Намар

Халуун зуны өдрүүдэд намрын тухай л бодно….

Би намрын улиралд хайртай. Гудамжаар хөглөрөх шар навчисууд, есдүгээр сарын цастай холилдож ордог бороо, өдрөөс өдөрт улам хүйтрэх цаг агаар бас бүрхэг тэнгэрт нь... Бүгд л дурлам сайхан.

Хөгжилтэй, сайхан зун дуусахад Намар бидний зүрх сэтгэлийг гуниглуулан ирдэг. “Би ирлээ?” гэсэн шиг чимээ гаргадаг тийм ээ?

Намар ирсэнийг мэдэхгүй байхын аргагүй. Моддын ногоон навчис үзүүрээсээ шарлаад л, орой үдэш сэрүүн болж дааруулдаг...Тэгээд цээж дотор нэг л хачин хоосон мэдрэмжээр дүүрчихдэг нь хачин.

Магадгүй би аймхай хүн байх. Ийм гоё зуны өдөр, уйтгартай намрын тухай бодож байдаг нээрээ.

Үнэн. Тийм ээ, Би аймхай.

Учир нь би өөрт байгаа үнэ цэнэтэй, нандин зүйлсээ алдахаас айдаг хүн.

Нэг л мэдэхэд, одоо намайг ингэтлээ цухалдуулж байгаа энэ зургаадугаар сарын халуун өдөр алга болно. Дараа нь яг л хэзээ ч зун болж байгаагүй юм шиг эргэн тойрон гандаж, тэнгэрээс цасан ширхэг хүчгүйхэн бууна…Өнөөх л намар.

Зуны гуравхан сар дэндүү хурдан өнгөрдөг нь даанч муухай. Аз жаргалтай өдрүүд ч бас дэндүү хурдан өнгөрдөг.

“Өчигдөрхөн би чамтай тэр ширээн дээр инээгээд сууж байсансан, гэтэл өнөөдөр чи энд байхгүй, миний дотор намар болчихсон мэт санагдаад байх юм…”

Амьдралын сайхан зүйлс бүгд хуурмаг, хормын байдаг. Яг л зун дуусч намар болдог шиг.

Хааяа бодогддог юм. Өчигдөр л миний амьдралын хамгийн сайхан өдөр байжээ гэж…Тэнд л гэнэтийн учрал, хайр, догдлол, аз жаргал бүгд байсан. Харин зуны ийм халуун өдөр, дотор минь гунигаар дүүрч хэзээ ч ирэхгүй өчигдрүүдийн тухай эргэцүүлэн сууна.

Бүгд л хүсдэг. Намар болоход, зуны сайхан өдрүүдэд очихыг. Бүгд л хүсдэг. Хэн нэгэн чамайг орхиод явах үед, түүнтэй хамт байсан тэр тэнэг ч юм шиг өдрүүд рүү буцахыг…

Эргээд бодоход өчигдөр сайхан. Даарах үедээ буцаад харахад, зуны тэр л дуусч өгдөггүй урт, халуун өдрүүд хэчнээн сайхан санагддаг билээ дээ. Бодох төдийд л зүрх дулаацдаг.

Like what you read? Give Emma a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.