Буруу зам

Enkhmaa Bat-ulzii
Feb 23, 2017 · 2 min read

Би олон замаар явж үзсэн. Тэдний ихэнх нь буруу байсан ч эцэст намайг зөв замд хөтөлсөн гээд ярихаар хүмүүс намайг хөгшин хүн шиг зүйл ярилаа гэдэг. Чи чинь жаахан биз дээ. Нэг л их амьдрал үзсэн хүн шиг байх юм гээд л…

За тэр ч яахав. Гэхдээ би буруу зам гэдгийг “нохойн” зам гэж хэлээгүй шүү. Хүний үгийг тоолгүй, муу зүйл хийж, өөрт ашиг хонжоо харж яваагүй. Харин би буруу гэдгийг бусдад буруу харагдсан ч өөрт зөв байдаг замаар төсөөлж бичлээ.

Зориглож алхсан замууд минь хүний нүдээр буруу харагдаж байсан ч наддаа зөв л байсан юм даг.

Заримдаа бидний амьдралд дэндүү олон зам гарч ирдэг. Хоёр биш бүр тав зургаан өөр зам. Харамсалтай нь бүх зам чиний хүссэн газарт чамайг хүргэж өгөхгүй. Магадгүй ганц зам л чадна. Зарим нь бол хүрэх газар руу чинь жаахан дөхүүлнэ, чиглүүлнэ…

Тэгвэл яаж тэр зөв замыг таних вэ?

“Зүрх сэтгэлээ сонсох”

Хэдийгээр буруу мэт санагдавч хожим зөв сонголт хийж дээ гэж бодогдуулахаар замыг сонгоорой. Тэгэхийн тулд зүрхээ сонсоорой.

Би хэсэг хугацаанд ганцаараа амьдарч үзсэн юм. Олон хүмүүс миний сонголтыг буруу гэж бодсон. Мэдээж энэ зүйл миний хувьд үнэхээр хэцүү бас том сонголт байсан. Надад илүү их хариуцлага нэмэгдэнэ гэдийг би мэдэж байлаа. Гэхдээ энэ буруу юм шиг сонголтондоо би одоо үнэхээр их баярладаг. Хэрвээ би тэр үед ганцаараа амьдарч үзээгүй байсан бол гэр бүл бас мөнгөний үнэ цэнэ болоод өөрийнхөө дотоод мөн чанарыг төдийлөн ойлгож мэдэхгүй дараагийн зам руу гаа явах байсан.

Харин ганцаараа амьдарч үзсэнээр дараагийн нэг зам руу гаа явахад өөрийгөө сайн бэлдэж чадсан гэж боддог.

Өөр нэг түүх

-Цалинтай, их юм сурахаар бас давгүй ажил хиймээр байна уу?

Үгүй ээ, гээд л “буруу” замаа сонгоод яваад өгч байгаа юм чинь…Зарим хүмүүс бас л намайг буруу замыг сонголоо гэж бодсон. Яахав энэ их давгүй боломжийн ажил байсан нь үнэн. Гэхдээ боломж бүр, ажлын санал бүр ашиглагдахын төлөө ирдэггүй байх. Бид яагаад хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийх ёстой юм?

Тэр “зөв”, “сайхан”, “ирээдүйтэй” замууд надад тийм ч аятайхан санагдахгүй байна. Тиймээс би хүмүүсийг бусдад зөв харагдахын тулд өөрт буруу замыг сонгоосой гэж хүсэхгүй байна. Учир нь энэ чиний амьдрал, чиний мөрөөдөл, чиний зам биз дээ?

Түүнийгээ бусдаас хамгаалах хэрэгтэй.

Одоо би сургуулиа төгсөх гэж байна. Тэгээд анхны ажилдаа орж ажиллана. Санасныг бодсоноос ч олон зам миний урд байна.

Бурхан минь, алийг нь сонгох вэ. Заримдаа бүх зам сайхан харагдах юм…Даанч хууртаж болохгүй тийм үү?

2017 оны 02-р сарын 23

    Enkhmaa Bat-ulzii

    Written by

    Бичихийн тухай буруу, зөвийг мартсан замбараагүй бичвэрүүд ❤