ. Харанхуй шөнө нэлээд давхисан бид хоёр маргааш явах шатахуунгүй болчих вий гэж сэрэмжлээд майхнаа барихаар боллоо. Мотоциклынхоо гэрэлд майхнаа босгож аваад майхандаа орох гэтэл хажуухан ойролцоо гэрэл асах нь тэр ээ. Бид хоёр сүүлдээ нөгөө гэрэл чинь тэнд асчихаж одоо энд гээд л гадаа хэсэг зогсохдоо хуучилна. Майхандаа ороод Энхбаатартаа хэллээ. Өмнө нь хүнээс сонсож байсан, ийм хуурамч гэрэл хөдөө хээр их байдаг ялангуяа говьд. Түүнийг айл гэж андууран явах тохиолдол маш их гарсан байдаг гээд ярихад тийм байхаа хараад байхад алга болчихно тэгсэнээ гэнэт өөр газар байгаад байсан юм. Айл байсан бол ядаж нохой хуцах ёстой шүү дээ гээд ухаарсан хоёр унтахаар хэвтэв. Ийм гэрэлтэй таарвал айх ямарч хэрэггүй гэдгийг бас мэдэж байсан болохоор ерөөсөө ч сонин биш байсан. Жаахан хууртаж цаг алдсандаа сэмхэн сэтгэлдээ харамсах шиг. Энэ гэрлийг эрдэмтэд, судлаачид яг юу болохыг одоо болтол баттай тогтоогоогүй юм гэсэн.
Өглөө боллоо. Майхнаасаа гараад харвал мотоцикл маань талаараа хараад унажээ. Урд шөнийн салхинд унасан юм байхдаа гэж бодоход мотоцикл унагачхаар тийм ширүүн салхи болоогүй юмсан гээд гайхацгаав. Нөөцөд авсан 5 литр шатахуунаа мотоциклдоо нэмж хийгээд Ээж хайрханы зүг давхилаа. Энэ удаад гарч ирсэн уулынхаа амны харалдаа ирж км-ээ харахад 50 орчим км газар бид хоёрыг төөрүүлж орхижээ өнөөх гэрлүүд. Цааш давхисаар хэсэг ногоон таримал модыг чиглэн очиход зарим газраа сул хөрстэй тул хэсэг хэсэг газар ээлжлэн мотоциклоос маань буулгаж чадаж байлаа. Удалгүй урд Баян-Тоорой тосгон харагдав. Номынхоо өмнөтгөл болгон бичсэн хэсэгт “Хөх Монголын хязгаар нутгаар 108 хоног” үүргэвчтэй аяллын тэмдэглэл гэж өгүүлсэнчлэн түүнийг санаачлан зохион байгуулж аялж байсан тухайн үеийн Этүгэн дээд сургуулийн багш одоогийн ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны Г.Довчиндорж дарга маань тус тосгонд байгаа билээ. Танилын нүүр халуун гээд бараадаж байгаа минь энэ л дээ.
Бид хоёр шууд хамгаалалтын захиргааных нь гадаа яваад очиход бидэнд гэр гаргаж өгөөд сайхан амраад аваарай гээд хоол цай болов. Орой хэвд 2015 оны 01-р сарын эхээр надтай хамт БНХАУ-ын Манжуур хот руу хамт аялж байсан байгаль хамгаалагч … ах ороод ирэв. Танил гэж ийм л байхдаа хаа ч таарсан мэндтэй устай. Маргааш өглөө тосгоны эргэн тойронтой танилцаж сумын төвийн хойд хэсэгт ГИДЦГ-ын бүтээн байгуулсан төгөл үнэхээр өнгө зүс нэмжээ. Хэдийгээр хамгаалах газар нь ГИДЦГ боловч амьдран суугаа газартаа өөрийн хувь нэмрийг оруулж яваа Довчиндорж хэмээх хүнээр бахархахгүй байхын аргагүй юм. Цогт сумын нэг баг гэж явдагч 12 жилийн сургуультай том тосгон шүү. Сумын төвөөс холгүйхэн байх Захын усны Хавтгай тэмээ үржүүлгийн газраар зочиллоо. 20 гаруй хавтгайг тэжээж үржүүлж хамгаалалтад авчээ. Хавтгай нь тэмээг бодвол өнгө зүс цайруу бөх жижигтэй нарийн шилбэтэй учраас илт танигдана. Одоогоор зэрлэг байгальд 450 орчим тоо толгой хавтгай амьдарч байгаа ч цаг уурын дулаарал, цөлжилтөөс үүдэн усны хомстол, түүнчлэн үр төлийг чоно барих явдал хорогдлын үндсэн шалтгаан нь болдог байна.
Хавтгай үржүүлгийн газрын баруун хойно нь дүнхийх алдарт Ээж хайрхан уулыг үзэхээр байгаль хамгаалагч залуутай хамт явлаа. Хоёр мотоциклоороо уралдах шахуу тоос хөөргөн байж хүрлээ. Ном зохиолоос л үзэж байсан үзэсгэлэнт хайрханд ингэж нэг ирэх хувьтай байжээ. Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуулгаас тогтсон ганц уул бол Ээж хайрхан юм. Тус хайрхан д.т.д 2277 метр өргөгдсөн бөгөөд 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. 9 чулуун тогоо байх ба эргэн тойрон дахь хад чулууны хэлбэр дүрс нь театрын суудал, үнэгний толгой хад, могой хад, хүүхдийн мөр, ембүү хад, үнсэлцэж буй хос хад, өгзөг хад, тагтаа хад, ширээ хад, бамбарууш хад, хүүхэн хэл гэх зэргээр дүрслэн харагддаг нь их сонин. Мөн уулын дунд хавьд нэгэн гоёмсог агуй бий, түүнийг түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос хойш нэлээн хэдэн жил амьдарсан болохыг тогтоосон гэдэг.
Ээж хайрханы тухай нэгэн домог өгүүлье. Эрт урьд цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтэйгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй, хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд энэ орчлонгийн хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг урьжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээн авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй хараад, уг нь сайхан ноён юм харин одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ. Тэгээд Бурхан буудайг голж Аж богдод очсон байна. Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй алинтай нь ч суухаа болъё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийн дураар амьдаръя гэж боджээ. Аж богд сэрээд Хатан хайрхан хайчсаныг асуухад буцсан байжээ. Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ. Гоо бүсгүй амрахаар гэдрэгээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэхэд хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн, уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү гэж хэлээд Хатан хайрхан өндийх гэсэн боловч чадалгүй үлджээ. Би даанч яав даа миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юмсанажээ. Ингэж Ээж хайрхан уул үүссэн домогтой юм гэнэ лээ.
Үзэх ёстой бүх зүйлийг нь үзэж харлаа Замба гүрвэл энд тэнд үзэгдэх нь хайрханы харуул, хамгаалагчид нь мэт. Буцаж ирээд гэртээ аяны тэмдэглэлээ бичиж ойр зуурын хувцас угааж амжлаа. Энэ өдрийн аялал богино зай ч гэлээ их зүйл үзсэн шүү. Ээлжит өглөө ирэхэд Довчиндорж даргын өрөөнд ГИДЦГ тэр дундаа Хавтгай, Мазаалай гэх амьтдын талаарх мэдээллийг авлаа. Өрөөнөөс гарахаас өмнө газрын зураг дээрх баталгааны тамгаа арвижуулаад мөн тус газрын дурсгалын гарын бэлгийг мөн хүртлээ. Ингээд зогсоогүй мотоцикл маань бас 16 литр шатахуун хийлгээд авсан юм.
Мазаалай бол говийн баавгай. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэжээ. Тус баавгай дэлхийд цорын ганц зүйл бөгөөд зөвхөн Монголын говьд заяаснаараа онцлогтой. Түүнийг анх 1920 –оод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж богдод олж тогтоосон бөгөөд тэрээр Монголын Улаан номын “нэн ховор амьтан”-ы жагсаалд бүртгэгдсэн билээ. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш, харин үр төлийг нь аламцаг гэдэг байна. 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн өсөөгүй ба одоогоор 30 гаруй Мазаалай байгаа гэсэн тоон судалгаа гарчээ.
Замд гарахад бэлэн боллоо. Дурсгалын зураг татуулаад сайхан амарч авсан хоёр баруун зүгийг чиглэн явлаа. Ээж хайрхан уулын урдуур өнгөрч Алтай сумын зүгт явлаа. Баян-Тоорой тосгоноос гараад 80 км явж нэгэн худаг дээр хэсэг амс хийв. Дэржигнүүртэй замд мотоциклын үрүүл удаан барьж явах хэцүү ба хоёр гарын булчин өвдөж чадалгүй болгож орхидог гэмтэй. Түүнээс цааш хэсэг явахад хоёр салаа их зам тааралдана. Арай тод гэсэн замаар нь ороод нэлээн явсны эцэст геологичдын араас туугаад очсоноо тулаад мэдлээ. Эргэн замаараа давхиж өнөөх салдаг зам дээрээсээ үндсэн замдаа ороход 40 орчим км газар будлиад авсан байна.

Сул хайрга, жижиг даваа гүвээ ихтэй тийм л байгаль дундуур дэржигнэн давхисаар харанхуй боллоо. Алтай сумын бараа байхгүй ч бид шөнөөр явахаар шийдэж 23:40 минутын алдад таньж мэдэхгүй газар арга буюу буудаллаа. Шөнө их давхисан болоод ч тэрүү маргааш өглөөний нарыг үзэлгүй шууд өдөртэй золгосон юм даа. Цаг хэдийн 11 болж 5-р сарын 11 гэх өдрийг авчирчээ. Цаашлан давхисаар алдарт Аж богдын нуруугаар нутгаа чимсэн Алтай суманд хүрэлцэн ирлээ. Сум орон нутгаараа ажилтай байсан үе таарсан уу, дарга нар нь тал тал тийшээ ажлаар явчихсан байхтай таарлаа. Таньж мэдэх хүн байхгүй бид хоёр тус сумын ойролцоо байх 0214-р цэргийн ангиар орж газрын зураг дээрээ тамга даруулсан юм. Сумын төвийн дэлгүүрээр орж интернет орох боломж хайн асуухад соёлын төв л интернеттэй дээ гэсэн мэдээ аваад үүдэнд нь очлоо. Хүн харж нэлээн суух зуур хэсгийн төлөөлөгч нь ирж бидний бичиг баримтыг шалгалаа. Ааруул мэрээд үүдэнд нь сууж байтал ажилтан нь бололтой нэг залуу ирэх юм. Тосч уулзаад бид хоёр ийм ажилтай яваа юмаа интернет, фэйсбүүк орох гэсэн юм Wifi –ынхаа кодыг өгөөч хө гэхэд маш сонин хариулт өөдөөс хэлдэг байгаа.
Гадны хүнд кодоо хэллээ юу тэ? гээд хамт явсан хүнтэйгээ жуумалзаад яваад орчихлоо. Ээ хөөрхий дошноосоо гарж үзээгүй хүн, дээр нь WiFi түр ашиглуулчих сэтгэлгүй юм байна даа гээд хоцорлоо. Хэрэв энэ залуу манай нутагт явж байгаад хэрэг гарган надаас ийм зүйл асуувал би лав хэлээд туслаад өгөх байсандаа. Уг нь энд тэнд төрсөн ч нэг л монгол юмсан. За энэ ч яахав иймэрхүү юм болоод өнгөрлөө. Энхбаатар бид хоёр хайж хайж сумын төвийн Төрийн банктай дэлгүүрийн зочид буудалд орлоо. Хоногийн 20.000 төгрөг юм гэнэ. Мотоциклоо буудлын эзний хашаанд тавиад нэг орой сайхан амрахаар цагаан хэрэглэлтэй орон дээр суваг сольсон шигээ хэвтэцгээлээ. Ширээн дээр нь хоолоо хийж идээд хэсэг хөзөрдөж байгаад унтацгаасан юм даа.

Дараа өдрийн 10 цагийн үед замдаа гарахаар болж ачаагаа баглаад хэсэг сууцгаалаа. Өнөөдрийн маршрут 160 км-ын цаана байгаа Тахийн тал буюу ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаан дээр очих юм. 11 цагийн алдад замдаа гарч яваад 14 цагийн үед Хонхорцог нэртэй газар нэгэн айлд зочлон орлоо. Гэрт ороход гэрийн баруунаас хоймор хүртэл лангуун дээр бараа таваар, наймаа өрөөстэй нь нүд хужирлана. Монгол гэрт ийм том дэлгүүр байхыг анх удаа хараад, худалдааны газар ороод ирэв үү, айлд ороод ирэв үү гэдэгтээ эргэлзэж эхэллээ. Зүүн орон дээр нэгэн эмээ хүүхдүүд өөрсдөө цай хийгээд уугаарай гэнэ. Учир байдлыг асуувал замын машинууд ирж хоол захиалж иддэг хэрэгтэй зүйлсээ мөн авчихдаг тийм чухал газар болж таарлаа.
Сайхан цай ууж боорцог идэж аваад гарахад мотоцикл маань талаараа харжээ. Салхи ихтэй байсан болохоор унасан нь илт байлаа. Сайжруулсан шороон замаар ороод замаа цааш үргэлжлүүлэхэд бидэнтэй том том машинууд хэсэг яваад л зөрж байлаа. Их сайхан уулсын дундуур давхисаар тэртээ алсад Бугат сумын ойролцоо байх Алаг хайрхан уул цас чулуугаа ялгаруулан харагдана. Газрын зургаа харж байгаад их замаа орхин Алаг хайрхан уулын зүг явлаа. Газрын зургаа дахин харвал Алагхайрхан уулыг зүүн шилээр нь давбал Бугат сум орно, харин урдуур нь буюу Угалзын даваагаар дөтөлбөл очих газраа түргэн очих юм байна гэдгийг олж тогтоолоо. Угалзын давааг сонгож нар шингэхээс өмнө яаран давхина. Нээрээ л нэрнээсээ ойлгомжтой Угалзын даваа угалзлуулан мушгируулан явуулсаар нар шингэх бүрийд даваагаа давуулж Алаг хайрхан уулын баруун урд ирлээ. Замд олон айл таарсан ч оролгүй өнгөрсөөр энэ хүрэв. Илжиг унасан хоёр ч хүнийг энэ өдөр энэ нутагт харсан юм.
ГИДЦГ-ын Б хэсэг рүү дөхсөөр л гэвч нар хэдийн нуугдаж сар бидний замыг гэрэлтүүлнэ. Замдаа нэг айлын гадаа зогсон зам асуугаад цаашиллаа. Оройн 22 цагийн үед зорьсон газраа ирэв. Тэр орой шууд байгаль хамгаалагч ахынд орж хонолоо. Маргааш өглөө нь хамгаалалтын захиргааны төв байр луу очлоо. Монгол орны баруун өмнөд хязгаар ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааны даргыг О.Ганбаатар гэдэг ба яриа хөөрөө ихтэй ах байлаа. Энэ хүний талаар нэгэн сайтаас мэдээлэл уншиж байсан билээ.
О.Ганбаатар ах биологич мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд 21 настай залуу хүү уудам их говьд тахийн сүрэг маллахаар шийджээ. Түүнээс хойш өдгөө хүртэл тэр газраа байж тогтвор суурьшилтай хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа юм. Тэрээр Хөвсгөл нутгийн хүү бөгөөд биологийн хичээлээр улсын олимпиадад оролцож байхдаа тахийг гаднаас авчирч нутагшуулсан юм гэнэ лээ, тахь уугуул нутагтаа амьтны хүрээлэнгээс ирсэн юм гэнэ лээ гэх хүмүүсийн яриаг олж сонсоод сонирхол нь их хөдөлсөн гэдэг. МУИС-ийг төгсөх үеэр доктор, професоор Р.Самъяа багш нь чи явах уу гэж асууснаар өнөөдрийн энэ их үйлд шамдах эхлэлийг тавьжээ. Одоогийн Тахийн тал гэж нэрлэсэн тус газар угтаа Бижийн ам гэж нэртэй байна. Цэл залуу насандаа хөдөө нутгийг зорьж алс бөглүүд газар оронд ажиллах хүн сүүлийн үед ховордож байгаа учраас тус хүнээр жишээ татав.
Бид хоёрт тусгайлан гэр гарган өгч сайхан амраарай гээд тухлууллаа. Оройн хоолоо тэндэхийн байгаль хамгаалагчидтай хамт идэж сайхан танилцаж билээ. Маргааш та хоёр амрах уу тэгвэл бидэнтэй тахийн судалгаанд нэг өдөр яваарай гэж айлдахад дуртайяа зөвшөөрөв. Маргааш болдгоороо болж босоод гарахдаа мотоциклоо хартал хойд талын дугуйны хий гарчээ. Аялал эхэлснээс хойш ийм эвдрэл анх удаа гарч байгаа нь энэ. Тахийн судалгаанд явж ирчхээд солихоор боллоо. Тэндэхийн ахлах мэргэжилтэн Н.Алтансүхтэй машинаар хамгаалалтын бүсийн гүн рүү нэвтэрлээ.

Уулын доор машинаа орхиод дэлхийн шилдэг сваровски дуран хөлтэй нь хамт нэгийг үүрээд уулын оргилд хүрч тайван дурандана. Тэгээд эргэн бууж өөр уулын оройд гарч мөн үйлдлээ давтана. Номин бүрэн байна, Танан бүрэн байна өөр юу юу ч билээ баахан нэр хэлээд бүрэн байна л гэцгээнэ. Энэ нь тахийн сүргийн азарганы нэрс ажээ. Хөгжилтэй ч юм шиг нэрсээр нь тулган бүртгэдэг бололтой. Тэгтэл нэг тахийн сүрэгт хар байдас нийлжээ. Түүнийг салгахаар ойролцоо явж байсан хоёр байгаль хамгаалагчийг дуудан хамтын хүчээр салгахаар баахан оролдлоо. Мотоциклыг бол тэд утгаар нь барьдаг бололтой тахьтай зэрэгцээд тэр их бараа саад дундуур хурдлах юм. Нэлээн ноцолдож байж монгол байдасны хөл саарч хамгийн ард үлдэх үед дундуур нь орж таслан эсрэг зүгт эргүүллээ. Тахийн азарга араас давхина. Сүртэй амьтан боловч хүнээс ухаантай байна гэж юу байхав арга буюу эргэн сүрэг рүүгээ давхина. Тэр хар байдсыг эрчээр нь тууж хамгаалалтын бүсээс гаргалаа. 20 гаруй км тэгж тууж байхад шандастай гүү эрчээ бууруулалтгүй бидний урд давхисаар байсан юм. Ингэж хол хөөлгөчхөөд биднийг эргэхэд тэр цааш давхисаар л байсан. Бодвол адуун сүрэг ижил олон руугаа яарч байгаа нь тэр буй заа. Одоогоор Тахийн талд 130 гаруй тоо толгой тань хамгаалалтын бүсэд тархан идээшиж байгаа ба хамгаалалтын бүсийн гүн рүү олон зуун Хулангийн сүрэг нутагшдаг юм билээ.

Өнөөдрийн амралт их сайхан байлаа. Өдөр ирээд дугуйныхаа олгойг солиод амжлаа. Хоол цай идэж уугаад хэсэг унтчихжээ. Орой Ганбаатар дарга ирээд хууч хөөрөв. Аяллын сонин сайхныг би ярьж ажлын сонин сайхныг Ганбаатар ах ярьж нэлээн удаан сууцгаалаа. Маргааш байгууллагын өглөөний хурал дээрээ дуудахаар нь орж ажилчид болон байгаль хамгаалагчдад аяллынхаа тухай танилцуулга ярилцлагыг хийв. Ингээд бид хоёр замдаа гарахаар болоход хамгаалалтын захиргаанаас 20 литр шатахууны талон бичиж дэм болов.
Германаас нэг сайн дурын ажилтан хүн Б хэсэгт ажиллахаар Ховд аймгийн Алтай суманд ирсэн байна. Түүнийг авахаар ахлах мэргэжилтэй Н.Алтансүх машинтайгаа явахаар болоход нь би сууж явлаа. Энхбаатар маань мотоциклтойгоо араас даган хамт ирлээ. Өнөөх талоноороо сумын колонкоос банкаа дүүргэж аваад Булган голын эрэг дээр орших Ховд аймгийн Булган сумын зүг засмалаар сайхан давхилаа. Ойрд ийм донсолгоогүй замд яваагүй болохоор их сайхан байсан нь ойлгомжтой. Гэвч хоорондоо 500 метрийн зайтай хоёр засмал зам Булган сум руу хүрэх ажээ. Учир шалтгааныг нь ярина гэвэл улс төржих гээд байгаа учраас үүнийг алгасъя. Булган сум гэхэд надад тун ойр сонсогдож байгаа билээ. Би өөрөө Дорнод аймгийн Булган сумын харьяат болохоор хаа холын Булган нэртэй сум хүртэл дотно санагдах юм. Тус сумын залуучуудын холбооны дарга А.Хаш-Эрдэнэ гэх залуутай уулзан тэр шөнөдөө тэднийд хонолоо. Дараа өглөө шууд Баян-Өлгий аймгийн Булган сум явахаар замаа чиглэн давхисан ч хэцүү даваа буюу 13-ын даваа гэх газар бид хоёрын мотоцикл гарч чадахгүй боллоо. Өгсүүр нь өндөр, цас ихтэй учраас эрсдэлээс зайлсхийн эргэн Ховдын Булган дээрээ ирж засмал замаараа Үенч сумаа чиглэн давхиж сумаас 20 орчим км-ын наагуур Монгол Алтайн нуруу Үенчийн хавцал өгсөөд явлаа. Үенч голын дагуу өндөр хадан хавцлуудын тогтцыг Үенчийн хавцал хэмээнэ. Явах зам амаргүй ч замд таарах байгалийн сонин тогтоц, гоо үзэсгэлэн бэрхшээлийг умартуулж чаддаг сайхан газар.
Энэ өдөр өдөржингөө өнөөх хавцал дундуур явж нар шингэхийн өмнөхөн Бага улаан даваа гэх ууланд тулж ирэхэд засмал замтай нэгдэв. Энэ ямар учиртай замыг мэдэхгүй ч Монгол улсын хамгийн сайхан засмал зам байсан юм даа.

Замын тэмдэг тэмдэглэлээ, өргөн, чанар гээд л маш сайхан. Тэр хавьдаа майхнаа засаад ээлжит хоногоо өнгөрөөлөө.
Маргааш нь засмалд нэгдэж аваад салхи сөрөн давхилаа. Ойр орчмын байгаль үнэхээр сүртэй сайхан харагдах зуур цас хаялан байлаа. Бууж сууж, амарч хэвтэж явсаар Ховд аймгийн Манхан суманд ирэв. Тус сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Гэрэлсүрэн биднийг тосон авч эмнэлгийнхээ тусгай өрөөнд байрлуулав. Аяллаар явахад юм юм л үзэх бололтой энэ өдөр эмнэлэгт хоносон юм даа. Цаг хугацаа явдгаараа явж хоног өдрүүд ээлжилдгээрээ ээлжлэн маргаашийн нарнаар Манхан сумаас баруун хойд зүгт 22 км зайд орших Хойд Цэнхэрийн агуйг зорилоо. Тэр агуйд ороход сэтгэл их хөдөлдөг юм билээ. Тэртээх 40 мянган жилийн түүхтэй хадны зураг байдаг болохоор тэр байх. Уг агуй нь шохойн чулуун тогтоцтой дотроо тааз нь бөөрөнхийдүү оройтой, шалнаас тааз хүртэл 20 орчим метр өндөр бөгөөд анх Хойд Цэнхэрийн агуйн зургийг нутгийн нэгэн гярхай малчин санамсаргүйгээр олж сумынхаа захиргаанд мэдээлсэн хэмээн түүхэнд дурдагддаг. 1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай анх судлах оролдлогыг хийж байжээ. Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан асар өндөр хөгжилтэй түүхэн баримт учраас 1996 онд ЮНЕСКО –гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэн авсан байна. Тус агуй Монголын 9 гайхамшгийн нэг билээ. Энэ агуйн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл О.Сүхбаатар П.Цолмон нарын бүтээл “Агуй” 1986 он номыг олж уншаарай.
Бид хоёр гар чийдэнгээ асаан агуйн зүүн урд хэсэг рүү явахад айдас нөмрөөд ирэх шиг. Гэхдээ хоёулаа болохоор бас ч гэж тайван нэлээн явж үзэв. Хойд цэнхэрийн агуйгаар оюутан байхдаа нэг удаа бие даалт хийж байснаа эргэн санавал одоо хэрэв ахиж хийвэл хамгийн сайхнаар нь хийх байхдаа гэж бодол төржээ байлаа. Агуйгаас жаахан дээхэн дахин нэг агуй байлаа. Буцаж буугаад хоёул ирсэн замаараа засмалтайгаа нийлээд Ховд аймгийн төв Ховд хотод ирлээ.

Энэ хотод Энхбаатарын хамаатныд ирж 2 хоног сайхан амрав. Аймгийн төв дээр тоормосныхоо тороосыг солиод бидний явах өдрийн цаг боллоо. Өнөөдрийн очих газар Баян-Өлгий аймгийн Толбо нуур юм. Зорисон газраа саадгүй ирж Толбо нуурын эрэг дээр майхандаа хонолоо. Нуурын эрэг дээр болоод тэр үү шөнө жаахан даарсан шүү. Түүхийн номонд “Толбо нуурын бүслэлт” гэж дурдагддаг билээ. 1921 оны 9-р сарын 17-оос 11-р сарын 10 хүртэл буюу 42 хоног Ц.Хасбаатар жанжны цэрэг хүч цөөнх байсан ч цагаантны цэрэгтэй амь тэмцэн тулалдаж байсан гэдэг. Өглөө яаралгүй борцтой хоол хийж идээд замаа үргэлжлүүлэн оройн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод ирснээр энэ удаагийн мотоциклын аялал маань энд хүрээд өндөрлөв өө. Аймгийн төвд орж ирээд явсан замаа харахад мотоциклын хэмжүүрт яг 2710 км газрыг туулсан байлаа.
Өлгий хотод ирээд уулзах хүний маань утас холбогддоггүй. Таних хүн байхгүй бид хоёр Фэйсбүүк ороод Өлгий хотод таньдаг хүнтэй хүн байвал холбож өгнө үү гээд пост оруулж орхилоо. Удалгүй нэгэн хаягаас нэг дугаар ирүүлжээ. Манай найз Маяа гээд эмэгтэй байгаа тэднийд очоорой гэх юм. Утасны дугаар өгсөн хүнийг амьдрал дээр үнэндээ танихгүй ч фэйсбүүкийн найзууд болох М.Гансүрэн юм. Ямартай ч цагаа олсон тус байсныг энд цохон тэмдэглэе. Өгсөн утас руу нь /95529868/ дуудлага хийхэд уриалагхан хүлээн авч гэртээ авчирлаа. А.Меирамгул түүний нөхрийг Х.Жанкелди гэдэг юм байна. Тэднийх Өлгий хотын Жана ауил 47-р гудамжны 27-р тоот байсан юм. Гэрт очиж сайхан танилцахад тус эмэгтэйнх дөрвөлжин цагаан байшинд нөхрийн хамт амьдардаг залуухан гэр бүл байлаа. Үе тэнгийнхэн болоод ч тэрүү амархан нөхөрлөж сайхан найзалсан даа. Одоо Өлгий хотод очвол найзынхаараа ороод гарна шүү дээ. Ингээд тэднийд хоёр хонолоо. Бидний уулзах байсан Энхбаатарын авга ах З.Майнбаяр Өлгий хотод иржээ. Энэ үед Улаанбаатар хотоос Сэнгү буюу Сүрэнжав ах ярьж Бөкэнбай гэдэг казах айлд очоорой гэх нь тэр. Удалгүй өнөөх айлаас нь залгаад очоод авъя гэх юм. Учир нь дараагийн өртөө уулын аялал ба тэр айлд хамт явах Сэнгү ах маань ирэх учиртай тул тэднийд очихоор боллоо.
Аян замын тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав /2016 он/
“Аяллын түүх” номын хэсэг

