Enkhmaa Bat-ulzii
Aug 23, 2017 · 2 min read

Би энэ блогтоо маш их хайртай. Зүгээр л би энд хүссэн бүхнээ бичдэг. Хэн ч намайг шүүж, “чи юун хогийн юм бичдэг юм бэ?” гэж буруутгахгүй. Би алдаатай, утагагүй зүйл олон бичдэг байх л даа. Хэдий тийм ч энэ миний орон зай. Үнэн дуу хоолой бас зугталт.

Medium “Personal” гэхээс илүү нэг ёсондоо хэвлэлийн том талбар юм. Энд олон мянган дагагчтай алдартай бичээчид байна, зөвхөн боловсрол эсвэл эдийн засгийн тухай бичдэг “Publication” ч бий. Би тэдэнтэй өөрийгөө харьцуулашгүй л дээ. Ххахах. Одоогоор надад ямар нэг мэргэжлийн материал нийтэлж, олон дагагчтай болох, нэр хүнд олох эсвэл өөрийгөө “рекламдах”, үүгээр бизнес хийх санаа байхгүй. Тэгээд ч би монголоор бичиж байгаа учраас та нар л ойлгоно. Ххаха.

Эхэндээ хэн ч тоож уншдаггүй байсан юм. Харин өнөөдөр 100 гаруй хүн дагадагаас тогтмол 10-аад хүн уншиж байх шиг. Гэхдээ би хэнд ч зориулж бичдэггүй шүү. 1,000 хүн дагасан ч би өөрийнхөөрөө л бичих болно. Заримдаа тэнэг, утгагүй мэт санагдах тэр бичвэрүүддээ би хайртай.

Ер нь хүн бусдад таалагдах гээд ирэхээрээ л үнэ цэнэгүй болдог. Ялангуяа уран бүтээл туурвидаг хүмүүс. Хэзээ ч өнөө цагийн хошин шог шиг үзэгчдээ “дагаж”, массд зориулж чанаргүй бүтээл гарган, хэт ит ашгийн төлөө шуурч болохгүй. Хараад байхад тэд өөрсдийн гэсэн хүн хуурах аргатай болжээ. “Хүмүүс яг ийм л юм үзнэ”- Зөвхөн түүнд тааруулж тоглолтоо хийж байна. Нэг хэвийн-чанаргүй-дорой-хуучин. Шинэ юм хийж чадахгүй. Өөр юм хийж чадахгүй. Учир нь үзэгчид нь түүнийг үзэхгүй. Тэгвэл тэд мөнгөгүй болно.

Мэдэхгүй. Миний хэлсэн буруу ч байж болно. Энэ зүгээр л олон талын харах өнцгийн нэг нь.

Бичиж байгаа бол бусдад зориулж бичих хэрэггүй. Үнэндээ чи мянга сайн юм хийсэн ч хүмүүс шүүмжлэх болно. Хоосон магтах болно. Харин түүний оронд өөртөө зориулж бичвэл хэн ч чамайг шүүхгүй.

Би төгс өгүүлбэр, үг байдаг гэдэгт итгэдэггүй. Ямар ч сайн өгүүлбэрийг арай өөрөөр хэлэх эсвэл сайжруулах арга зам үргэлж байдаг гэж боддог. Үнэндээ би төгс-гэдэг нэг цэг харчихаад түүнд хүрэх гэж яваа өчүүхэн хүмүүс юм уу даа. Харин төгс-гэж байдаггүй гээд тэр ханыг өөрөөсөө нураачихвал чи жинхэнэ эрх чөлөөтэй болно. Хүссэнээрээ сэтгэж, бичиж, зурж, дуулна. Тэр л өөрөө үзэсгэлэнтэй.

Цэгцгүй бодлоос гарсан эв хавгүй, байрлалаа зөв олоогүй үгс минь. Үнэндээ хэнд ч хэрэггүй. Харин надад утга учиртай юм даа.

#GodBlessme

)

    Enkhmaa Bat-ulzii

    Written by

    Бичихийн тухай буруу, зөвийг мартсан замбараагүй бичвэрүүд ❤