МАЗААЛАЙН ДУУЛЬ

До. ЦЭНДЖАВ

Говийн баавгай мазаалай чинь энэ хорвоо дээр хоёрхон зүйлийг эрсээр яваад дуусдаг хамгийн хөөрхийлэлттэй эмгэнэлтэй амьтан юм шүү дээ. Эхний удаад хоол, дараа удаад эм эвш хоёроо… өөр юу ч бишээ, дүү минь….

(Наяад онд сонссон Сэгс цагаан Богд уулын заставын дарга өвгөн хошуучтай хөөрөлдсөн ярианаас)

Өгүүллэг

Мань хоёр хээрийн амьтан шиг хосгүй жаргалтай нь ертөнц хорвоод үгүй мэт ажээ. Юу вэ? гэвэл тэртээх тоорог татсан говийн мазаалай буюу шармаахай, эвш хоёр буюу эр, эм мазаалай л даа. Тэр хоёрын амьдран оршигч энэхүү хад чулуу, сархиаг, хүнхэр агуй, хуурай сайр, гялтагнасан хар чулуудтай энэ хязгаар газарт тэр хоёроос өөр амьтан үгүй мэт, хоёулхнаа орших мэт амьдарсаар иржээ. Уулын эзэд ч гэж болохоор…Мань хоёр сүгнэгэр өндөр уулсын сугаас нүүрс шиг хар хар чулуу өнхөшүүлэн доошоо бэл рүүгээ хааяа бууж ирнэ. Уулын оргилд шахуу, хадны сүүдэртэй хавцалд байхад говийн түлэгдэм аагисан халуунд сэрүү татах нь таатай. Тэр хоёрын хамгийн зугаатай юм нь гэвэл хоёулаа хойт хөл дээрээ босоод барилцах мэт алгадалцаж тоглож байгаад өвсөн хамхуул шиг уулын хэвгий рүү эвхэрч өнхөрөх нь таатай бөгөөд жаргалтай. Тоглоом хатуудаж, эвш нэг удаа хад мөргөснөөс болоод толгой тархи нь маанарсан тул шармаахайгаа өдөж байсан ч ингэж тоглохоо больжээ. Энэ хоёр амьтан тийм ч залуу биш, насны наранд хавчигдаж, амьдын сүүдэр хүүшилж яваа хоёроо. Байгалийн зөн бэлгээр хоёул хоёулаа яг нэгэн ижил үйлийн үрийг санагалзан, түүнийгээ харахсан үзэхсэн гэж галзууртлаа мөрөөсөж, сонин хачин авир авиа харилцан гаргана. Энэ бол дундаа дагуулж явах бяцхаан хөөрхөн бамбаруушийн мөрөөсөл байлаа. Араатан амьтан ч үр мөрөөсдөгийг тэр бүр мэддэггүй нь гачлантай. Хяслаант хорвоо тэр хоёрт яагаад ч юм, үр хайрласангүй.

Сүүмэн манан хөшиглөж сааралтсан нэгэн өдөр шармаахай чоно мэт архиран аашилж, хөлөөрөө хад чулууг алгадан нурааж, зан аяг нь байгаагүйгээр өөрчлөгдөн нэг мэдэхэд эм рүүгээ галзуурсан мэт дайрч унагаажээ. Хөлийнхөө дор няц гишгэм эвшийнхээ хоолойд хурц соёогоороо асвал хормын зуур хэрчиж хаяахад бэлэн болсон байлаа. Эвш арай залуугаараа тул хүчтэй эвхэрэн өндийсөнөө, түүний толгой руу хүчтэй алгадахад шармаахай уулын уруу түүдэг шиг өнхөрөөд алга болов. Ухаандаа үр хайрласангүй гэж гэнэт тэнэгхэн амьтны зөн совин жигтэй хатгасан нь энэ байлаа. Учиргүй уурсаж, гомдсон эр шармаахай нэг өдөр эмээ хаяж орхиод, тэр чигтээ алга болсон билээ. Тэр уул хадаар хэсүүчлэн тэнэсээр байв. Чухам юу эрж яваагаа яахин мэдэх. Мод сөөг, бут сондуул, хад чулууг, ер нь юу тааралдсанаа ч үнэрлэсээр, онгичсоор, хөндийлсөөр явав. Энэхүү тачаадан эрж хайсан нь хамар өөд цоргиж, бүх биеийг нь цочроон мансууруулах “эвшийн шээг” гэгч байв. Үгүй бол бут бударганы өргөсөнд үлдэж хоцорсон эвшийн ноос ноолхойг хязгааргүй хүсэж явжээ. Ийм тархи мансуурам гоц хурц үнэр орчлонд хорвоод бүрмөсөн арилан алга болж, энэ л хахь хатуу говийн бут сондуул хувхайран өгөршсөн шиг, зуун зууны гангийн шатам наранд нүүрс шиг болтолоо харласан чулууд шиг ер амьгүй мэт болсон ажээ. Шармаахайн шар махандаа хатталаа уул хадаар тэнэсэн энэ л хооронд халуун зун, хахир өвөл хоёронтоо өнгөрсөнийн тэр яахин мэдэх билээ. Цайвар хүрэндүү толгой дээр буурал үс нэмэгджээ.

Шармаахайг нам цохиулсан шиг унтаж байхад ер бусын хурц үнэр сэнхийв. Буурал хоншоорын хэдэн хялгас сугарч унатал үнэртэв. Юусан билээ… нэгэн удаа мань шармаахай цөл говьд тэр бүр бөөнөөрөө тохиолдоод байдаггүй шоргоолжины үүр олоод, хэлээрээ түргэн түргэн долоож, ухаан жолоогүй залгиж байхдаа ингэж мансуурах мэт нэг л таатай тавируун болсон шиг гоё сайхан болоод явчихжээ. Зүүрэгмэглэх мэт аниастай жижигхэн нүдээ нээж харвал, нөгөөх тэр жил гомдоож орхисон эртний халуут бүлийн эвш өмнө нь биеэрээ зогсож байлаа. Зүүд нойрондоо үзэх шиг хэсэг маанартав. Эвш эхлээд нялхран түүний өмнө өнхөрч, дээшээ харан цайвартсан хүүлүүр цавиа гялалзуулан, ердөө эрүүн дор нь орж шүргэн эрхлэхэд, шармаахай түгдэсхийн босож, эвшийнхээ халуун цавинд хошуугаа шургуулад, хуламгар чихийг нь ээлжлэн долоов.

Хөөхий муу эвш эцэж тураад, ходоод нь нуруундаа наалдах мэт хонхойсон ч онигор нүд нь ер бусын хурцаар гялалзах нь хачин адмөрийн ажээ. Үнс, шороонд хөрвөөгөөд үнгүүлчихсэн шиг, үсэндээ наалдсан бөрсийсөн амьтан багагүй зовлон эдэлсэн бололтой. Магад ч үгүй шармаахайгаагаа эрээд сая л тааралдаж олсоныг хэн мэдлээ. “Энэ өвчинд ороогдсон мэт хөөрхийлэлттэй байдал надаас л болжээ” гэх шиг аргадан аргадан сарвуугаараа түүний хөл, нүүрийг зөөлнөөр маажилж байлаа. Үүн шиг таатай таашаал энэ эм амьтанд яахин байх билээ.

Хоёулаа уулнаас доошоо чулуу өнхшүүлэн бууж, Тооройн баян бүрдэд ирэв. Хязгаар говьд энэ жил шиг дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан зун болж байсангүй. Бүрдийн шугуй дүүрэн хармаг харлан буржийтал ургажээ. Үүнийг булаалдах амьтан гэвэл болжмор, чогчиго, бас хаанаас гараад ирсэнийг мэдэхгүй ер үзэгдээгүй урт хар хорхой байв. Тэр хорхой ч мань хоёрт амтат идэш болох аж. Тооройн бүрд булаг тэр хоёрын тавхайгаас илүүгүй ч, зарим хотгор газраа зэгсэн гүн гээч . Тэр хоёр урд өмнө байгаагүйгээр маадайж, бие биеээ ноолж, булгийн усанд умбав. Бүрсийсэн саарал амьтад хужир мараанд хөрвөөгөөд, харахаас хөгийн амьтад болцгоожээ, ухаант хүнсэн бол бие биеэ харан яаж шоолж, яаж элгээ хөшөөхийг мэдэхгүй.

Эргэн тойрон ажин түжин, болжмор жиргэх, хааяа өвс хугарах шиг чимээ гарахаас өөргүй. Тээр тэнгэрийн хээлэнд элээ тогтчихсон мэт тогтуун дэвэх нь үзэгдэнэ. Энэ ертөнц дээр тэр хоёр шиг жаргалтай нь байсангүй. Шармаахай эвшийнхээ зөөлөн, хачин содон үнэртэй цавинд хошуугаа шургуулад унтлаа. Эвш ч эрийнхээ зантгар толгойг хэлээрээ долооно. Цэнхэр цөцгий шувуу бүр өдөж байгаа шиг тэр хоёрын толгойн хажууд ирээд тонголзоно. Түүнийг даанч тоосонгүй, арайхийж давсан тээр жилийн шал тойрмоор улаан тоос босохоос өөр юмгүй, улаан ганаар бол ийм бэлэн хоол байтугай бутны ёроолоор үрээд хаячихсан шиг хатсан голио, царцааны сэг ч амтат идэш болохоор байв. Араганд ч үүрээд явчихаж болмоор энэ хоёр эгдүүтэй хөөрхөн амьтан шиг нь үгүй мэтээ. Хааяа ялаа хэдгэнэ тэр хоёрыг ороож, чих, хамар, хоншоор, цавин дээр суухаас өөрөөр өдөж хатгах зүйл даанч үгүй. Тээр хол битүү нүргэлэх чимээ доод газрыг чичиргэсэн ч тэр хоёрыг сэрээсэнгүй. Булгийн жаахаан шор шорхийн, жижиг хонхны хэл шиг хоржигнох чимээг ч сонссонгүй.

Гэтэл нам гүм орчинг тэр чигээр нь цочоож, буун дуу тасхийв. Шармаахай, эвш хоёр тийм чанга аймшигтай дууг хэзээ ч сонсож байсангүй. Шармаахай огло харайн босоход эвш аль хэдийнэ тэрийн унаж, хүрэн улаан цус хөлийг нь урсаж байв. Шармаахай хормын зуур ийш тийшээ аймшигтай цочирдон харан, юу болсоныг ойлгож ядах ч , эвшийнхээ цус олгойдох шанааг долоож байтал, хачин амьтад сэгнийлдэн хашгиралдсаар гүйн ирж явааг хараад бяцхан зүрх нь хагарах шахан байдгаараа урагшаа харайлгалаа. Үүнийг хоёр хөлт, хохимой толгойт хүн гээч амьтан байдаг гэдгийг яахин мэдэх вэ? Бас дээр нь энх амгалангийн диваажин болсон энэ домогт уул тэр энгээрээ алт эрдэнэсийн орон гэдгийг мэдэж, хүн гээч амьтан уухайлан эзлэн авч байгааг бас яахин мэдэх билээ.

Шармаахай аюулаас арайхийн мултарч, хадны хавцалд нуугдлаа. Түрүүчийн аймшигт дуу чихэнд нь үргэлжид сонсогдож, бие доторх бяцхан зүрх, гадагш арьс цоолон гарч ирэн алдан цовхчино. Болжморын дуу, тэр ч бүү хэл арчаагүй голио исгэрэх нь ч тэр муухай аймшигт дууг санагдуулах аж. Шармаахай энэ аймшигт явдлаас хойш эвшээ цөхрөлтгүй эрж хайсаар байсан, тааралдсангүй. Тэр хадны завсраар нөгөөх хачин улсууд өөрсдийн өвөл ичдэг үүрийг сэндийлж, арваалж мэт олон саравгар зүйлүүд асар их чимээ гарган, утаа олгойдуулан уухилан хад чулууг нураан, газрын хөрсийг онги татаж байв.

Айн цочиж дүрвэсэн шармаахай уулнаас ууланд, хавцалаас хавцалд, нуруунаас нуруунд мярайн хэдэн жил тэнэж, эвшээ эрсээр хайсаар байлаа. Тэр буун дуунаас хойш унтаж чадахгүй, байнга цочин сэрдэг болжээ. Түүний ул тавхай цоорч, завсраар нь чулуу орж идээлэн, гишгэхийн аргагүй хөндүүрлэсэн ч гэлээ явсаар, тэнэсээр, хайсаар байв. Өөртэй нь ижил төстэй амьтан ер тааралдсангүй.

Тэртээ Атас хайрхан ууланд нэгэн эм эвш, мөн ямар ч хамаагүй шармаахайтай тааралдахсан гэж эрсээр цөхөрч, гасалж явааг мань шармаахай яаж мэдэхэв дээ. Үнэр, үнэрээ авч, хань барааагаа харж, аз гийвэл, энэ хоёр бие биедээ тэмүүлэн өөд өөдөөсөө явлаа гэхэд элбэг хоёр жилийг туулах, ийм л холын хол дайд оршиж байжээ. Шармаахай уулнаас бууж чадсангүй. Доошоо баян бүрд рүү буух тийм зүрх байсангүй. Хадны завсар хавчуулагдсан хатсан өвс олдвол дээдийн заяа болов. Усны бараа харалгүй, харангадаж эхэлжээ.

Шармаахай нэг л өдөр дөрвөн хөл дээрээ босоод явж чадахгүй, хоолоо олж чадахаа больжээ. Бяцхан чогчигоны дуу ч бууны дуу шиг аймшигтай чангаар чихэнд нь мөнхөд хадагдсан бол энэ үеэр бүхэл бүтэн уулын энгэрийг дэлбэлэн, хавийн хад л чулуу тэнгэрт ойн буун цацагдаж байгаа түүнээс хэдэн мянга дахин аймшигт дуу чимээг шармаахай аль хэдийнэ сонсохоо больсон байв. Ганц энэхүү тэнэмэл шармаахай ч биш, энэхүү тээр холоос цэнхэртэн харагдах сүрлэг их уулсад тэр чимээг сонсох мазаалай үлдээгүй гэнэ лээ.

До. ЦЭНДЖАВ