Enkhmaa Bat-ulzii
Jul 22, 2017 · 2 min read

Заримдаа хүмүүс хэтэрхий олон зүйл бодох юм аа. Найз нөхөрлөл, хайр дурлалын тал дээр бүр ч илүү гүн гүнзгий. “Гүн гүнзгий” гэдэг нь логикийн шинж чанартай. Жишээ нь би энэ хүнтэй найзлавал надад ямар ашигтай вэ. Миний хувийн кареерт яаж нөлөөлөх вэ. Энэ “од” охин, залуутай үерхчих юмсан…Яг энэ хүнд л таалагдмаар байна. Эээ…Үгүй ээ, битгий. Энэ чинь хайр бас нөхөрлөл. Логик биш! Бас чи хэнд ч таалагдах хэрэггүй. Ийм бодолтой болохоор би хүнтэй ч үерхдэггүй, бараг найзгүй байдаг байх аа.

Энэ хоолыг идвэл таргалчихна. Яанаа, халуун наранд өдөржингөө явбал арьс минь борлочихно. Нүүрээ л будахгүй бол би гадагшаа гарч чадахгүй. Үгүй дээ, харин ч чи дуртай юм аа идэж, арьсаа наранд борлуулж, будаггүй нүүртэйгээ гадуур инээмсэглээд алхах хэрэгтэй. Хэнд хамаатай юм бэ?

Хэрвээ хэн нэгэн чамд таалагдвал зүгээр л уулз. (хэлэхэд амархан, гэвч хэцүү гэдгийг мэдэж байна) Намайг уулзъя гээд хэлчихвэл яах бол? Эрэгтэй хүний бардам зан, эмэгтэй хүний үнэ цэнэ. Мэдэхгүй юм. Би нэг удаа их л үнэ цэнэтэй охин болох гэж байгаад өөрөөсөө “тэр” хүнийг явуулчихсан. Тэгэхээр заримдаа бардам, зан үнэ цэнийг мартах хэрэгтэй юм шиг.

Битгий хичээ!

Энгийн боловч маш хүчтэй үг.

Би ч гэсэн хичээдэг. Гэхдээ эцэст нь ядардаг.

Тийм ээ, би өдөр бүр нарны тос түрхэж гардаг л даа. Гэхдээ ихэвчлэн нүүрээ будалгүй, үсээ ч янзлалгүй яг ингэж инээгээд гадуур алхдаг. Би энэ төрхөндөө хайртай, учир нь би хэнд ч биш өөртөө таалагддаг. Зарим эгч, охин найз маань “Энхмаа чи нүүрээ, үсээ тод буд” гэдэг… Хэрвээ би тэдний хэлснээр өөрийгөө өөрчилвөл, би биш болчихно. Тиймээс би “Аан, за баярлалаа.” гэж хэлээд л орхидог.

Хүмүүс чамайг өөрчлөхийг оролдоно. Харин тэр үед хүмүүс рүү, инээмсэглэж хараад зүгээр дээ, баярлалаа гэж хэл. Тайлбар тавих ч хэрэггүй. Хүн бүрт өөрийгөө ойлгуулахад амьдрал хэтэрхий богинохон. Чамайг ойлгохыг хүссэн хүн ойлгож л таараа. Шүүмжлэлгүй, байгаагаар чинь хайрлана.

Будаггүй царайг чинь хараад хайр нь төрөх

Чиний “сул тал”-ыг хүлээн зөвшөөрөх

Хэн ч биш байхад хажууд нь чинь алхаж чадах

Амжилтад хүрсэн болохоор эсвэл хүрэх ирээдүйтэй болохоор нь наалддаг биш илүү том амжилтад хүрэх хүртэл гараас атгаж чадах, тийм хүн…

“Тийм” хүнээ олтлоо бусдыг гуйж эсвэл таалагдах гэж амьдрах хэрэггүй. Чамтай хамт байхыг хүссэн хүн чамайг хаана ч байсан олоод л хүрээд ирнэ.

Тиймээс нарны тос, нүүрний будаг, гоё биеийг март. Өөртөө таалагдаж амьдар. Өөрөөрөө байгаа охин бүр үзэсгэлэнтэй! Хамтдаа наранд борлож, зузаан будгийг арчиж хаяяа. Бас толгойноосоо тэр олон бодлыг ч бас…

)

    Enkhmaa Bat-ulzii

    Written by

    Бичихийн тухай буруу, зөвийг мартсан замбараагүй бичвэрүүд ❤