20-иод насны сэтгэлийн хямралд өртсний 20 шинж

Өнөөдөр даргатайгаа ярилцаж үзлээ. Давгүй хүн байдаг юм байна. 10 гаруй минут ярилцсны дараа тэр намайг 20-иод насныхны сэтгэлийн хямралд (quarter life crisis), харин өөрийгөө дунд насныхны сэтгэлийн хямралд орсон байна гэж тодорхойлов. Интернетээс судлан үзвэл энэ хямрал нь 23–27 насныханд ихэвчлэн тохиолддог удаан хугацааны эморолт юм байна. Дараах 20 шинжээс 1 нь л илэрсэн бол та урт хугацааны эморолтод өртжээ гэсэн үг. (Тоглосон юм аа, тийм драматик юм гэж юу байх вэ. Дор хаяж 2 шинж илрэх ёстой.)

  1. Өглөө босч, ажилдаа явахын өмнө муурандаа атаархан, муухай харснаа дотроо “Би чиний оронд байсан ч болоосой” гэх мэт үл бүтэх, тэнэг зүйлс бодох. (Би муургүй л дээ. Гэхдээ мууртай байсан бол атаархах л байсан.)
  2. “Би ер нь хэн юм бэ, яах гэж амьдраад байгаа юм бэ?” гэж өдөр бүр өөрөөсөө асуух. Хүн бүхэн амьдралын утга учрыг олчихсон юм шиг. Чи л ганцаараа баасан гаригийн төлөө амьдраад байгаа мэт санагдана.
  3. “Хэзээ амьдрал маань тогтох юм бол?” гэж өөрөөсөө асуух. Өдөр бүр. Амьдралаа тогтоох гэж тэмцэх үеээ алгасаад шууд тогтчихсон үе рүү нь үсэрчихмээр ч юм шиг.
  4. "20-иод насныхны сэтгэлийн хямрал” гэсэн гарчигтай нийтлэл өөрийн эрхгүй анхаарлыг чинь татах. (Даанч хэрэгтэй юм алга.)
  5. 10 жилийн дараа дээд албан тушаалтныхаа ажлыг хийж байгаагаар өөрийгөө төсөөлөөд шууд сэтгэлээр навс унах. “Ээ, зүтгэж, зүтгэж энэ үү дээ?” л гэж бодно.
  6. Эхнэр авах, нөхөрт гарах талаар дахиад л ээжтэйгээ маргалдсан. Бас байнга хамаатнуудаас дарамт шахалт ирнэ. Хүмүүс хэн нэгэнтэй танилцуулах гэж оролдоно. Аргаа бараад талханд гаргана.
  7. Олдог орлого чинь амьдралд чинь яагаад ч хүрэхгүй байгааг сар бүр ухаарч, уйлна. Цалинтай тулдаа л мөнгөгүй. Цалингүй байсан бол аавынхаа гэрт ад болоод хэвтэж байгаа.
  8. Тэгсэн ч мөнгөгүй гэдгээ бусдад харуулахгүйн тулд яаж ийж байгаад өнгөлөг, үнэтэй, шинэ хувцас, гутал, утас авах. (Яаж? Номын багш минь болооч!)
  9. Хэзээ ч аав ээж 2 шигээ ийм тэнэг зүйлээс болж маргалдахгүй юм шүү гэж боддог байснаа яг тэр зүйлээс болж найз бүсгүй/залуутайгаа байнга маргалдах.
  10. Сүүлийн 4 жилийн дотор 6 удаа нүүсэн.
  11. Сүүлийн 4 жилийн дотор 6 удаа ажлаа сольсон.
  12. Сүүлийн 4 жилийн дотор 6 хүнтэй үерхсэн.
  13. Сүүлийн 4 жилийн дотор нэг ч болзоонд яваагүй, нэг ч хүнтэй үерхээгүй. Адгийн муу шувуу хүртэл хосоороо, арчаагүй муу чи л харин гав ганцаараа.
  14. Хэдхэн сар ажиллаад л дуртай ажилдаа орчихно гээд түр хийж байсан ажлаа 2 жил хагасын турш хийсээр л байгаа.
  15. Шашин шүтмээр ч юм шиг, шүтмээргүй ч юм шиг. Ханийн тэнгэр дуудуулаад заяаны ханьтайгаа учирна гэж юу байсан юм. Гэхдээ дуудуулахгүй байгаа болохоор бас хэнтэй ч учрахгүй байгаа юм болов уу?
  16. Ажил дээрээ Facebook ухсаар байгаад сүүлдээ бүр ухаагүй булан тохой ч үлдээгүй. Бэлтгэл ангид ардаа суудаг байсан хүүхдийн эхнэрийн дүүг ч таньдаг болсон.
  17. Өмнө чинь хоёр зам харагдана: амар тайван, дундаж амьдрах зам эсвэл эрсдэлтэй ч адал явдалтай амьдрах зам. Гэхдээ аль замаар орж, яаж явахаа мэдэхгүй. Дээрээс нь машин байхгүй.
  18. Хуриманд уригдах болгондоо өөртөө итгэх итгэл чинь жаахан жаахнаар багасна. Бас хүмүүс яаж байр аваад байна аа? Юу??? Манай 10 жилийн ангийнхан бүгд хүүхэдтэй болчихсон гэв үү?
  19. Толгой дотор эргэлдэх 1000, 1000 асуултынхаа хариуг хаанаас хайхаа мэдэхгүй. Автобусныхаа картыг ч бас.
  20. Гэхдээ хаа нэг тийшээ аялчихаад ирвэл бүх асуудлууд чинь шийдэгдэнэ гэдэг 99.7% итгэлтэй.

Аз болж эдгээр асуудлууд 30 насны төрсөн өдрийн чинь орой өргөс авчихсан юм шиг гэнэтхэн л алга болж, чи цоо шинэ, ямар ч хямралгүй амьдралаа эхлүүлнэ. Хэдхэн жил л тэвччих. Харамсалтай нь хямралгүй амьдрал 10 гаруйхан жил үргэлжлээд, дунд насныхны сэтгэл гутралд орж, ханиа араар нь тавих гэх мэт илжиг шиг үйлдэл хиймээр санагдана. Гэхдээ тэр болтол зай ч байна, лай ч байна.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.