Аз жаргалтай 100 өдрийн сорилт ( Happy 100 day’s challenge )
NM:001
Юуны өмнө та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энх-Уянга миний бие гэнэтхэн яагаад, юун 100 өдрийн аз жаргалын сорилт өөртөө хийх гээд байна гэхээр одоогоос 4, 5 сарын өмнө дэлгүүрт явж байгаад 100 өдрийн төлөвлөгч дэвтэр олоод нөхөртөө болон өөртөө нэгийг авсан боловч нөхрийн маань 100 өдөр аль хэдийн эхлээд эхлэх байтугай дараагийн 100 өдөр дундаа орж байхад минийх одоо л нэг юм эхлэх гэж байгаа нь энэ юм. Би сэтгэл санаагаа бэлтгэх гэж их удсан л даа 😂

Нөхрийн маань 100 өдрийн сорилтын үр дүнг сонирхохыг хүсвэл ⬇️

За тэгвэл энэ 100н өдөр би яг юу хийх гээд байгаа юм бэ? Төрөөд удаагүй гэртээ над шиг хүүхдээ харж байгаа ээж нар ихэнх цагийг үр хүүхэд гэр бүл гэрийн ажилд (өөр ажил хийдэг мундаг ээж нар ч байдаг) зарцуулдаг. Тэгвэл өнөөдрөөс эхлээд надтай хамт өөрийн болон хайртай гэр бүлийнхээ аз жаргалын төлөө хамтдаа 100 өдрийн сорилт хийцгээе гэж уриалмаар байна. Яг юунаас эхэлмээр байгаагаа та өөрөө сонгоорой. Миний хувьд:
- Өглөө 06:00д босч иогад явах (7 хоногт 3н удаа)
- Өглөөний цай бэлдэх
- Өдөр бүр хамгийн багадаа 2 цаг өөртөө зарцуулах
- Хэлний мэдлэгээ сайжруулах
- Блог бичих
- Өөрт байгаа номуудаа уншиж дуусгах, тэмдэглэл хийх гэх мэт сорилтуудыг хийх гэж байна.
Мэдээж энэ бүхнийг маш сайн төлөвлөж аар саар гэрийн ажил, хүүгийнхээ хоол унд гэх мэт зүйлсийн хажуугаар амжуулахыг хичээх болно. Эмэгтэй хүний хатан ухаан, хайр элбэрэл дээр л гэр бүл тогтдог учраас ЭЭЖ хүн эмэгтэй хүн хамгийн агуу гэж би боддог. Ээж гэрт байхгүй үед гэр ямар байдаг билээ? Ээж гэртээ ирэхэд гэр гийгээд л ямар сайхан болдог билээ. Тийм ч учраас бид нар л өөрсдийгөө хайрлаж, гамнаж, эрүүл мэндээ бодож, хөгжүүлж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхгүй бол бидний төлөө өөр хэн ч юу ч хийж өгөхгүй.

Магадгүй би энэ 100 өдрөө дуусгаад дүгнэлтээ хийх үед энэ хүүгээ харж байгаа цаг хугацаа минь бурхнаас надад өгсөн бэлэг байжээ гэх ч юм билүү. Та л пөөрийнхөө амьдралыг өөрчлөх нэг алхмыг өнөөдөр хийхгүй юм бол хэн ч таны өмнөөс хийхгүй шүү дээ.
Өнөөдрөөс эхлээд та бүхэнтэй ээж нарт тулгамддаг энгийн асуудлууд, жирэмсний үе болон хүүхдэд тохиолдсон асуудлуудыг хэрхэн даван туулсан гэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг бичихийг хичээх болно. Санаж байгаа үедээ л бичиж тэмдэглэж авахгүй бол дараа нь дахиад хүүхэдтэй болох үед асуудал гарахаар ихэнх ээж нар мартсан байдаг юм билээ. Тийм ч учраас миний бичих зүйлс маань бага сага ч болов над шиг шинэхэн ээж нарт үнэтэй мэдээлэл болох байх гэж итгэж байна. Өөр бас олон сонирхолтой зүйлсийг хуваалцахыг хичээнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа 😊
