Өмнө нь

Нэг хэсэг амьдралын идэвхтэй охин байв. Өглөө найман цагаас хэтрээд унтчихвал өөрийгөө их л буруу зүйл хийчихсэн мэт санаад л. Тэгээд Налайхаас өглөө бүр эртлэн босож хот руу явдаг байлаа. Яагаад ч юм өдөр бүр ямар нэг ажил гарна. Ажил байхгүй байсан ч би өөрөө том хар цүнхээ үүрээд л гараад явчихдаг байсан. Мэдээж би өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд, нэг зүйлийн төлөө зүтгээд яваад байсан юм биш. Магад хэт олон зүйлд төвлөрч, завсар зайгүй “Одоо яах уу?” гэсэн бодлууд, хүнд үгүй гэж хэлж чадалгүйгээсээ болоод хийсэн ажлууд, өөрөө хүсэж эхлүүлсэн ажлуудаасаа болоод тэр. Бас байгаа байр байдлаасаа зугтах гэсэн хүсэл минь намайг зүгээр суулгадаггүй байжээ.

Ганц үгээр хэлбэл би их л ЗАВГҮЙ байж. Хүн харахад Энхмаа ямар нэгэн юм хийгээд л байсан. Гэхдээ хэт их завгүй, ачаалалтай байдал минь намайг хамгийн чухал зүйлээ мартахад хүргэсэн юм.

“Чи энэ амьдралдаа яг юу хийхийг хүсэж байна?” гэдгийг орхигдуулжээ.

Гэхдээ би юунд ч харамсахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд би алдсан. Хазайж бас төөрсөн. Би өөрийнхөө байх ёстой газрыг хайсан. Даанч олон буруу хаалга онгойлгосон. Заримаас нь шарх, заримаас нь итгэл найдварыг олж авсан. Харин төөрч явахдаа олон сайн хүнтэй танилцсан. Тэд миний амьдралын хүнд үед гарч ирээд хайраар зүрхийг минь дүүргэсэн. “Энхмаа, яваад л бай, бууж өгч болохгүй шүү!” гэсэн дуу хоолойг би тэр хүмүүсээс сонссон. Өнгөрсөн амьдралд минь байсан сайн бас муу хүмүүст баярлалаа. Та нар бүгдээрээ л миний амьдралд чухал зүйлийг ойлгуулсан.

Одоо

Утга учиргүй идэвхтэй байдлаас залхаж байна. Заримдаа өдөр хоногуудыг үрэн таран хийгээд ч байгаа юм шиг байдалтай байна…Ширээгээр дүүрэн унших ёстой номнууд хөглөрнө. Нэг л өдөр уншина даа гээд сууна.

Би олон зүйл хийх биш аль чухлыг нь хиймээр байна. Үргэлж эрт босолгүй хааяа ч болов сэрүүлгээ унтраагаад унтаад өгмөөр байна. Ямар ч зорилгогүй өдөржингөө гадуур зайрмаг идэж алхмаар байна. Нүүрээ ч будаагүй царайтай дуртай кофе шопдоо очоод ном уншиж өдрийг өнгөрөөмөөр байна. Бас кино театрт ганцаараа кино үзэж уйлж, инээж, ухаармаар байна.

Дээр нь намайг хүчээр юм хийлгэх гээд байгаа хүмүүсд ҮГҮЙ гэж хэлэх болно. Энэ бол миний амьдрал. Би хэн нэгний хүссэнээр амьдарч чадахгүй. Уучлаарай, алдсан ч миний алдаа байх болно.

Одоо надад тасралтгүй хөдөлмөрлө, урагшаагаа л хар гэж хэлэх хэрэггүй. Би цаг хугацааг байгаагаар нь хайрламаар байна. Хүмүүс бид хааяа ч болов ирээдүйд санаа зоволгүй одоо цагт амьдрах хэрэгтэй.

Ах маань нэг удаа хэлэхдээ “Зорилгогүйгээс зорилго төрдөг.” гэсэн юм. Ингээд явж байгаад очих ёстой газраа хүрч таараа

Нээрээ бодсон чинь өнгөрсөндөө би болзоонд ч явж амжаагүй юм байна. Одооноос ер нь энэ амьдралаас аз жаргалтай зүйлийг мэдэрч амьдрахаар шийдлээ.

Эцэст нь

-Хэн намайг болзоонд урих гэж байна? 😂

“Beneath Your Beautiful”
(feat. Emeli Sandé)

You tell all the boys “No”
Makes you feel good, yeah.
I know you’re out of my league
But that won’t scare me away, oh, no

You’ve carried on so long,
You couldn’t stop if you tried it.
You’ve built your wall so high
That no one could climb it,
But I’m gonna try

2016–01–13

Улаанбаатар хот

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.