МОНГОЛ ЯЗГУУРТАН ДЭЭДСИЙН АМИЛСАН ТҮҮХ

(До.Цэнджавын “ Цагаагчин гахай жил” романы тухай шинжлэл- бодол)

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, Профессор агсан Ч.Билигсайхан “Өдрийн сонин”

2О12. О7 . 21 –ний №173

Ерээд оноос монгол роман, түүний судлал шүүмжлэл амралтаа авсан шиг хэсэг зуур хүлээзнэв. Харин энэ хооронд элдэв шалиг завхай явдал, адал хачин үзэгдэл зэрэг үүвэр түүвэр юмс гарч байлаа. Үнэндээ Монголд 80-аад жил хөгжсөн реалист романы уламжлал, тодорхой шинэчлэл хөгжлөө хүлээсээр байлаа. Ер нь 90-ээд оноос хойших 20 шахам жилд уран зохиолд ямар нэг юм хүлээсээр, дороо эргэлдсэн байдалтай явж ирсэнийг хүмүүс мэднэ. ХХ зуун өндөрлөснөөр Монголд юм бүхэн яаж шинэчлэгдэн хөгжих талаар гүнзгий эрэл хайгуулын үеийг тууллаа.

Ялангуяа энэхүү шинэчлэл өөрчлөлт роман шиг үгийн урлагийн нийлмэл том төвөгтэй төрөлд тийм хялбар бүтэхгүй нь тодорхой. Багцаалбал, 2ООО оны дундуураас романы төрлөөр эхний туршилт шинэвтэр бүтээлүүд хэвлэгдэж эхлэв. Тэр дундаас үндэсний түүх, соёл, үе үеийн шилдэг хөвгүүдийн тухай сэдэв онцгойрлоо. ХIII зуун Чингис хааны тухай сэдвээр хэд хэдэн роман гарав, түүхэн бие хүмүүсийн амьдрал үйлсийн тухай сэдэв монгол зохиолчдын анхаарлыг онцгой татах болов. Ийнхүү 21 зууны амьсгаа Монголын романы хөгжилд илэрхий эрч хүчтэй орж ирэв. Социализмын үед монголын реалист роман түүхэн тодорхой үеийг нэгэнт туулж, бололцоо боломжоо шавхсан байв.

Тэгвэл шинэ зуунд Монгол романы хөгжилд огт өөр зүйлийг хүсэн хүлээж байгаа нь илэрхий байсан юм. Монгол улсын тусгаар тогтнолын 1ОО жилийн түүхэн том ойг өнгөрсөн 2011 онд өргөн тэмдэглэсэн нь үндэсний түүхийн ухамсрын шинэ үе, гүн ухаан сэтгэлгээний томоохон дэвшлийг авчрав.

Үүний нэгэн илэрхийлэл болсон зохиолч До.Цэнджав “Цагаагчин гахай жил” романаараа Монголын түүхийн сүүлийн 300 жилд болсон том түүхэн дэвшил хувьсгал ч гэж нэрлэж болохоор нийгмийн явдлыг үзүүлснээрээ онцгой болов. “Цагаагчин гахай жил” Монгол хүүрнэл зохиолд хэд хэдэн дэвшил авчирсныг бүрнээ илтгэлээ.

Нэг: Монголын шинэ уран зохиолын түүхэнд анх түрүүнд монгол язгууртан дээдсийн эх оронч халуун сэтгэл, зүтгэлийг тэргүүн байранд гарган ирж дүрслэн харуулав. Социлизмын үеийн реалист романд язгууртан дээдсийг гол дүрээ болгосон роман олон бишээ. Ж.Пүрэвийн “Аянга” романд Сайн ноён хаан Намнансүрэнгийн амьдрал тэмцлийг нэлээд гүнзгий үзүүлж, нийгэм түүхийн их үйлсийг хэдийгээр социалзмын хөгжлийн ид үед ч гэсэн чамгүй уртай, зоригтой дүрсэлсэн билээ. Зохиолчийн энэхүү зүтгэл үзэл сурталчдын хараанд өртөн чамгүй хэл ам дагуулсныг цухас тэмдэглэе. Тэгвэл “Цагаагчин гахай жил” романд 1911 оны түүхэн хэрэг явдлыг гардан санаачлан үүсгэж ялалтад хүргэсэн ноёд дээдсийг бахдам сайхан үзүүлсэн байна. Тэдний бас эмгэнэлтэй хувь заяанаас ч тойрч гарсангүй. Үүнийг романы бүр эхлэлийн бүлгүүдээс л “Төр зүтгэсэн хүнээ зажилж дуусгадаг” гэдэг ёр сэжиг, зөн бэлгэдэлт хачирхалтай үгийг байнга сануулан чихэнд дуулдаж, үе үе далдаас жийрхэн хэлэх ч шиг болсноо романы төгсгөлд илэрхий болж, үүнийгээ бүр чанга дуугаар өндөрлөж байна. Энэ хэлц хэллэг бол романы үйлийг өдөөгч, дүрийг хөтлөгч эргэх араа болоод зогсохгүй өнө эртнээс нааших нэгэн эмгэнэлт явдлын шүүгч гэхэд болно. Ийм үгийг сүүлийн үед “түлхүүр үг” “түлхүүр санаа” гэлцэх болжээ. Хөтөч үг, илэрхийлэл юм л даа.

Хоёр: Зохиолч До.Цэнджав энэ романаараа ноёд, түшмэд, хутагт хувилгаад лам нарын эрдэм чадал, хүчин чармайлт улс гэр Монгол түмнийхээ төлөө зүтгэж ирсэн шашин төрийн үйл хэргийг бараг л анхалж эерэгээр үнэлсэн байна. Энэ тухайд “Цагаагчин гахай жил” роман үлэмж нөлөө, үлгэртэй томхон бүтээл болсныг цухас тэмдэглээд хойшид задлан үзэх болно.

Гурав: Хоосон ядуус, дорд ардууд л хувьсгалын гол хүч болж, тэднээс ухаантай, шударга нь үгүй мэтээр бичиж, хөрөнгө бэлтэй язгууртнууд лам ноёдыг доог тохуу болгон мулгуй тэнэг байдлаар гаргаж ирсэн социалист сэтгэлгээг залруулах явдлыг До.Цэнджавын энэ бүтээл зоригтой далайцтай эхлүүллээ.

Дөрөв. Наймдугаар Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг анх удаа нэлээд өргөн дэлгэцээр, бүрэн бүтнээр нь тодруулан тавьсан нь урамтай байлаа. Өнгө будгийг ч тааруулав. Романд Наваан оточийн бодлоор “Богдын маань төрийн ухаан хол ч, гэрийн ухаан ойрхон зуур юмуудаа” гэж эргэцүүлэн бодож байгаа нь дүрийг хэт цайруулах, хэт харлуулахаас зайлсхийж, хүний ёсны алдаа оноог хослуулах магад ч үгүй төрийн зүтгэлтэнд байх л чанарыг нухацтай нээж чаджээ.

Тав: Түүхийн сэдэвт романы бичлэгт шинэ маягийн урлал, хийц хэлбэр, сэтгэмжийг нэлээд зоригтой шинэчлэгчийн хэмжээнд ярьж болохоор бодитой гарч ирэв. Алдарт “Тунгалаг Тамир” романаас авахуулаад бараг түүхэн бүх романд Сибирьт цөллөгт байсан орос большевик манайд орж ирээд, монголын хувьсгалчтай танилцаж улмаар хувьсгалыг сурталчилж бүх түүхэн явдалд тэргүүлэн оролцдог гэдгээр илэрхийлж заншсан байлаа. ”Тунгалаг Тамир” романы Петрийн дүр ийм маягаар гарч ирж бусад түүхэн романуудад давтан давтан улигладаг байсан нь үнэн зүйлээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тэр цагт аль нэг үгээгүй ардын хүү хувьсгалт тэмцэлд орос ах нарын үлгэрээр л орж ирдэгийг давтан давтан үзүүлдэг нь зохиолчдыг буруутгах аргагүй, үзэл суртлын учир утгатай зүйл байлаа. Тэгвэл “Цагаачин гахай жилд” үндэс угсаагаа гэсэн хуучнаар бол хар шар феодал гэж дайсагнуулан адлагдсан монголын ноёд дээдэс, Чингисийн алтан ургийнхан улс орноо улсын дайтай улс болгохын төлөө шаналж, хэрхэн гал усны гашуун зовлонг туулан тэмцэж ирсэнийг анх удаа үнэн бодитойгоор баримт уран сайхны харилцааг түшиж тэргүүн зэрэгт тавьсан нь монгол романы түүхэнд онцлон тэмдэглэвэл зохих том дэвшил юм. Энэ түүхэн дэвшилд чухамхуу ХХI зууны Монголын шинэ үеийн зохиолчийн сэтгэлгээний хөгжил дэвшил нөлөөлснийг энд хэлүүштэй. Чухамдаа “Цагаагчин гахай жил” романы шинэтгэл гэж энэ дэвшлийг аргагүй нэрлэх ёстой. ХХI зууны шинэ маягийн монгол роман бичлэлийн доривтой эхлэл гэж зориуд тэмдэглэмээр байна.

Зургаа : Хиймэл зохиомолоор гаргаж ирсэн, зарим талаар албадмал ангийн зөрчил тэмцлийг харуулаагүй монголын анхны түүхийн сэдэвтэй томоохон бүтээл бол “Цагаагчин гахай жил” юм.

Долоо: Хуучин үед ноёд, лам хувраг нарыг нухчин дарлахаас өөр бодох санах ч юмгүй хэмээн гүтгэн үзүүлдэг байсан бол өнөөдөр улс үндэснийхээ төлөө чухам чөмгөө дундартал зүтгэх жинхэнэ эх орончид эдгээр үндэсний язгууртан дээдэс юм гэдгийг зохиолч До.Цэнджав үнэний хараагаар шүүж, шинээр гаргаж тавив.

Монгол уран зохиолын түүхэнд 1990 он хүртэлх үед монгол роман төрөл зүйл, уран чадвар, дүрийн талаар ихээхэн туршлага сургамж үлдээснийг үгүйсгэх аргагүй. Б.Ринчений “Үүрийн туяа”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ж.Пүрэвийн “Аянга”, С.Эрдэнийн “Занабазар” зэрэг олон бүтээл монгол романы зүй ёсны өв санг бүтээсэн нь бахархалтай. Гэвч энд үзэл суртлын нэг намын хатуу тогтолцоо, социализмын үеийн ангийн тэмцлийн онол үзэл суртлын бодлого зохиолчдод хязгаарлалт тогтоодог байлаа. Тэгвэл ХХI зууны шинэ маягийн монгол романд чухамхүү зохиолчийн хяналт хязгаарлалт байхгүй болсон нь “Цагаагчин гахай жил” романы үнэ цэнийг өргөх, гол дэвшлийн эх үндэс болж байна.

Одоо романы зарим шинэлэг содон дүр, дүрслэлийн талаар товч авч үзье. Энэ нь нэг талаар романы онцлог содон зүйлс юм.

“Илэрхий есөн тодорхой” Жамсан гэгч хэн бэ?

Монголчууд нэг зүйлд ихээхэн хүндэтгэлтэй хандаж хувь заяа, төөрөг, аз хийморь, бишрэл шүтээн гэхчилэн нэрлэж онцлон ярьцгаадаг. Ер нь хэн нэг хүнд түүхэн төөрөг заяа ивээж эсвэл бурхан тусалж энэ азтай учрал болсон юм гэцгээх нь элбэг. Яг ийм утгаар уг романд “Илэрхий есөн тодорхой” хэмээгч Жамсангийн дүрийг зохиогч тун сонин байдлаар сэтгэж, өмнө байхгүй шинэ дүрийг онцлон гаргасан байна. Романы явцад заримдаа Жамсан ид шидтэн ч юм шиг эсвэл адал явдлын баатар ч юм шиг сонин маягаар гарах боловч зохиолыг унших явцад энэ дүр байхгүй байсан бол үнэндээ роман амьгүй бие мэт болж, манж, орос, хятад, монголын шашин төрийн зүтгэлтэн, янз бүрийн хүмүүсийн хооронд харилцаа үүсэхгүй, тэдний дотор бодол санааг уудлан гаргах аргагүй ч байж болох юм. Тэр бол нэг бодлын сармагчин шиг үймүүлж, романы үйл явдлыг адтай илбэдэн сандаачиж чадаж байна. Ийм нэг эсрэг тэсрэг цэнэг хуримтуулахгүй, гал асаахгүй бол энэ 8ОО гаруй хуудастай зузаан романд татагдах бэрх. Говийн монгол жирийн эхээс төрсөн Жамсан хар багадаа Төвдөд очиж эрдэм ном, ид шид гэгчийг эзэмшиж, төвдүүдээс “Илэрхий есөн тодорхой” хэмээх гуншин хүртэж, улмаар “Эсвэл төвдөд өөрөө үлд, үгүй бол ясаа үлдээ” гэсэн аман хууль байдгийг нотолж, монгол руугаа буцахааргүй арга ягдан төвдүүдэд олзлогдож байгаа нэн сонирхолтой содон амьдрал дүрслэгдэнэ.

Арга ухаан заль мэхийн хүчээр төвдөөс зугтан гарч Их хүрээнд ирээд наймдугаар Богдын ойрын дотнын хүн, хэнд ч итгэгддэггүй нууцгай сэжиг бүхий явдалтан болж хувирсан түүний үйл явдалд үзүүлсэн ач тусыг юутай ч зүйрлэх аргагүй юм. Шидтэн гэвэл шидтэн, туршуул гэвэл туршуул, номтой гэвэл номтой гаж сонин үйлдэлтэй иймэрхүү ер бусын хувилгаан хүчтэнгүүд хуучин монголоор дүүрэн байсныг гадаадын жуулчид, явуулын хүмүүс цөөнгүй тэмдэглэсэн байдаг. Энэ бол монголын түүхэн романуудад байдаггүй анхны туршуулын дүр. Өнөөгийн хэллэгээр тагнуулч гэхээр тэр хүн хүнээс үг авахын тул ёдор гуйлгачин ч болж чадна, олбог дээр завилах хувилгаан ч болж чадна. Зуу гаруй жилийн өмнөх шажин бурхан, ид шид, дээд бумбын оюун, тархины үйлдэл туйлдаа хүртэл хөгжсөн үе бол өнөөгийн үе биш, тааварлахын аргагүй шидэт ертөнц. Жамсан Монгол романы түүхэнд гарч ирсэн, зохиолчийн сэтгэн ургуулсан, төсөөлсөн нэн сонин зарим талаар хачин гайхалтай яах аргагүй шинэлэг дүр мөн. Дэлхийн сонгодог гээд байгаа романуудад Жамсангаас ч бүр итгэхийн аргагүй шидэт явдал, байшгүй гэмээр хачирхалтай дүрүүд байдаг л даа. “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэсэн явуургүй үгэнд л хариу болсон, ном эрдмээрээ бол дацан хүрээнд ямар ч хэргэмтэн болчихоор боловч тэгсэнгүй. Адгийн амьтан ч юм шиг, алдрын магнай ч юм шиг Жамсан оюун санааны хүч, махан бодиос салж хагацсан гэгээрлээ тулгат төр улсынхаа төлөө зольжээ. Үүнийг хэн ч ойлгоогүй, хэнд ч ойлгуулахыг хүсээгүйгээрээ уншигчийг магад бухимдуулж болох нь зохиолчийн арга эв бөгөөд нөгөөх ур чадвар гээч нь юм. Мөн Дашдорж цорж хэмээх ухаанаараа хэнийг ч мад тавьчихдаг, Богдтой ч зөрчихдөг, ёж гашуун үгтэй, ёс төр ихтэй, номонд эгэлгүй, шавь нартаа ээлтэй тэр цагийн тэрслүүд үзэлтнийг төлөөлөхөөр нэгэн хувилгааны сонирхолтой дүр бий.

Ер нь энэ романд ургуулах содон үйл явдал, ухах дүрээр нэн баялаг болсноороо давтагдашгүй мэт санагдана. Манжийн хааны ордонд жаахан хөвгүүдийг агталж тайган болгож байгаа хэсэг, Ховдыг чөлөөлөх байлдааны сонин хачин, Хатанбаатар Магсаржав болоод Дамбийжаагийн авир төрх гээд ярьвал их зүйл бий. Наад зах нь, хүчин мөхөсдөж, монголын хувь заяа хутганы ирэн дээр ирэхэд, өндөр гэгээн Занабазар хутагтаас шавь нар нь цаашдаа хэрхэхийг, хаанахыг дагах вэ?” гэж эргэлзэн асуухад “ Мандах төрийг дагаснаас мөхөх төрийг дагасан нь дээр” гэсэн нь тухайн үедээ төрийн алс хэтийг харсан асар том ухаан байсныг зохиолч хэлж өгч байна. Төр улсаа хожим мөхөж алга болох хувь заяатай манжуудаас эргүүлээд авахад хялбар гэдгийг мэдэрсэн манай буурал дээдсүүд наанаа тэдний эрхшээлд орсон мэт байвч, цаагуураа манжуудыг эвтэйхэн аргаар далдуур хөтлөөд, төр, шашин, үндэс угсаа, газар шороо, хэл, соёлын элдвийн чухаг хэргийг нарийн ухаан гүйлгэн шийдүүлж ирснийг бид олон арван жилийн турш харж чаддаггүй, зөвшөөрч чаддаггүй байжээ. Түүх гашуун ч гэсэн үнэн байх нь түүнээсээ илүү. Ядаж л хойт хилээ 1727 онд “Буурын гэрээгээр” тогтоолгохыг манжаар хийлгэж чадсан байна шүү дээ. Хэн хүнд таалагдах эсэхийг мэдэхгүй, гэхдээ Цэнджав манжуудыг гагцхүү занаж хорссон нүдээр биш сүүдрээс гэрлийг олж Линь түшмэлийн дүрийг өмнө байгаагүйгээр гаргаж тавив. Үнэхээр тэр амь наана, там цаана үед оросуудыг дагасан бол өнөөгийн буриадуудын маань хувь тавилан монгол орныг тэр чигээр нь харанхуйлан бүрхсэн байхыг үгүйсгэх аргагүй.

“Хар хушуут” Доржпалам ван гэгч хэн бэ?

Сэцэн ханы хошуу ноён “хар хушуут” Доржпаламыг романы яг адилхан хэргэм зэрэгтэй Чагдаржав гэгчтэй эн зэрэгцүүлэн харшуулах аргаар огтолцуулах болоод үл огтолцуулах шугамаар зохиолын байгууламжаа бүтээсэн байна. Нэг нь монголынхоо төлөө, нөгөө нь манжийн төлөө холбиршгүй зүтгэх хүмүүс юм. Өнөө ч Доржпалам ван шиг ийм хүмүүс байна шүү сэрэмжлээрэй гэдгийг цочмогоор сануулж байна. Энэ хоёр дүрийг хооронд нь харгалдуулж харшилдуулснаар олон юмыг ухаарч харах гарцыг нээв. Ерөөсөө До.Цэнджав дүрийн сэтгэлзүй гэгчид нэвчсэн хүний дотоод ертөнцийг боловсруулагч зэгсэн бодлоготон юм байна гэж бодогдов. Доржпалам эхнээсээ төгсгөл хүртэл зальтай ухаантай хэрнээ улс гэрийнхээ эрх ашгаас уравсан манж хятад дээдэст дөрлөгдсөн сонин хүн. Анх Сандо амбантай учран өөрийн хүсэл зорилгоо илэрхийлснээр түүхэн эгзэгтэй цаг үед чухам од шүүрэх адил эд хөрөнгө эрх мэдэлтэй болох хязгааргүй мөрөөдөлдөө автан уламаар Бээжинд очиж өнгө, мөнгөнд уургалуулж бүрмөсөн эргэшгүй болж байна.

Романд Доржпалам Сэцэн ханы хошууны дээдсийг Богд гэгээнтэй шадарлахад хүргэж өөрийн туйлбаргүй урвагч чанараараа Монгол төрийн дэвшилтэт язгууртнуудын дайсан болов. Зохиолч чухам түүнийг сонгосон эсэхийг мэдэхгүй, ер нь түүхэнд ийм урвагч Доржпалам гэгч ван байдаг. Эх оронч байгаа газар урвагч, урваач шарваач байгаа газарт баатар байдаг нь бараг хууль гэдгийг зохиолч айхтар ойлгожээ.

Романы төгсгөлд өвөр монголыг чөлөөлөх таван замын цэргийн сайд Чагдаржав тэргүүтний өөдөөс зэвсэг барин тулалдаж хэзээний өстөн өөртэй нь заргалдагч Дорлигтой учирч хувь заяа нь үхлээр төгсөж байна. Романд Доржпаламын шугам гөрөөч Дорлигийн хайр сэтгэлт бүсгүй Дарьнаа нарын сэтгэлзүйн нарийн нандин харилцаа, ээдрээтэй сонирхолтой явдлуудтай холбогдож, хүний сэтгэлд хоногшим ихээхэн тод гарчээ. Романы энэ хэсэгт өвөрлөгчийн харчин гүн Бавуужавын Чингисийн нэгдсэн их монголын төлөө тэмцэгч, ээдрээ эмгэнэлтэй хувь заяа бүхий зөрчилт бие хүн гэдгийг нэлээд тод өнгө аясаар гаргаж ирэв. Харчин гүний түүхэн бодитой явдал социалист үеийн нэлээд романуудад цухас цухас дээрэмчин тонуулчин гэдгээр сөргөөр гарч байсан. Харин энэ удаа Цэнджав түүхэн үнэн зөв, хар цагааныг ялгаруулан Харчин гүн Хайсан зэрэг ахан дүү өвөрлөгчдийн гавъяа зүтгэл, эрэлхэг эх орончдыг тод томруун гаргаж ирэв. Ер нь “Цагаагчин гахай жилийн” түүхэн хэрэг явдалд ар өвөр монголчуудын эрх чөлөөний зүтгэлтнүүдийн амьдрал, хүсэл бодол, хувь заяаг нийтлэг эрх ашгийн төлөө тэмцлийн үйл хэрэгт ямархан чухал байсныг тод, сонирхолтой аргаар дүрсэлжээ. Харц Дорлиг ноён Доржпалам хоёрын ээдрээт амьдрал гоо бүсгүй Дарьнаагийн хувь заяатай холбогдон нэгэн сонирхолтой үйл явдлын шугамыг бүрдүүлжээ. Манж хятадтай холбогдсон 2ОО гаруй жилийн дотор Монголын олон хөвгүүд охид хувь заяагаа ээдрээт түүхтэй холбож эмгэнэл гутамшгийн эргүүлэгт татагдаж орсон ч нууц биш.

Тэр ч байтугай өнөөдөр ч гэсэн бид тэр энэ хятадын эрлийз, хурлийз, тэдний үзлийг дагагч гэж бие биеэ хардан шүүмжилсээр байдаг билээ. Энэ бол монголчуудын түүхэн хувь заяанд тохиолдсон ихээхэн эмгэнэлтэй чухамхуу тогтож дүрсэлмээр хэрэг явдал юм. Олон зуун жилийн дотор харь гүрний соёл зан заншил алив бүхэнд татагдах явдалд улс бүхэнд байдаг ээдрээтэй учир начрыг нухацтай гарган үзүүлмээр байгаа юм.

Эрдэнэ шанзавын Гунгааням сайд гэгч хэн бэ?

Богд хааны ордонд эрхэм хүндтэй байр суудал хүлээсэн “Шор” Гунгааням гэж нэн сонирхолтой дүр романд гарна. Богд хааны тухай дүрсэлсэн өмнө үеийн романуудад эрх чөлөөний тэмцэгч монголын дээдсийг хордуулан алж устгадаг хар хүчин байгаа тухай бүдэг бадагхан гардаг. Тэгвэл До. Цэнджав энэ романдаа Богд хаан болоод эх дагина хоёртой сонин учирлаар холбогдсон ихээхэн ээдрээ, эрх дарх бүхий Гунгааням сайдын сайтар боловсорсон дүрийг гаргажээ. Хааны ордон гэдэг бол гаднаас харахад гайхан бишрэм боловч жинхэнэ дотроо хачин жигтэй явдал, хар хор, атаа жөтөөгөөр дүүрэн орон байдаг ажээ. Богд хаанд царайлаг залуу банди олж өгдөг бол эх дагинад нууц янаг нь болсон энэ “Шор” хэмээх Гунгааням романы олон хэрэг явдалтай гүнзгий холбоотой. Чагдаржав ноёны нутгийн шадар албад хожим даншигийн арслан цолтой том бөх болсон Чүлтэм “цоохор дуутуур” Шарав баяны эхнэр Цэрмаагийн дүү хүүхний охин, ээжийг нь үхэхэд үрчлэн өсгөсөн гоо охин Бүжиймаа хоёрын хайр сэтгэлийн ээдрээтэй сонирхолтой бас эмгэнэлтэй түүх энэ романы нэг гол хэсэг юм. Хожим Чагдаржав ноёны бөх болж нэр сүрээ мандуулсан Чүлтэм арслан гоо бүсгүй Бүжиймаатай хайр сэтгэлийн шижмээр холбогдох авч тэдний дунд нөгөө Гунгааням сайд орж ирж Монгол төрийн олон сайд язгууртныг хордуулан юу ч хийхээс буцахгүй амьтны эргүүлгэнд багтаж байна. Тэр гоо охин гай хөөтэй нөгөө амьтны нууц хор хадгалсан авдрыг нээгээд улмаар газар дээрээ баригдан сандрахдаа хорыг хүртэж амьдрал хувь заяа нь төгсөж байдаг. Нөгөө дээдэст талтай Гунгааням сайд ч Богдын шанзавын яамын хамаг эрх мэдлээ алдаж, сайхан дүр, гоё үгний зэс нь цухуйж түмэнд шившигээ харуулсныг зөв шийджээ. Романд дүрслэгдсэн Бүжиймаа Гунгааням Чүлтэм арслан нарын ээдрээтэй шугам зарим үед жаахан эргэлзээтэй гэхээр боловч яах аргагүй романы гол хэсэг юм.

“Цоохор дуутуур” Шарав баян гэгч хэн бэ?

“Цагаагчин гахай жил” романы гол баатар монгол төрийн эрхэм хүндтэй зүтгэлтэн Чагдаржав өөрийн төрсөн нутаг Говь түшээ гүний хошуунаас гарч Их хүрээнд ирж бусад Монгол ноёдын хамт эрх чөлөөний замд нэгдэн орох явцдаа хүрээний цуутай баян “цоохор дуудуур” Шаравынд анх уулзан учирцгааж хожмын хэрэг явдлын олон салаа энэ замд нэгдэж байна.

Романд Шарав баяны хятад, монгол, орос газрын наймаачидтай танилцан хоршиж улмаар түүний овсгоо самбаа бас эх орон ч сэтгэл нь говь түшээ гүн Чагдаржавтай ойртож нөхөрлөснөөр амьдрал нь утга учиртай болж өөрөө ч улс гэрийн эрх чөлөөний үйлст ихээхэн хөрөнгө хувиа оруулдаг. Хувьсгалт үйл явцад янз бүрийн замаар нэгдэн нийлсэн монгол үндэстний олон анги давхаргын нэг баячуудын хэсгийг тодорхой төлөөлөх ихээхэн утга учиртай энэ дүр тод сайхан гарчээ. Өөрийн гоо эхнэр Цэрмаагийн нөлөөгөөр романы гол баатар Чагдаржавтай холбогдож “Цагаагчин гахай жилийн” хэрэг явдлын чухаг хүн болсон энэ дүр уг романы олон арван томруун тод янз бүрийн хувь заяатай дүрүүдийн нэг содон өвөрмөц нь юм.

Ялангуяа Гунгаанямын нууц далд хар хэргийг илчлэн монгол төрийн ээдрээ будлианыг зөв замд ороход Шаравын гавьяа зүтгэл их нөлөөтөй болов. Ер нь тусгаар Монгол улсын өөдөлж дэвжихэд хөрөнгө мөнгөтөй баячууд наймаачид үндэсний хөрөнгөтнүүд чухал байсан гэдгийг зохиолч Шарав баяны дүрээр зориуд үзүүлсэн бололтой.”Тунгалаг Тамирын” баян Итгэлтийн дүртэй монголоо гэсэн сэтгэл нь нэгтгэж байна.

Аат хар Лувсан заан, Чүлтэм арслан нар хэн бэ?

“Цагаагчин гахай жил” романд ард гаралтай гурван сонирхолтой тод гарсан дүр бий. Тэр бол гөрөөч Дорлиг, Чагдаржав ноёны шадар түүний уугуул нутаг усны Чүлтэм арслан хожим ноён Чүлтэмийгээ бөх болгохоор аат хар Лувсан зааныг авчирч шавь оруулсан энэ гурван бөх бас монгол эрэлхэг зоригтой хүч тэнхээтэй эх оронч жирийн ардын содон сонин дүр романд гарч байна. Бөх хүний ааш аяг, амьдрал явдал, хайр сэтгэл, үг яриа үйлдэл энэ бүхэн улс гэрийнхээ хувь заяаны төлөө гэсэн монгол эр хүний сэтгэлтэй нэгдэн нийлж үйл явдлыг чимжээ. Энэ гурван дүрийг Цэнджав ихээхэн хайрлаж, бие сэтгэлээрээ ойртож бүтээсэн чухал дүр бололтой. Зохиолч өөрөө цолтой бөх байсан юм шиг монгол бөхийн ертөнцийг уудлан гайхалтай гаргаж чадав. Явж явж зохиолч “шор” гэвэл хэрхэн яаж шордож хүнийг хатгадаг, “аат” гэвэл аархуу зан гэж юу байдгийг гаргаж тайлбарлалгүй үзүүлж чадсанд л байна. Бөх хүний үйлдэл, үг хэллэг нэг иймэрхүү байх болов уу? гэсэн бодол санаа эрхтгүй төрнө. Ер нь Монголын олон шилдэг романд ямар нэг сайн эр, бөхийн тухай дүрсэлдэг нь учиртай. Хожим Дорлиг Ховдын дайны дараа “хурц баатар” цол хүртэж романы үйл явдлын шугамыг улам баяжуулж байна.

Дорлиг Дарьнаа, Чүлтэм Бүжиймаа гэсэн энэ хосуудын хайр дурлал амьдрал хувь заяа сэтгэл догдлом, хайр бахархал татам, содон сайхан гарчээ. Дарьнаа бүсгүй Доржпалам ноён нарын хожмын хувь заяа Маймаа хотын хятадуудын амьдрал монгол орны хувь заяанд нөлөөлсөн эрлийз хурлийзуудын хэрэг явдалтай нийлж 1919, 1920 үеийн Монгол түүхийн нэг эгзэгтэй ээдрээтэй хэрэг явдлыг тодотгосон байна. Энэ хэсэг романы бие даасан сонирхолтой романы чухал хэсэг юм.

Говь Түшээ ноён Чагдаржав гэж хэн бэ?

“Цагаагчин гахай жил” романы гол баатар Говь түшээ гүн хэмээн олноо алдаршсан Чагдаржав бол манжаас монголыг чөлөөлсөн удирдагчийн нэг. Түр засгийн газрын тэргүүн буюу халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлэн шийтгэх газрын дарга, Сангийн хэргийг бүгд ерөнхийлөн захирагч яамны тэргүүн сайд, Өвөр монголыг чөлөөлөх таван замын цэргийн ерөнхийлөн удирдах сайд, Хиагтын гурван улсын гэрээнд Монголоо тэргүүлэн оролцсон эрдэмт хичээнгүй Чагдаржав сайдын амьдралын хүсэл зорилго бүх зүйл үнэхээр тод товгор гарчээ. Ер нь “Цагаагчин гахай жил” роман бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын толь, монголоо монгол байлгахын төлөө тэмцэгч дээдсээс угтсаатай язгууртнуудын бахархам түүх юм. Зохиолч Чагдаржаваар “төрийн хар хүн” гэдэг хэн байдаг, юу үйлддэгийг яруу тодорхой харуулсан нь өнөөдөр нэн сургамжтай. Түүхийн бичлэгт энэхүү Чагдаржав “Цэцэг” хэмээх хэргэм зэрэг, хувь заяа бүх талаар адилхан Дашийн Чагдаржавтай андуурч будлин самуурч байсан явдал бий. Түүхчид үндэсний эрх чөлөөний хувьсгалын нэгэн гол удирдагчийг үл тоомсорлосон мэт мартаж, орхигдуулсаар ирсэнийг До.Цэнджав элдэв чимэггүй, сэтгэлийн хөөрөл хийсгэлгүй, зөвхөн зүй тогтлоор нь байранд нь тавьж өгчээ. Улс эх орныхоо төлөө өөрийн амь бие эрүүл мэнд хүсэл бодол хамаг бүхнээ хоёргүй сэтгэлээр зүтгэж бүх амьдралаа төрийн хүний хэрэгт зольсон эх оронч хүний бахархалтай дүр болж чаджээ. Богд эзнээс авахуулаад монгол төрийн ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Ханддорж чин ван, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарын бүгдийнх нь сэтгэл санаа, итгэл зүтгэлийг хүлээж Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө бүхнээ хаяж зүтгэсэн энэ их түүх, гавъяаг түүх болоод урлаг утга зохиолд орхидуулж байсан нь харамсалтай. Говь нутагтаа эцэг ноёны заавар зөвлөгөөг дагаж бага идэр нас нь өнгөрсөн, бас залуу цагтаа амссан баруун аймгийн Мядаг бүсгүйд хайр сэтгэлтэй болж тэр нь эмгэнэлтэйгээр төгссөн, хожим Да хүрээний Цэрмаатай сэтгэлийн холбоотой явсан энэ бүхэн Чагдаржавын дүрийг тодотгож байна. Гэхдээ урьдах романуудад залхтал нэг хэвийн байдлаар үзүүлдэг асан ноён хүний дээрэлхүү муухай зан, баяжихийн хүсэл шунал, эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэдэг тэргүүтнийг Чагдаржав таягдан хаяж зөвхөн улс Монголоо гэсэн хатуу чин сэтгэлээр халуун амь, бүлээн цусаа алдартал зүтгэж байсныг харуулж чадав. Богд хаант Монгол улсыг байгуулахад Монголын түүхэнд тохиолдсон олон хэрэг явдлыг чухамхүү Чагдаржав биеэрээ үлгэрлэн зүтгэж амь амьдралаа зориулжээ.Энэ утгаар Монголын түүхэнд гарсан язгуур угсаа бүхий эх оронч чин сэтгэл зүтгэл санаа бодол энэ дүрд цогцлон бүрджээ.

Түшээ гүн Чагдаржавын үйл гавьяаг зохиолч их өөр хүрээнд бүрэн бүтнээр нь харуулж чадсан нь зохиолчийн ур чадвартай холбоотой. Харин Чагдаржавын дүр ихээхэн хүчтэй тод гарч ирэх тусам Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэн, Шанзав Бадамдорж нарын дүр зарим талаар бүдгэрснийг романы дутагдал гэж үзэв. Ялангуяа Шанзав Бадамдорж монгол төрийн ийм том зүтгэлтний ертөнцийг манай зохиолчид гаргаж чадахгүй байсаар байгаа, чухамдаа Шанзав Бадамдорж богд хаантай үзэл бодлоо нэгтгэж орос хятадтай хэрхэн яаж нөхөрлөх гэсэн бодлого нь илт харагддаг. Шанзав Бадамдоржийг хятадуудад худалдагдсан урвагч гэх нь олонтаа боловч түүхэн ээдрээтэй цаг үед өөрийн хар ухаан гаргаж, хатууг зөөллөж, арай өөрөөр монголоо авч явахыг мөрөөдөж зүтгэж явсан , өөрийн гэсэн бодолтой гэмээр хүн нь надад харагдаад байдаг. Харин зохиолч До.Цэнджав Бадамдорж шанзавыг ад чөтгөр, арван цагаан буян хоёрыг цээжиндээ багтаасан тэр чигээрээ бүхэнтэй зөрчилдсөн, өөртэйгээ ч зөрчилдсөн арван егзөр өвгөний ухаант төрийн бодлоготныг цухас ч болохноо гаргаж тавьлаа. Үг яриа аль ч романы сүнс сүлд нь байдаг. Бадамдоржийн үг яриа өөрийн дотор бодолтой яв цав таарч байгаа нь Доржпаламтай харилцах явцад харагддаг. Тэр сайн муу бүх шинжийг агуулжээ. Бадамдорж шанзавын бусдаас хол илүү тасарсан төрмөл ухаан, ухаалаг зальжин, авлигач хомхой, адайр аашит, хэний ч эвийг ологч засдаг зан , эсэргүүцэн задлагч, авралт ачлалт, хор гүйлгэгч, ном эрдэмт чанарыг дотоод сэтгэлийн доторхи үймээн тулааныг айхтар зурсан нь бусад зохиолчоос өөр байна. Энэ хуурай магтаал бус шүү. Чухамдаа төрийн хүнд өөр өөрийн бодол, алдаа байж болохыг дооглон тохуурхаж, гутаан доромжилж бичсэнгүй, нээж үзүүлэхийг хичээжээ.

“Цагаагчин гахай жил” романд Монголын түүхийн маш төвөгтэй, ээдрээтэй үеийг зохиолч До. Цэнджав тун эвтэйхан харуулж чаджээ. Бид түүхийг бүтээхэд ард түмэн гол үүрэгтэй гэдэг марксист онолыг дэндүү ягштал баримталж том жижиг түүхийн хэрэг явдлыг социализмын үеийн түүх, уран зохиолын бичлэгт эзэнгүйдүүлэх явдал түгээмэл болж, ихээхэн гажуудал гарч байсныг тэр засжээ. Соц үеийн ангийн тэмцэл түүхэн дэх ард түмэн, хувь хүний үүрэг ролийг үнэлэх буруу үнэлэлт ужгиртлаа оршиж байлаа. Гэтэл бусад орон улсын түүх урлагийн том бүтээлүүдэд нийгмийн түүхийг бүтээхэд түүхэн хосгүй бодьгалиудын үүрэг онцгой байжээ.Түүхэн дэх нэг хүний үүргийг огтхон ч орхигдуулах ёсгүй хүчтэй том бие хүмүүс олныг удирдан агуу түүхийг цогцлуулдаг жишээ их Чингис хаанаас эхлээд Монголд олон бий.

Үндэсний үзэлдээ зүрх сэтгэл нь шулуудан хатаагдсан язгууртан дээдэс түүхээ бүтээх явдлыг “Цагаагчин гахай жил” романд шинээр гаргаж тавьснаар уран сайхны сэтгэлгээний түүхэнд энэ роман нэгэн шинэчлэлийг үүтгэв. Зохиолч До.Цэнджав уран зохиолын төрөл жанр болгоноор шинийг бүтээхийн төлөө чин сэтгэл, авъяас билгээ зориулж, улам даац сууж, улам шинийг бүтээх өмнөх том зохиолчдынхоо сайн үр, өв уламжлалыг өнөө цагт үргэлжлүүлэн, цаашдаа ихийг бүтээх чадвартан билгийн нүдтэй, билиг авъяас халгисан зохиолч болсноо энэхүү романаараа үзүүлж чадсаныг энд цухас тэмдэглэхэд таатай байна.

Нөгөөтэйгүүр Хүннү гүрний эзэн Модун сайн хаан, их Монгол улсын агуу их эзэн Тэмүүжин Чингис хаан, Юан гүрний эзэн хаан Хубилай цэцэн, их Богд урлалч анхдугаар богд Занабазар хутагт, хорьдугаар зууны эхээр тусгаар Монгол улсаа сэргээн мандуулсан анхны ерөнхий сайд Намнансүрэн, Ханддорж чин ван, Говь түшээ гүн Чагдаржав нарын зэрэг Монголын язгууртан дээдэс алдар суут түүхээ бүтээн цуурайтуулсаар ирсэн чухам дэлхийн түүхэнд гарсан нэг чухал түүхэн явдал яах аргагүй мөн гэдгийг тэмдэглэх нь нь шударга хэрэг мөнөөс мөн буюу. Төр, шашны харилцаа, түүний хооронд ойртох, үл ойртох хэм хэмжээ, Чингисийн алтан ургийн дээдэс язгууртны эрхэмсэг дүр төрх, уг гарвалийн гүн бодол санаа, төрийн хар хайрцагны бодлого, номч мэргэн санаа, түүнчилэн том жижиггүй хөдөлбөл юунд хүрч болохыг энэхүү “Цагаагчин гахай жил” романы зохиогч цогцлоон бүтээж, монгол романы дотор өөрийн дүнжгэр байр сууриа эзлэнэ гэдэгт утга зохиол судлаач, шинжээчийн хувиар итгэлээ.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.