Ер нь хүн ганцаараа байж үзэх хэрэгтэй. Жишээ нь ганцаараа амьдарч, ганц бие байж гэх гээд байна л даа. Яагаад гэвэл заримдаа хүмүүс бид хэтэрхий бусдаас хамаарч амьдраад сурчихсан байдаг. Би тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй, би ерөөсөө ганцаараа амьдарч чадахгүй гэсэн бодолдоо хүлэгддэг. Гэхдээ танд гэж хэлэхэд ганцаараа байна гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч ганцаараа байж өөрөө өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх цаг байгаад баярлах нь зөв шүү.

Гэвч энд нэг асуудал байна. Хүмүүс ганцаардах, ганцаараа байх хоёрын утгыг нэг мэт ойлгодог. Үнэндээ бид олуулаа байхдаа ч ганцаардлыг мэдэрдэг. Тэгэхээр ганцаараа байна гэдэг нь бүхэлдээ ганцаардаж байна гэсэн үг биш. Магадгүй өөртэйгөө байхдаа аз жаргалыг мэдрэхийг хэлж байгаа байх…

Хүнд ганцаараа байх тэр цаг хугацаа үнэ цэнэтэй. Ганцаараа байх нь утсаа цэнэглэх шиг өөрийгөө цэнэглэж байгаатай адилхан. Тэгээд ч хүмүүсээс хэт их зүйл битгий хүлээ. Яагаад гэвэл хүлээлт чинь талаар болж мэднэ. Дээр нь энэ л хүн намайг аз жаргалтай болгоно гэж битгий бодох хэрэггүй дээ. Хэрвээ тэр хүн таныг аз жаргалгүй болговол яах вэ?

Та ганцаараа ч гэсэн кино үзээд инээж чадна шүү дээ. Ганцаараа кофе ууж суунгаа амьдралын тухай олон зүйлийг эргэцүүлж чадна. Бас ганцаараа явж дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж чадна. Магадгүй өөртөө зориулж шинэ цомог эсвэл цэцэг худалдаж авч болно шүү дээ. Ер нь өөртөө шоколад авч өгсөн ч яадаг юм. Энэ яагаад тийм сонин, байж болшгүй зүйл гэж. Яагаад миний аз жаргалтай байх эсэхийг гадны хүн шийднэ гэж?

Тиймээс ганцаараа байна гэхээс битгий ай. Таныг ойлгодоггүй хүнтэй хамт байснаас ганцаараа ч гэсэн аз жаргалтай байсан нь дээр…

Нэмж хэлэхэд хайрыг хүн хэзээ ч гуйж авдаггүй гэдэг. Хэрвээ хайр таныг зовоож байгаа бол яахав зовоож л байг. Өнөөдөр танд ирээгүй хайрыг мянга гуйгаад яах юм бэ? Цаг хугацааны эрхээр бүх зүйл сайхан болох юм чинь. Харин өнөө орой ганцаараа гуниглаж суухын оронд өөрийгөө хөгжөөх ямар нэгэн зүйлийг бодож олоорой

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.