100 төгрөг хайрлаач

Dashnyam Tsahir
Aug 28, 2017 · 2 min read

“Эгч ээ задгай мөнгө өгөөч, эгч ээ 100 төгрөг хайрлаач” гэсээр бороо асгарах бүрхэг өдөр нүхэн гарцны шатны дэргэд халтар жаал зогсоно. Хүү дөнгөж сая өөрийг нь тоолгүйгээр утсаа оролдон өнгөрсөн нүдний шилтэй өндөр залуугийнх шиг борооны ус нэвтэрдэггүй, гулгаад л доош уначихдаг курткатай болохыг үргэлж мөрөөддөг /дулаахан л бол энэ эгчийнх шиг ягаан байсан ч яахавдээ/. Гэхдээ хамгийн гол нь талх, цувдаа авах ёстой, бас урд түцнээс архи авна, авахгүй бол зодуулна. Гэхдээ заримдаа авсан ч зодуулдаг. Би бороотой өдрүүдэд дургүй. Хүйтэн бас хүмүүс жирийн үеийнхээсээ ч илүү яарч, огт хараагүй царайлаад өнгөрөх нь олон. Заримдаа орой нь толгой их өвддөг, тийм өдрүүдэд ээж, аав улам их хэрэлддэг. Орилолдоод л, намайг аваад шидчих юм шиг аймаар. Айхаараа би дандаа ногоон дарь эхийн тарни уншдаг “ум дари дүд дари дүрий суха, ум дари дүд дари дүрий суха”. Сүхээг айсан үедээ, ээжийгээ санахаараа уншиж байгаарай гээд бөндгөр эмээ зааж өгсөн гэсэн. Уг нь Сүхээ надад бөндгөр эмээгийнхээ заасан үлгэрийг, тэдний зурагтаар гардаг киног ярьж өгдөг байсан л даа. Даанч бөндгөр эмээ хавар холоо явцихсан гэсэн. Сүхээ ойрд ирээгүйг бодоход бас л хол явчихсан байх даа. Ингэж бодсоор хүү хотын бууз гэж жижигхэн цайны газар руу дулаацхаар алхлаа. Хоёр цаг хиртэй зогсоход найман зуун тавин төгрөг, тал альпин голд олжээ /тал талх, нэг аяга цай авч хүрэх мөнгө/.

Хэдэн хоногийн өмнө цайны газарт мөнгө гуйсан жаалтай таарсан санаанаас гарахгүй явсаар жижигхэн юм бичлээ. Хоол хүлээж байхад минь ирж мөнгө гуйсан хүүг эхлээд би тоолгүй өнгөрөөсөн юм/ер нь ч өмнө нь олон хүүхдэд ахад нь задгай мөнга алга гэж хэлээд эсвэл тоогоогүй царайлаад өнгөрч байсан биз/. Тэгээд гэнэт өр өвдөөд ахын дүү өдөрт хэдэн төгрөг олдог вэ? хэдүүлээ амьдардаг вэ? гэж асуухад “5000, 4-лээ, ээж аав дүүтэйгээ” гэж хариулсан юм. Надаас мөнгө авсныхаа дараа халуун цай хоёр алгаараа тэврээд амандаа үг бувтнаж суусан хүүгийн үгнүүд жаахан байхад ээжийн минь зааж өгсөн ногоон дарь эхийн тарнитай их адилхан сонсогдсон. Надад айх өдөр олон байгаагүй болохоор би цөөхөн уншсан. Сайхан үйл явдлын дараа ч талархлын сэтгэлээр уншиж байснаа санахгүй байна. Энэ хүүхдүүд ийм амьдралыг сонгоогүй, чадлаараа л маргааштай золгохоор зүтгэж яваа бяцхан зүрхнүүд. Цааргалж, хөөж туулгүйгээр, хэрвээ боломжтой бол тусалж байгаарай гэж хүсье. Бидний хэн нь ч энэ хүүхдүүдийн оронд, хүнд амьдралд төрж болох л байсан.

)

Dashnyam Tsahir

Written by

Нөгөө хэн шиг л аядуу зөөлөн хүн

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade