Арай ч 22 нас хүрээгүй байна шүү!

Enkhmaa Bat-ulzii
Sep 9, 2018 · 3 min read

“Хэтэрхий хэрсүү ярианаас нь гэгээн ид шид нь цухас цухсаар арилаад ч байх шиг. Чиний гэгээн бодол, төсөөлөл үгүй учраас л “том хүн”-ий амьдрал уйтай байдаг юм.” гэж Ж.Тэгшжаргал 25 номондоо бичсэн нь юутай үнэн бэ! Энэ яг л миний тухай өгүүлээд байна.

Өнөөдөр хэн нэгэнд энгийн л нэг өдөр бол миний хувьд 21 настай байх сүүлийн өдөр. Би яг энэ үеийн мэдрэмжээ хадгалахын тулд үүнийг бичин сууна.

Яг жилийн өмнө

Төсөөлөл. “Төсөөлөл” бидний амьдралыг ер бусын болгодог, амьтанд биш цор ганц хүнд заяагдсан онцгой бэлэг. Гэнэт би бяцхан охин байх үеийнхээ дурсамжийг санав. Би орой бүр орондоо хэвтэхдээ нүдээ аниад хүсэл мөрөөдлийн ертөнцөөрөө аялдаг байлаа. Би бүр энэ дэлхий дээр байхгүй зүйлийг ургуулан бодож мөрөөддөг байж. Бадамлянхуа цэцгэн хэлбэртэй 70 давхар байшингийн хамгийн дээд давхарт нь сууж байна… Хэзээ нэгэн өдөр Нобелийн шагнал авна, өөрийн гэсэн ном гаргана, тэр нь олон сая хувь хэвлэгдэнэ гэж.

Харин сүүлийн жилүүдэд тэдгээр мөрөөдлүүд минь бага багаар замхарч, би бусадтай л адил өчүүхэн зүйл ярьдаг болсноо анзаарав. Ердөө л нэг сайн сургуульд элсэн магистрт сурж, өндөр цалинтай ажил хийх гэх дэндүү өчүүхэн зүйлс. Хэрвээ тэгээд л үхвэл амьдрал уйтгартай биз дээ. Түүний оронд бусдын амьдралыг өөрчлөх хүчтэй нэгэн болохыг мөрөөдөж болох шүү дээ. Зүгээр л илүү боловсролтой, илүү мөнгөтэй болохоос ИЛҮҮ ТОМ үйл хэрэг мөрөөдөх хэрэгтэй.

Хүний амьдралын нэгэн мөчлөг гэж байх. Хүн амьдралынхаа нэг үе дээш өгсөн явахдаа хүсэн мөрөөдөж, ихийг хийж бүтээж, унасан ч эргэн босдог бол нэг үе доош навс унадаг байх. Бүхнээ алдсан мэт, ямар ч найдвар байхгүй нэг тийм хоосон мэдрэмжээр дүүрдэг. Ихэнх хүн “доод хонгил”-д үүрд үлддэг бол цөөн хэд нь дахин дээш босож агуу зүйлс бүтээдэг байх гэж би боддог юм.

Чи юунаас хамгийн их урам зориг авав?

Эмэгтэй хүн ном бичиж, мод тарьж, хүүхэд гаргавал энэ хорвоод ирсний утга учир нь биелдэг юм гэсэн. Харин эрэгтэй хүн байшин барих… Нэг ийм дам яриа хүмүүсийн дунд байдгийг та мэдэх биз. Тэгвэл өнөө өглөө ах маань надад “Энхмаа, би бол чамайг тэрнээс илүүг хийнэ гэдэгт итгэдэг. Чи зүгээр л бусад шиг амьдрах гэж энэ хорвоод ирээгүй. Хэзээ нэгэн цагт би Энхмаа гэдэг хүний 22 насны төрсөн өдөрт хамт байсан шүү гэж бусдад гайхуулан ярих байх даа…” гэлээ. Ээ, Бурхан минь, ямар сайхан ерөөл вэ!

21 настай Энхмаа

22 нас гэдэг тийм жаахан биш ээ. Гэхдээ дахиад алдахад, шинээр эхлэхэд, хайрлаж дурлахад оройтоогүй байна. Хэхэ. Яг одоо л миний залуу насны амьдрал эхэлж байна.

Үг ихдээд ирэхээрээ утгаа алддаг. Адал явдал, ажлын анхны гараа, алдаа оноо, хайрын захиа, бүтэлгүй дурлал гээд үлдсэнийг нь ирээдүйд бичих номондоо оруулна аа. Тэр болтол зөвхөн өөртөө нууцалж үлдээлээ. ❤

Баярлалаа, 21 нас минь! Дэндүү тэнэг, хайр хүргэм, галзуу бас солиотой байлаа!

(Энэ дуугаар төгсгөе!)

Анхны хайрын туяа минь

Алсын алсад одсон юм аа…

Төв замаараа 13 явъя

Тэгээд дараа нь Сансарт гаръя Хайрт минь…

Харанхуй шөнөөр Шөлөндөө оръё

    Enkhmaa Bat-ulzii

    Written by

    Бичихийн тухай буруу, зөвийг мартсан замбараагүй бичвэрүүд ❤

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade