Айдас төрүүлэм их ХАЙР

Би хэн ч биш. Би төгс биш. Би юу ч чадахгүй. Би сул дорой. Тийм хэдий ч хүмүүс намайг хайрласаар л байна. Тэр хайр нь АЙДАС төрүүлэм бас ИХ.

Бусдаас хайрыг мэдрэх үед хүний зүрх сэтгэл өөрөө хайраар дүүрдэг юм билээ. Учир нь хүмүүсээс хэмжээлшгүй хайрыг авсан шигээ тэдэнд буцааж өгөхийг хүсдэг юм.

Үнэндээ хааяа би тэр их хайраас зугтмаар санагддаг. Хэний ч мэдэхгүй газар очоод уйлмаар санагддаг. “Хэрэггүй дээ. Би та нартай хамт байх эрхгүй хүн. Би зүгээр” гэж хэлчихмээр санагддаг. Бас хэнд ч анзаарагдахгүй, чимээгүйхэн амьдрахыг хүсдэг. Яагаад гэвэл өөрийгөө тэр хайр, энэрэлийг хүртэх зохисгүй хүн гэж бодсондоо л…

Гэвч жинхэнэ хайр болзолгүй байдаг!

Магадгүй би төгс биш ч хүмүүс түүнээс үл хамааран намайг хайрлаж байгаа. Тэгэхээр хайр гэдэг ямар агуу вэ? Баян ч бай, ядуу ч бай, хоёр хөлтэй ч бай, хөлгүй ч бай бүх хүнд хайр хэрэгтэй. Хайр бол бүх зүйл. Бидний аз жаргал, урам зориг бас айдас, өвдөлт…

Та бусдаар ямар их хайрлуулж амьдарч байгаагаа өөрөө ч ухаарахгүй дээ. Ядаж бухимдсан үедээ очоод уураа гаргах гэр бүлтэй байгаадаа баярлэх хэрэгтэй. Мөн таныг загнах эцэг эхтэй байгаад талархаарай. Энэ дэлхий таныг яаж ч түлхэж байсан гэр бүл чинь таныг хэзээ ч орхихгүй.

Яагаад ч юм би энэ орой намайг хайрласан хүн бүрт “Баярлалаа!” гэж хэлэхийг хүсэж байна. Гэхдээ үргэлж намайг магтаж, надад тусалж байснаас гадна намайг шүүмжилж, хатуу үгээр ташуурдаж байсан бүх хүнд баярлалаа. Тэр л хатуу боловч үнэн үгс, тийм их хайраар өнөөдрийн БИ бүтсэн юм.

Та нар байгаагүй бол би энэ хүртэл явж ирэхгүй байсан. Хүний амьдралд хажууд хэн ч байхгүй юм шиг, гэр бүлийнхэн нь хүртэл ойлгохгүй хэцүү үе тохиолддог. Яг тэр үед хажууд байсан бүх хүнд баярлалаа.