Намайг айлгадаг зүйлс

Би орой бүр гэр рүү гээ ганцаараа алхахдаа айдаг. Гэртээ ороход минь хэн ч намайг угтахгүй гэхээр айдас төрнө. Бас хаалгаа онгойлгоод дотогш ороход харанхуй өрөөнд хэн нэгэн зогсож байх вий гэхээс айна. Унтахдаа шөнө нь хар дарж сэрэх вий гэж айдаг. Яагаад гэвэл сэрэхэд хажууд хэн ч байхгүй байна шүү дээ. Тийм болохоор би зөвхөн өглөө болохыг л хүлээдэг юм. Учир нь өглөө болоход миний айдас алга болчихсон байдаг.

Хайр намайг айлгадаг.

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг 
түгшүүртэй, нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
-Л.Өлзийтөгс

Тийм ээ, хайр бол жаргалтай айдас. Би яг одоо хайраас болж айж байна. Чамд хайртай болохоос айж байна. Угаас бүтэхгүй, намайг тоохгүй, бид хэзээ ч учирах тавилангүй хүмүүс гэхээр айж байна. Бүтсэн ч гэлээ хэзээ нэг өдөр чи яваад өгөхийг мэдэж байгаа болохоор айж байна. Чамтай уулзахыг хүсэж байгаа ч уулзахаас айж байна. Уулзаад чиний урмыг хугалах вий гэхээс ч бас…Гэхдээ энэ жаргалтай айдас сэтгэлийг минь өвтгөөд “гоё” байна.

Хүмүүсийн итгэлийг алдахаас айж байна. Надад итгэдэг цөөн хэдэн хүн бий. “Энхмаа, миний дүү нэг том зүйлд хүрнэ ээ. Ах нь (эгч нь, найз нь) итгэдэг шүү.” ,“Чи өөрийн гэсэн ертөнцтэй, мундаг зохиолч болж чадна аа.”, “Хэзээ нэгэн өдөр чиний номыг уншина гэж боддог шүү.”, “Чамайг мундаг сэтгүүлч болно гэж боддог.”

Уйлмаар…Бүгдээрээ л сайхан үгс. Гэхдээ энэ үг их хүчтэй санагддаг юм.

“Чи бусдаас өөр”

Хүн бүр энэ үгийг сонсдоггүй байх. Би хүндэлж явдаг хүмүүсээсээ “чи өөр” гэдэг үг сонсож байсан. Үнэхээр хайр хүрэм.

Харин би тэднийхээ итгэлийг даахыг хүсэж байна. Алдахаас маш их айж байна.

Залуу нас минь намайг орхино гэхээс

Энэ бол болох зүйл. Нэг л өдөр би 30 эсвэл 40 хүрчихсэн сууж байх болно. Би үргэлж 20 настай чигээрээ байхгүй. Би дөнгөж өнгөрсөн жил 20 нас хүрсэн ч аль хэдийн айгаад эхэллээ.

Амжиж хэн нэгнийг хайрламаар байна. Амжиж хүсэл мөрөөдөлдөө хүрмээр байна. Алдаа гаргамаар байна. Зүгээр залуу насандаа жаахан тэнэгдүү тийм “гоё” л амьдармаар байна.

Энэ бүхэн намайг айлгаж байна.

Ингээд бодохоор

Заримдаа амьдрал надад яг айдас шиг санагддаг. Нууцлаг бас ойлгомжгүй. Хэдий амьдралд айх зүйл их байдаг ч бүх зүйл сайхан болно гэдэг итгэл бий. Одоо надад байгаа ганц зүйл бол итгэл найдвар билээ.

Би амьдралын олон зүйлээс айж байгаа даа баяртай байна. Яагаад гэвэл би энэ хөгийн амьдралд дэндүү хайртай! Хэрвээ би энэ амьдралдаа хайргүй байсан бол юунаас ч айхгүй байх байсан. Би олон үнэ цэнэтэй зүйлээ алдахаас айж байгаа учир энэ амьдралаа хайрлах болно. Намайг айдас хучсан ч хайрласаар байх болно.

Хайртай шүү амьдрал минь!

Like what you read? Give Emma a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.