“Психологи” номын шүүмж

Enkhtushig Lkhagvasuren
5 min readJun 2, 2019

--

“Сэтгэл судлал” гэдэг их өвөрмөц ойлголт. Ямар ч мэргэжлээс илүү хэний ч сонирхлыг төрүүлдэг. Сэтгэл судлаачтай тааралдсан хүн заавал онол, практикын мэдлэг асуудаг. Мөн түүгээр суралцаж мэдлэгтэй болохыг хүсдэг. Эдгээр танин мэдэх хэрэгцээг мэдээж ном л хангана, салбарын хөгжлийн түвшинг бас с ном илтгэдэг.

Энэ салбарын унших ном 1967 онд хэвлэсэн Б.Бор, Д.Санжжав нарын “Сэтгэл судлалын асуудлууд”, мөн тус онд хэвлэгдсэн В.Н. Куликовын “Сэтгэл судлал”, орчин үед гадаадын хэвлэлүүдээс Аллан Пийз, Пол Экманы ганц хоёр нүүрний хувирлын тухай орчуулгаас хэтэрдэггүй.

Б.Батсайхан, М.Дэлгэржав нарын “Сэтгэл судлалын үндэс”, “Ерөнхий сэтгэл судлал”, “Сэтгэл судлалын тайлбар толь” зэрэг номуудыг эс тооцвол эл салбарын тухай ойлголт авчихаар ном цөөн, хомс байна.

Ихэнхи оюутнууд, сонирхон судлаачид одоо бараг хуудас нь шарлаж, урагдах шахсан, орчуулгын маш хүнд хэллэгтэй, ойлгоход төвөгтэй, дан текст зонхилсон номуудыг түгээмэл ашигладаг бөгөөд гадаад хэл дээр унших чадвартай цөөн хэдэн оюутнууд л боломжийн хэдэн ном уншдаг.

Харин олон улсад алдартай “ДК” хэвлэлийн газраас “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” хэмээх уриатайгаар философи, анатом физиологи, антропологи, шашин судлал, эдийн засаг, сэтгэл судлал гэх мэт хүмүүсийн хамгийн хэрэгцээтэй мөртлөө ойлгоход хялбар биш салбаруудыг энгийнээр тайлбарласан бүтээл туурвидаг. Орчин цагт хүний анхаарлыг зөвхөн текстээр татах нь үр ашиг багатайд тооцогдох болсон. Үүнийг ч зөвөөр ажигласан “Монсудар” хэвлэлийн газрынхан “ДК”-н “Сэтгэл судлал” бүтээлийг зохиогчийн эрхийн дагуу орчуулж хүмүүсийн хүртээл болгосон нь үнэхээр сайн зүйл болов. Өмнө нь багш, оюутан, судлаач, сонирхогч нарын хэн нь ч ийм сайн бүтээлийг эх хэл дээрээ уншиж байгаагүй юм.

Эл бүтээл нь өөрөө орчуулга юм. Хэрэв бүтээлийн чанарыг шүүмжлэх аваас уг ном нь эх хэл дээрээ тун чанартай бөгөөд зохиогчид нь ч зөвхөн сэтгэл судлалын хамт олноос бүрдсэн баг байдаг. Харин монгол хэлнээ орчуулахдаа хэрхэн алдаа гаргасныг шүүмжлэх хэрэгтэй болов уу.

Энэ номыг Философич С. Молор-Эрдэнэ, сэтгэл судлаач Б. Жавзан, П. Мягмаржаргал нар орчуулжээ. С. Молор-Эрдэнэ философийн мэргэжилтнийхээ хувьд салбарынхаа нэр томъёо, ойлголтуудаа үргэлж зөв бичиж, зөв ойлгох тухай шаарддаг ч салбараасаа хальсан ойлголтуудад ихэвчлэн алдаа гаргадаг. Тухайлбал, сэтгэл судлалын онол, фройдизм, нэр томъёонд байнга зөрүүдлэн өөрийнхөөрөө шинэ содон, авцалдаагүй нэршил оноох, сэтгэл судлалыг зөвхөн психодинамик (ухамсарт бус сэтгэцээс ухамсарт сэтгэцийн хоорондын асуудал) гэх зэргээр хүмүүст ойлгуулж мэдрэмж, мэдрэхүй, сэтгэл хөдлөл гэсэн сэтгэл судлалын фундамент сэдвүүдийг үргэлж философийн өнцгөөс тайлбарладаг нь алдаатай ойлголтод хүргэдэг. “Монсудар”-ын бусад хэвлүүдэд ч бас харагддаг. Тухайлбал З.Фройдын “Онго шүтлэг ба Хорио цээр”, К.Юнгийн “Бэлгэдэлт амьдрал” бүтээлүүд ч мөн адил философичийн орчуулга тул маш хангалтгүй санагдсан.

Философич С. Молор-Эрдэнэ сэтгэл судлалын ихэнхи нэршлийг алдаатай ойлгуулдгийг дээр дурьдсан. Гэтэл номын үндсэн гарчгийг сэтгэл судлал гэхийн оронд “психологи” хэмээн орчуулжээ. Тэрбээр сэтгэл судлалын тухай дурьдах болгондоо психологи гэх үгийг ашигладаг юм. Хэдийгээр сэтгэл судлаачид орчуулганд оролцсон ч энэ номын утга санаа, нэр томъёог С. Молор-Эрдэнэ дур зоргоороо өөрчилсөн нь түүний олон дахин хэрэглэдэг психи, психологи, ухаан, ухаангүй төрх, дээд ухаан, доод ухаан, ахуй, реакц, идей гэх мэт үгсээр номын дэд гарчгийг оноосон байдал тодорхой харагдаж байна.

Жишээ нь, тэд номондоо бие хүн бол байгалийн өгөгдөл хийгээд хүмүүжлийн үр дүнд бий болдог гэх санааг хүмүүжлийн оронд сурснуудын нийлбэр гэж бичжээ. “Сурснууд” гэх нь монгол хэлэнд хэр оновчтой нэршил вэ ? Эл бүлэг сэдэвт бие хүний хөгжлийн тухай хэлэлцдэг боловч харахтер хэмээх нийтлэг агуулгатай үгсгийг түлхүү хэрэглэх аж. Үнэн хэрэгтээ харахтер гэдэг нь хүмүүжлийн үр дүнд бий болдог чанар буюу зан төлөвийг хэлэх боловч мэргэжлийн бус хүмүүст энэ нь төрөлхийн араншингийн тухай юу, эсвэл ерөнхий сэтгэлзүйн мөн чанарын тухай эсэх нь тодорхойгүй юм. Зан төлөв бол хүний сэтгэхүй, сэтгэл мэдрэмж, үйл хэрэгт нөлөөлдөг. Тиймээс л бид аливаа нэгэн хүний зан төлөвд нь тааруулан харьцдаг. Бусад хүний зан төлөвийг мэдсэнээр бид тухайн нөхцөлд биеэ хэрхэн авч явах вэ гэдгийг урьдчилан мэдэж болно. Бид бага насандаа өөрөө өөрийгөө үнэлж сурдаг ба хүний хөдөлмөр, үйл хэрэг, бүтээлдээ хандах байдал, сурлага, нийтээс хүлээлгэсэн үүрэгт хандах зэргээс шалтгаалан бидний зан төлөв бүрддэг.

“Психи” гэдэг үгийг бид сэтгэл гэж орчуулдаг. Сэтгэл гэдэг үгийг хүнтэй холбоотой судалгаа эрхэлдэг шинжлэх ухааны салбар, шашны урсгал чиглэл, хувь хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж ойлгодог. Угтаа энэ нэр томъёо нь бие махбодь ба танин мэдэхүйн харилцан нөлөөллийг хэлдэг. Сэтгэл судлалыг “танин мэдэхүй ба зан үйлийн” тухай шинжлэх ухаан гэж энгийнээр тодорхойлдог. Энгийнээр тайлбарлавал энэ нь хүний нүдэнд харагдах, гарт баригдах үзэгдэл ба үйлдэл хөдөлгөөнийг, нөгөө талаас обьектив зүйлсийн эх үүсвэр болсон ой тогтоолт, анхаарал гэх мэт танин мэдэхүйн үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм.

“ДК” Сэтгэл судлал номын орчуулганд ментал гэх үгийг психи хэмээн эргүүлээд гадаад үгээр орчуулахын зэрэгцээ буруу утга санаанд хүргэжээ. Хэрвээ тэгсэн бол Философич С. Молор-Эрдэнэ үхлийн дараах амьдрал, зөн билэг, онгод орох үзэгдлийг хэлдэг психи гэдэг үгээр андуурсан нь номын хамгийн чухал түлхүүр үгийг алдаатай ойлголтод хүргэсэн байв. Психо, психи хоёр өөр. Угтаа психи нь олон салаа утгыг илэрхийлдэг ч монгол хэлэнд сэтгэц хэмээн орчуулбал цаашид сэтгэцийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн амьдрал гэх зэргээр зөв нэршилд хүргэдэг. Гэтэл эл бүтээлийг уншсан зарим нэр томъёоны зах зухаас гадарладаг хүнд Иван Павловын нохоны туршилт, зөн билэг, телепати, хэт мэдрэмтгий хүний тухай ойлголт өгөхөөр байв.

Мөн ухаан, ухаангүй төрх, дээд ухаан, доод ухаан, ахуй, реакц гэх мэт чухал түлхүүр үгсийг ийн алдаатай орчуулсныг дараах байдлаар залруулж тайлбарлая:

Ухаан: Хэрэв интеллигенц хэмээх оюун ухаан ба түүний түвшнийг илтгэдэг эл ойлголтыг ийн нэрлэсэн бол сэтгэл судлалын олон зуун урсгалын нэгэнд нь хамаарагдах фройдизмд ухаан гэх үгийг хэрэглэх шаардлагагүй байв. Гэтэл оюун ухааны чадвар, сэтгэхүйн хурдыг хэмждэг энэ үгийг ухамсарт бус сэтгэц, ухамсар, ухамрын өмнөх түвшин гэсэн өмнөхөөсөө тэс ондоо ойлголттой хутгасан байв.

Ахуй-Реакц: Энэ нь S-R томъёо буюу хүний авир, араншин эргэн тойрноос түүнд үзүүлж буй хариу үйдлээс шалтгаалах тухай ажээ. Тухайлбал, хүн ба амьтан орчин тойрноо олон дахин солих нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэгээг нөлөөлдөг, эцэг эхийн үйлдэл хүүхдэд загвар болж хүрдэг зэрэг ойлголтуудыг хэлдэг.

Уг ном нь үнэхээр сайн бүтээл хэдий ч орчуулганд тун хайнга хандсан байв. Номын төгсгөлийн бүлэг хүртэл зөвхөн нэг хүний (мэргэжлийн бус хүний) үзэмж, орчуулга зонхилсоор өндөрлөжээ. Үлдсэн хоёр сэтгэл судлаачид хэдийгээр мэргэжлийн хүмүүс боловч сэтгэл судлаачдын гэх орчуулга, оновчтой хэллэг харагдсангүй. Монсудар хэвлэлийн газар нэр томъёоны тайлбар толь, зөв бичгийн дүрмийг эрхэмлэдэг хэдий ч эл бүтээлийн орчуулгыг сэтгэл судлалын бусад ном, зохиолуудтай харьцуулсангүй, аль хэдийн монгол хэл дээр хөрвүүлэгдсэн нэр томъёо, оновчтой үг хэллэгүүдийг огт ашиглаагүй байв. Харамсалтай нь орчуулгын эл бүтээл олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгохоор зэхэж байсан ч янз бүрийн онол, ойлголтуудыг хооронд нь хутган ойлгох, өнгөц эргүүлэн харвал бүхэлдээ философийн нэршил сэтгэл судлалын бүтээлд шингэснийг олж харна байх.

Гэхдээ эл бүтээл тийм ч муу биш. Энгийн хэллэгээр бичигдсэн энэ ном ойлгоход төвөгтэй онолуудыг боломжийн тайлбарласан, бүдүүвч зурагтай, сэтгэгчдийн алдарт ишлэлүүдийг багтаасан ба онолуудыг хэд хэдэн хуудсаар нуршилгүй сэтгэл судлалын нийт салбарын 100 гаруй онол, ойлолтуудыг тус бүр ердөө нэг хуудсанд багтаасан нь зөвхөн түүхэн роман уншиж шинжлэх ухааны хүнд хэллэгээс зайлсхийдэг, ном унших дургүй томчуудад тун хэрэгтэй бүтээл болжээ. Хүний анхаарал төвлөрлийн дээд хугацаа 20 минут, хүүхдийнх 10 минут байдаг. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй мөртлөө бидний дунд хамгийн их яригддаг хүний сэтгэлзүй, түүний мөн чанарын тухай ойлголтыг энэ номоор дамжуулан хүүхдэдээ төлөвшүүлж, ирээдүйн сэтгэл судлаачдыг эртнээс сургаж ч болох юм.

Л.Энхтүшиг

--

--