Бусдыг татах 25 аргаас

Амьдралыг ганцаараа бүү туул
Ачаагаа ганцаараа бүү үүр

Блогоо эхлэж байхдаа нэгэн ном дурдаж байснаа уншаагүй хүмүүст танилцуулж эхлэхээр шийдлээ. Уншсанаа маш их хураангуйлж бичих гэж хичээнээ. Сурах зүйл ихтэй номоо дахиад уншихад дахиад л суралцаж байна даа :)

  1. Өөрийн үнэ цэнээ өсгө

Хүн болгонд өөрийнхөө тухай үнэнийг олж мэдэх цаг ирдэг бөгөөд үүнээс үүдэн таны дотор муухай оргиж мөн тааламжтоай сайхан мэдрэмж төрдөг. — Перл Бейли

Хүн бүрт өөрийн гэсэн эргэлзээ түгшүүр гэж бий. Хэрэв би танаас “Эрч хүчтэй, зорилго тэмүүлэлтэй ялагч хүнийг дүрсэлж өгнө үү” гэж хүсвэл өөртөө итгэлтэй, бусдад элэгсэг дотно, төлөв даруу, өгөөмөр тийм нэгэн хүнийг дүрслэн хэлэх байх. Мэдээж зарим талаараа энэ нь зөв. Гэхдээ ялагч байхын тулд зөвхөн эдгээр чанаруудаас гадна нэг зүйл зайлшгүй шаардлагатай. Тиймээ “Ялагч” байна гэдэг нь өөрийнхөө үнэ цэнэ, байр сууриа мэдэх явдал юм.

Хэн нэгэнд өөртөө сэтгэл дундуур байж өөрийгөө өөрчлөх шаардлагатай мэт санагдах үе олон тохиолддог ч санасны зоргоор болохгүй байх нь элбэг. Удамшлаас чинь танд олгогдсон дүртэйгээ та эвлэрхээс өөр аргагүй. Эс бөгөөс өөрийнхөө үнэ цэнийг үгүйсгэн хувь заяандаа гомдоллон өөртөө итгэлгүйгээр амьдрах болно. Цаашлаад хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэхээс нааш бусдын үнэ цэнийг мэдрүүлнэ гэж байхгүй. Та өөрөө ялагч болохоос нааш хэн ч таныг дагахгүй. Та өөрийн үнэ цэнээр дамжуулан бусдын үнэ цэнийг ойлгодог гэдгийг ухаарах ёстой.

Өөрийгөө үнэлж, эргэн тойрныхондоо тэр үнэ цэнээ санал болгож чадна гэдэгтээ итгэж чадахгүй бол хүмүүс хэзээ ч таныг дагахгүй. Танд байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол та өөрөө юм. Тиймээ танд ашиг орлого оруулж чадах гол зүйл чинь та өөрөө юм.

Бүлэг болгоны эцэст хэрэгжүүлэлт хэсэг байдаг юм. Өнөөдрийх:

Өөртөө итгэхэд саад болдог бүх зүйлсээ март.

Өөрөөсөө асуу. Өөртөө ашиг авчраад зогсохгүй бусдад туслах замаар өөрийн үнэ цэнийг хэрхэн өсгөх вэ?

Үүнийг хий. Өөрийнхөө засах шаардлагатай буруу дадал зуршил, ааш араншин, зан төлөвүүдийнхээ жагсаалтыг гаргаж шийдвэрлэж тодорхой алхамуудыг бичээрэй.

Эцэст нь бусадтай харилцах харилцааны төлөв зөвхөн танаас хамаардаг гэдгийг санаарай.

2. 30 хормын зарчим

Буян үйлдэх боломжтой цагийг хүлээдэг хүн хэзээ ч буян үйлдэж чадахгүй. — Сэмуэл Жонсон

Хүмүүний сэтгэлийг өөртөө татах хамгийн чухал зөвлөмжүүдийн нэг нь 30 хормын дүрэм билээ. Энэ нь хүнтэй харилцаж эхлэх эхний 30 хормын дотор та нөгөө хүндээ ямар нэгэн сэтгэл сэргээх урмын үг хэлэх юм.

Бусдыг урамшуулж бай, тэд чин сэтгэл дундуур явж байдаг юм шүү.

Нээрээ ч хүмүүс хүнд ачаа, дарамт үүрч сэтгэлдээ хүч тэнхээгээр дутагдаж явдаг билээ. Тиймээ хүн бүр сайхан урам сэргээсэн үг сонсохыг хүсэж явдаг нь үнэн. Үүний тулд ямар ч хүч шаардахгүй боловч үр дүн нь гайхалтай байдаг. Бусдыг урамшуулахад мэдлэг чадвар хэрэгтэй байдаг болохоос доромжлоход тийм ч их мэдлэг чадвар шаардагдахгүй бизээ.

30 хормын зарчим нь бусадтай харилцахдаа өөр дээрээ төвлөрхөөс илүүтэйгээр харилцагч хүнээ сайхан сэтгэгдэлтэй болгох нь чухал. Хэн нэгэнд анхаарал тавьж түүнийг үнэлж харилцахад хэн ч дуртай байдаг бөгөөд таны хүсэлтийг ч тэрээр дуртайяа биелүүлэхийг хүснэ. Хүнтэй ярилцаж эхлэхдээ эхний 30 хормыг түүнд бүрэн зориулаарай.

Хэрэгжүүлэх зүйл:

Өөрийгөө сайхан харагдах эсэхээ март. Үүний оронд харилцагч чинь таны дэргэд өөртөө итгэлтэй болох боломжийг бий болгоход санаа тавь. Таны оршин буй байдал чинь бусад хүмүүс таны дэргэд хэрхэн орших суурь нь болдог.

Өөрөөсөө асуу. Өнөөдөр надтай уулзах хэн нэгнийг би хэрхэн урамшуулах вэ?

Үүнийг хий. Тааралдсан хүн бүхэнд анхаарлаа хандуулж тэднийг урамшуулж онцгойлж өгөөрэй.

Эцэст нь ярианы эхний 30 хоромд ярилцагчдаа ямар нэгэн таатай зүйл хэлээрэй.

3. Чухал хүн гэдгийг нь ойлгуул

Хүн миний юу бодож байгаа тухай асуугаад дараа нь намайг анхааралтай сонсохоос өөр сайхан зүйл надад үгүй. — Хенри Дейвид Торо

Өөрийн багтаа хэрхэн жинхэнэ сайн мэргэжилтнүүд элсүүлэн авч чаддаг юм бэ? гэсэн асуултанд “Таньгүйгээр би үүнийг хийж чадахгүй” гэсэн өгүүлбэр нууц нь гэж хариулжээ. “Бусад хамтрагчид өөрт нь хэрэгтэй бус харин өөрийгөө бусдад хэрэгтэй” гэж бодож явдаг агуу удирдагч нар хүртэл унадаг юм. “Би хүмүүст хэрэгтэй биш харин хүмүүс надад хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон удирдагч л агуу удирдагч болдог.

Та хэр их амжилт гаргасан, та өөрийгөө хэр зэрэг үнэлж байгаа чинь хамаагүй. Ямар ч тохиолдолд хүмүүс танд хэрэгтэй гэдгийг санаж яв. Иймд бусдад та нар байхгүй бол би ялалтанд хүрч чадахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч Вудро Вилсон “ Бид өөрсдийн тархиа ашиглахаас гадна бас бусдын тархинаас ч зээлж авах боломжтой тул авч ашиглах ёстой” гэж байнга хэлдэг байжээ. Хэн ч боломжоо зөвхөн өөрийн тархиар хязгаарлах ёсгүй. Линдон Жонсон гэх эрхэм хэлэхдээ: “Хамтдаа шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй бөгөөд харин ганцаараа шийдвэрлэж чадах асуудал л тун цөөхөн байдаг юм” гэжээ. Хэрэв та хүмүүсээс тусламж хүсэх юм бол энэ нь тэдгээр хүмүүсийн үнэ цэнийг өөрсдөд нь ойлгуулах маш сайн хэрэгсэл болж өгдөг.

Нэгэн судалгааны үр дүнгээс харвал өөрийнхөө хувь нэмрийг сайн мэдэрсэн хүн ажилдаа уран бүтээлчээр хандаж илүү үр бүтээлтэй ажилладаг байна.

Хэрэгжүүлэх зүйлс.

Бусдын туслалцааг авахад саад болж байдаг бардам зангаа орхи.

Өөрөөсөө асуу. Миний хийж чадахаас ч илүү сайн хийх хэн надад тусалж чадах вэ? Хэн надтай нэгдэхийг хүсэн намайг дуудахыг хүлээж байгаа бол?

Үүнийг хий. Хүмүүсээс тусламж хүсээд тэднийг ажиглаарай.

Эцэст нь бусдын тусламжтайгаар амжилтанд хүрч байгаа хүмүүс өөрсдийнхөө хувь нэмрийг сайн ойлгодог.

4. Баялаг дурсамж бүтээ

Энэ хэсгийг би хуваалцаж байсан болохоор шууд алгасая даа.

5. Хүмүүсийг бусдын өмнө магт

Өөрийн найз нөхдийг ганцаарчлан зэмлэ харин олны өмнө сайшаа. Публы Сир

Хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татах хамгийн сайн арга бол бодитой магтаалын үгийг тэдэнд олж хэлэх ба үүнийгээ олны өмнө магтан сайшаах нь хамгийн чухал. Хэрэв та өөрийгөө хүрээлэн буй хүмүүсийг гал цогтой байлгахыг хүсэж байгаа бол та энэ энгийн аргыг эзэмших хэрэгтэй.

“Миний үнэ цэнийг надад мэдрүүлээч гэсэн бичигтэй үл үзэгдэгч пайзыг хүн бүр хүзүүнээсээ зүүж явдаг” гэж Мэри Кэй Эш хэлсэн байдаг. Магтаал саашаал нь хүнийг өдөөж хүч өгдөг. Сайшаал хэлж байхдаа та ямарваа нэгэн утгыг тэр хүнд батлан илэрхийлж байдаг. Үүний үр дүнд тухайн хүнд уг магтаалтай холбоотой итгэл үнэмшил бүрэлдэн бий болдог.

Хамгийн сүүлд хэзээ таныг олны өмнө сайшааж байсан бэ? Та тэр үед юу мэдэрч байв? Чин сэтгэлээсээ хэлсэн магтаал хүнд жинхэнэ урам өгдөг билээ.

Хэрэгжүүлэх зүйлс.

Хувьчлан уулзаж байх үедээ л хүнд урмын үг хэлэх ёстой гэдгийг март эсрэгээр нь олны өмнө боломж гарангуут хэлж занш.

Өөрөөсөө асуу. Хүмүүсийн өмнө гарах үед хэний зан чанарыг сайшааж болох вэ?

Үүнийг хий. Танд ойр нэгнийг олны өмнө магт.

Эцэст нь бусдын өмнө магтан сайшаах нь уг хүнд жигүүр өгч байгаа юм.

Олон гайхалтай best seller номын зохиолч Жонн С.Максвел “Бусдыг татах 25 арга” номноос…