Sergelenchimeg
10 min readFeb 23, 2023

ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГ: ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ХҮНИЙ БИЕ МАХБОД

Монгол улсын 100 мянган хүн тутамд хорт хавдраас үүдэлтэй нас баралт 175.9 байгаа нь дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж буй үзүүлэлт юм. Тэр дундаа Монголчууд бид элэг, ходоодны хорт хавдрын үхлийн тохиолдлоор дэлхийд нэгт, улаан хоолойн хорт хавдрын үхлийн тохиолдлоор дэлхийд хоёрт орж байна. Энэ бол бид хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шалтгаан юм. Бид хавдрын талаар хангалттай сайн мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, бидний өдөр тутмын амьдралын хэв маяг нь биднийг хавдартай болоход хамгийн ихээр нөлөөлж байгааг ч мэддэггүй маань хавдар тусах гол шалтгаан болдог гэхэд буруудахгүй болов уу. Тийм учраас Монгол хүн бүр эрүүл байгаасай, Монгол хүний үхлийн шалтгаан нь хорт хавдар битгий байгаасай хэмээн таны мэдлэгт дусал нэмэрлэх зорилгоор танд зориулж бичлээ. Хорт хавдрын тухай нийтлэл маань нийтдээ 3 хэсэг болж орно. Дараагийн хэсэг хорт хавдрын эсрэг орчин болон хорт хавдрын эсрэг хоол хүнсний талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Олон хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс зарим шинжлэх ухааны нэршлүүдийг аль болох дурдахгүй байж энгийнээр тайлбарлав. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бүгдийг нь дуустал нь уншаарай гэж танаас хүсье.

Энэхүү нийтлэлд хүний их эмч, мэдрэл судлаач Дэвид Сөрван Шрайябэрийн Хорт хавдрын эсрэг номоос хуваалцахгүй байхын аргагүй чухал хэрэгтэй мэдээллүүдийг оруулав. Түүний номд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, түүгээр өвдсөн үед хийгдэх эмчилгээний үр дүнг сайжруулах байгалийн олон аргыг тайлбарласан байгаа. Тэрээр тархины хорт хавдартай гэдгээ мэдсэнээсээ хойш энэ номд дурдсан аргуудынхаа ачаар 18 жил амьдарсан байдаг. Хийсэн бүхнийх нь төлөө түүнд гүн талархал илэрхийлье.

Хорт хавдар гэж юу вэ?
Хорт хавдар нь бид бүгдийн дотор унтаа байдлаар оршдог. Бусад бүх амьд организмын нэгэн адил бидний бие махбод үргэлж гажигтай эсүүдийг ямар нэгэн байдлаар үүсгэдэг. Хавдар үүсэх үндсэн зам нь энэхүү гажигтай эс үүсэх процесс бөгөөд азаар бидний бие махбод эдгээрийг цаг тухай бүрд нь илрүүлж, хяналтдаа байлгах хамгаалалтын олон тогтолцоогоор тоноглогдсон байдаг. Шинжлэх ухааны олон өгөгдлийг бүхэлд нь нэгтгэн авч үзэхэд хорт хавдрын эсрэг бидний байгалийн хамгаалалт маш чухал бөгөөд байгалийн хамгаалалтаа ашиглах эсэх нь биднээс өөрсдөөс маань хамаарна. Харин бидний амьдралын хэв маягийн зарим хүчин зүйлс хорт хавдраас хамгаалах байгалийн хамгаалалтыг сулруулдаг. Эсрэгээрээ бид байгалийн хамгаалалтаа дэмжсэнээр хавдрыг ялах боломжтой гэсэн үг. Хорт хавдрын сул талууд болон бие махбодынхоо байгалийн хамгаалалтын талаар мэдэж авцгаая.

Бие махбодын харуул хүчтэй дархлааны эс
Швейцарын лабораторид нэг төрлийн хулганаас гаргаж авсан хоруу чанар хамгийн ихтэй S180 эсийг дэлхий даяар хорт хавдрын эсрэг судалгаанд өргөн ашигладаг. Энэ эсийн хромосомын тоо эрүүл эсийнхээс өөр бөгөөд энэ нь эрүүл эсийн гадаргуу дээр маш их хэмжээний хорт бодис цитокин ялгаруулан гадаад бүрхүүлийг нь шууд гэмтээх чадвартай. Хулганад тарих үед богино хугацаанд ихээр хуваагдаж, 10 цаг тутамд өөрийнхөө хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ. Ойр орчмын замдаа тааралдсан бүгдийг устгаж өөрийн орон зайгаа тэлдэг. Хэвлийд байршсан эдгээр эсийн нөлөөгөөр тунгалгийн шингэний урсгал хаагддаг тул энд шингэн хуримтлагдахыг асцит гэж нэрлэдэг. Тэд амин чухал эрхтэн задрах эсвэл том судас хагарч үхэлд хүргэх аюултай үржлийг үүсгэдэг.

Уэйк Форестийн их сургуулийн лабораторид биологийн ухааны доктор, профессор Жэн Цуй өөх тосны солилцоог судалдаг байжээ. Түүний туршилтад эсрэг биет шаардлагатай болсон тул туршилтын хулганад S180 эсийг тарив. Хэдэн мянган S180 эс тарьсан хулгана сар хүрэхгүй хугацаанд амьдрах тул туршилтаа гүйцэтгэхийн тулд хулганаа тасралтгүй шинэчлэх шаардлага гарав. Гэтэл нэг хачирхалтай үзэгдэл гарч ирсэн нь ердийн тунгаар 200 мянган эсийг бүлэг хулганад тарихад 6 дугаартай хулгана тарилгын нөлөөг эсэргүүцэн, хэвлийд нь шингэн хуримтлагдаагүй байв. Судалгааг удирдаж байсан Жэн Цуй тунгаа 10 дахин буюу 2 сая болгосон ч хулганад хорт хавдар үүссэнгүй. Баталгаатай үр дүн гаргаж авахын тулд эсийн тоог 20 сая болгож, тарилгын дараа шингэн гэдсэнд нэвчсэн эсэхийг нь шалгасан ч 2 долоо хоногийн дараа бүх хорт хавдрын эс алга болсон байлаа. Дахин баталгаажуулахын тулд ердийн хийгддэг тунгаас 1000 дахин их буюу 200 сая эсийг туршиж үзсэн ч үр дүн нь адилхан гарчээ.

Хэдэн өдрийн туршилтын дараа тэд тайлбарыг нь олов.
Тодорхой насанд буюу хулганы 6 сар, хүний 50 жилтэй тэнцэхүйц хугацаанд эсэргүүцлийн механизм сулардаг. Эхлээд хорт хавдар үүсэж эхэлсэн бөгөөд энэ нь хэвлийд шингэн үүсгэсэн. Үүнээс 2 долоо хоногийн дараа хавдар бие махбодын хамгаалах эсэргүүцлийг бүрэн идэвхжүүлсэн бөгөөд хорт хавдар минут тутамд хайлж 24 цагийн дотор бүрэн алга болжээ. Хулганууд идэвхжиж, үржилд орох зэргээр хэвийн амьдралын хэв маягтаа оров. Ингэж шинжлэх ухаанд анх удаа хорт хавдрын бууралт ажиглагдсан туршилтын загвар бий болов.
Жэн Цуй хамтрагч Миллерийн хамт хүчирхэг хулганы хэвлийгээс S180 эс агуулсан дээжийг микроскопоор судлаад бөөрөнхий, үсэрхэг, түрэмгий хорт хавдрын эсийн оронд гөлгөр хонхойсон, нүхээр дүүрсэн эсүүдийг олж харлаа. Дархлааны тогтолцооны хамгаалагч “байгалийн алуурчин” гэгдэх NK (Natural killer) эсүүд нь хорт хавдрын эсүүдийг бүсэлж түгжсэн байв. Тэд цусны цагаан эсүүд S180 эс рүү дайрч байгааг микроскопоор харсан бөгөөд хулганууд хорт хавдраар өвчилсний дараа дархлаа нь маш идэвхтэй ажилласны үр дүнд хамгаалалтын дайнд бүрэн ялалт байгуулжээ. Энэхүү Байгалийн алуурчин эсүүд нь дархлааны тогтолцооны маш онцгой төлөөлөгч бөгөөд бактери, вирус эсвэл шинэ хорт хавдрын эсүүдийг эрэлхийлж, бие махбодын дотор байнгын эргүүлд гардаг. Дархлааны тогтолцооны бусад эсүүд өвчин үүсгэгчийг таньж, түүнтэй тэмцэхийн тулд эхлээд өөрөө халдварт өртөх шаардлагатай болдог бол NK эсүүд дайчлагдахын тулд эсрэгтөрөгчтэй урьдчилан танилцах шаардлагагүй. Тэд дайснаа илрүүлмэгц халдагчдын эргэн тойронд цугларч, мембранаас мембрантай шууд холбогдох оролдлого хийж эхэлнэ. Холбоо үүсгэмэгц NK эсүүд бай руугаа чиглэсэн танкны цамхаг шиг төхөөрөмж угсарч энэ нь хороор дүүрэн олон тооны цэврүү ялгаруулж хавдрын эсийн гадаргуу руу бууддаг. NK эсүүдийн химийн зэвсэг нь цэврүүнээс ялгарч, хорт хавдрын эсийн гадаргууг хайлуулна. Жэн Цуйгийн хүчирхэг хулганы дархлааны эсүүдтэй адилаар хүний NK эсүүд нь хорт хавдрын олон төрлийн эс тэр дундаа хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдийг устгах чадвартай байдаг.

2007 онд Nature сэтгүүлд ямар ч хамгаалалтгүй ердийн хулгануудын дархлааны чадавхыг судалсан судалгаа хэвлэгджээ. Вашингтоны их сургуулийн баг хэд хэдэн хэвийн хулганад ердийн тамхины утаанд агуулагдах хорт хавдаг үүсгэдгээс хэд дахин хоруу чанартай давирхай тарьсан байна. Нэг бүлэг хулганад үхлийн аюултай хорт хавдар үүссэн ч амьд үлдсэн хулганууд нь огт хавдаргүй байв. Судлаачид эдгээр эрүүл хулганууд нь хорт хавдрын эсийг тээж байсан боловч дархлааны тогтолцоо нь хорт хавдрын эсүүдэд хяналт тавьж “унтаа” хэвээр нь хадгалж байгааг илрүүлжээ. Тэдний баталсан өгөгдлөөс харахад дархлаа суларсан үед микро хавдар ялгарч, өсөх магадлал өндөр байдаг бөгөөд хорт хавдар зөвхөн өсөж үржихэд таатай бүс нутагт л үүсэж хөгжинө гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл дархлаа нь суларсан хүний биед л хорт хавдар цэцэглэн хөгжинө. Харин дархлааны тогтолцооны дутагдал үүссэн үед унтаа хорт хавдар түрэмгий хэлбэрт шилжинэ.

Энэхүү ойлголт нь бидэнд эмчилгээний цоо шинэ хандлагыг нээж өгсөн бөгөөд эмчилгээний зорилго нь хорт хавдрын эсүүдийг арилгах биш харин өөрсдийн байгалийн хамгаалалтаа бэхжүүлж дайчлах замаар эдгээр хавдрыг удаан хугацаанд тогтворжуулах явдал юм. Цусны цагаан эсүүд нь бие махбодын хорт хавдрыг тэсвэрлэх, ялах чадварын суурь багана бөгөөд бид тэдний эрч хүчийг өдөөх эсвэл удаашруулахаа зогсоож чадна. Үүний адил хүн бүр цусны цагаан эсээ хорт хавдартай нүүр тулан хамгаалалт үүсгэхээр дайчилж чадна.

Хавдар-эдгэрдэггүй шарх
Бүх амьд организм гэмтэл, шарх авсны дараа эд эсээ нөхөн сэргээх байгалийн чадвартай байдаг. Амьтан болоод хүний аль алинд энэ үйл явцын үндсэн механизм нь үрэвсэл юм. Улайсан, хавдсан, халуу оргисон, хөндүүрлэсэн шинжүүд үрэвслийн үед илэрдэг бөгөөд эдгээрийн цаана нарийн төвөгтэй, хүчирхэг үйлдлүүд явагддаг. Цохих, зүсэх, түлэх, хордох, халдвар авах зэргээс эдэд гэмтэл үүсдэг бөгөөд тромбоцит хэмээх цусны ялтаст эсүүд эдгээр гэмтлийг илрүүлдэг. Тэд гэмтсэн эсийн эргэн тойронд цугларч тромбицитын гаралтай өсөлтийн хүчин зүйлийг ялгаруулдаг бөгөөд энэ нь дархлааны тогтолцооны цагаан эсүүдэд дохио болж тарна. Цагаан эсүүд нь бусад дамжуулагч бодисыг үүсгэдэг ба эдгээр нь засварын ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр дамжуулагч бодисууд нь бусад дархлааны эсүүдийн урсгалыг хөнгөвчлөхийн тулд эвдэрсэн газрыг тойрсон орон зайг өргөсгөж, ялтаст эсийн хуримтлагдсан газрын эргэн тойрон дахь цусны өтгөрлийг өдөөж нүхийг битүүмжилнэ. Ингээд хөрш зэргэлдээ эдүүдийн нэвчимхий чанарыг нэмэгдүүлж эхлэх бөгөөд ингэснээр дархлааны эсүүдэд мөрдлөг хийх боломжийг бүрдүүлнэ. Эцэст нь тэд гэмтсэн эд эсийн өсөлтийг өдөөж, алга болсон хэсгийг нөхөн сэргээж, жижиг судаснуудыг үүсгэн, хүчилтөрөгч хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Эдгээр механизм нь бие махбодын бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн үйл явц бөгөөд бие махбодод гэмтэл үүсэхэд энэ сэргээн босгох үйл явц үргэлж давтагдана. Эдгээр механизмууд шаардлага нь дуусахад буцаад хэвийн байдалд оруулдаг төгс зохицуулгын системтэйгээр үүргээ гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл шинээр үүсгэх шаардлагатай эдийн хэрэгцээ хангагдахад системийн ажиллагаа шууд зогсож, дайчлагдахад бэлэн сонор сэрэмжээр дүүрэн байдлаа хадгалан, хүлээлтийн горимд шилжинэ. Энэ дархлааны эсүүдийг эрүүл хэсэгтээ үргэлжлүүлэн нөлөөлөхөөс сэргийлсэн чухал тохируулга юм.

Сүүлийн жилүүдэд хорт хавдар нь энэхүү эд эсийн засварын процессыг ашиглан бие махбодод халдаж, устгалд оруулдаг болохыг олж мэдсэн. Хорт хавдрын эсүүд өөрсдийн өсөлтийг хангахын тулд үрэвсэл үүсгэдэг. Үүний тулд тэд шархыг нөхөн сэргээх үед ялгардаг бодистой ижил үрэвсүүлэх шинж чанартай бодисыг үйлдвэрлэдэг. Тэдгээр үрэвсүүлэх шинж чанартай бодисууд нь хорт хавдрын эсийн нөхөн үржихүйд чиглэх бөгөөд хавдар нь тэдгээр бодисуудыг өөрсдийгөө хөгжүүлэх, хүрээлэн буй саадыг нэвчих чадвартай болгоход ашигладаг. Хорт хавдар нь дархлааны тогтолцооны гэмтлийг засах, бие махбодын бүх хэсэгт байгаа дайснуудыг хөөх үйл явцыг чиглүүлдэг бодисуудыг өөрсдийнхөө зорилгод ашигласнаар өөрсдийн өсөлтөд дархлааны эсүүдийг бүрэн дайчилдаг. Тэд үүссэн үрэвслийн ачаар хөрш зэргэлдээ эд эсэд нэвчиж, цусны урсгал руу орж цааш нүүдэллэн үсэрхийлэл үүсгэдэг.

Ердийн гэмтэл болоход үрэвслийн үед ялгардаг химийн бодисын үйлдвэрлэл нь нөхөн сэргээлт дуусахад буюу шарх эдгэрэхэд зогсдог. Харин хорт хавдрын үед эдгээр бодисын үйлдвэрлэл тасралтгүй явагдана. Учир нь тэд шархыг нөхөн сэргээх үед ялгардаг бодистой ижил үрэвсүүлэх шинж чанартай бодисыг үйлдвэрлэдэг. Тиймээс үрэвсүүлэх шинж чанартай бодисын үйлдвэрлэл зогсохгүй л бол үрэвслийн үед ялгардаг химийн бодисын үйлдвэрлэл ч мөн зогсохгүй. Үүнээс үүсэж буй илүүдэл химийн бодисууд нь хөгширсөн эсвэл гэмтсэн эсийн үхэх үйл явцыг зогсоодог. Эсийн үхэх үйл явц нь эд эсийн хэт их үржил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эсийн генетикт програмчлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч, гэмтсэн эсүүд нь өөрсдөө үхэх ёстой. Харин хорт хавдрын үед тэдгээр илүүдэл химийн бодисууд эсийн үхэх үйл явцыг зогсоосноороо өөрийн эд эсийг үхлээс хамгаалдаг. Өөрсдийн өсөлтийг өдөөхийн зэрэгцээ хорт хавдрын эсүүд үхлээс хамгаалагдсан байдаг. Эдгээр хүчин зүйлсийн нэгдэл нь хавдар аажмаар тэлэхэд хүргэдэг.

Хавдар нь ийнхүү үрэвслийг өөрийнхөө зорилгод ашигласнаар дараагийн гажуудал үүсгэх буюу ойр орчмын дархлааны эсүүдийг зэвсэггүйжүүлдэг. Өөрөөр хэлбэл үрэвслийн хүчин зүйлсийн хэт их үйлдвэрлэл нь цусны цагаан эсүүдийг эмх замбараагүй байдалд оруулснаар NK болон бусад дархлааны эсүүдийн хамгаалалтын идэвх саармагждаг бөгөөд тэд хавдрын эсрэг юу ч хийдэггүй.

Энэхүү аюултай тойрог нь хавдар үүсэх үндсэн суурь бөгөөд хавдар нь тухайн хэсгийнхээ үрэвслийг өдөөх тусам илүү хортой хэлбэрт шилжин цаашлаад илүү түрэмгий болж, хол тархаж, эцэст нь тунгалгийн булчирхайд хүрч үсэрхийлэл үүсгэдэг болохыг Science сэтгүүлд хянан хэлэлцсэн судалгаагаар бүрэн баталжээ.

Үрэвслийн процесс өөрөө онцлог шинж тул хавдрын нөлөөгөөр үүсдэг үрэвслийн эсрэг бодисыг хэмжих нь олон хавдрын үед өвчтөний амьдрах хугацааг урьдчилан таамаглах боломж олгодог. Хорт хавдрын үед үрэвслийн эсрэг үүссэн бодис нь хорт хавдрыг хөгжүүлэх зорилгод нэгддэг (дээр тайлбарласанчлан) учраас хэр их бодис ялгарч байгаагаар нь хавдар хэр хурдан тархах магадлалыг олох боломжтой болно. Хавдар судлаачид янз бүрийн өвчтөнүүдийн цусан дахь үрэвслийн шинж тэмдгийг хэмжиж хамгийн бага үрэвсэлтэй өвчтөнүүдийн хавдрын нь үе шат нь бусадтай харьцуулахад 2 дахин урт хугацаа зарцуулж байсныг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл үрэвсэл бага байх тусам хавдар хүндрэх нь удаан байна гэсэн үг.

Хорт хавдрын эсүүдийн өсөлт, тархалт нь хавдрын өөрийн эсээс ялгардаг үрэвсэл өдөөх хүчин зүйлээс шууд хамааралтай бөгөөд тэр хүчин зүйлгүйгээр хавдар өөрөө эмзэг юм. Үүнийг цөмийн хүчин зүйл каппа В гэж нэрлэдэг бөгөөд түүний нийлэгжилтийг хориглосноор ихэнх хорт хавдрын эсүүд дахин үхэх шинж чанартай болж, цааш үсэрхийлэн хөгжих нь зогсдог. Судалгаагаар өнөө үеийн эмийн үйлдвэрүүд бүхэлдээ каппа В-г дарангуйлах эм хайж байгаа бөгөөд түүний эсрэг үйлчилдэг молекулууд аль хэдийн өргөн тархсан нь тогтоогджээ.

Үрэвсэл өдөөх бодисууд хэт их үйлдвэрлэгддэг бас нэгэн шалтгаан нь гутранги, дорой байдлын байнгын мэдрэмж буюу цөхрөл. Сэтгэл хөдлөлийн энэ байдалд неоадреналин, стрессийн даавар болох кортизолын солилцоо өөрчлөгдөнө. Эдгээр даавар нь эд эсийг нөхөн сэргээхэд шаардлагатай үрэвслийн хүчин зүйлийг өдөөж, бие махбодыг болзошгүй шарх үүсэхэд бэлддэг байна.

Хавдрын хангамжийг таслах
Хорт хавдар нь цусны судсыг өөрийн хэрэгцээнд зориулан өөрчилж, өөртөө холбоо үүсгэхгүй бол дангаараа ургах боломжгүйг судлаачид олж нээсэн. Хорт хавдар нь эмзэг болон эвдэрсэн судаснуудаар өөрийгөө тэжээдэг бөгөөд хялгасан судас гэж нэрлэгддэг хүний үс шиг нарийн судалтай судсуудаар холбогдохгүй бол ямар ч хавдрын эс амьд үлдэж чадахгүй. Хялгасан судсаар эсүүдэд шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийг авчирч, эсийн бодисын солилцооны хаягдлыг буцаан зайлуулдаг. Амьд үлдэх, цааш ургахын тулд хавдар хялгасан судсуудаар өөртөө гүнзгий холбоо үүсгэх шаардлагатай ба мөн өндөр хурдаар ургахын тулд шинэ судас хурдан нахиалах шаардлагатай. Цусны судаснууд бол маш тогтвортой дэд бүтэц бөгөөд тэдний ханын эсүүд үрждэггүй мөн тодорхой нөхцөл байдлаас бусад тохиолдолд шинэ судас үүсэхгүй. Шархыг засах шаардлагатай үед болон сарын тэмдэг ирсний дараа л шинэ судаснууд ургадаг. Шинэ судас ургах үзэгдлийг ангиогенез гэж нэрлэдэг бөгөөд хэвийн ангиогенезийн механизм нь маш хатуу хяналтад байдаг. Байгалийн энэхүү хязгаарлалт нь хэт амархан цус алдах эмзэг судас бий болгохоос сэргийлдэг. Харин хорт хавдрын эсүүд өсөхийн тулд энэхүү шинэ судас бүтээх үйл явцыг булааж авдаг болохоор хорт хавдрын эсийн өсөлттэй тэмцэх нэг арга бол судас булаахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Ингэсэн тохиолдолд хавдрын өсөлт зүүний толгойноос том болж чадахгүй. Хорт хавдрын эсүүдийн оронд тэдний судас руу довтолсноор хавдрыг хатааж авах боломжтой бөгөөд шинэ судас үүсэхээс сэргийлэх арга замууд нь хавдрын өсөлтөөс сэргийлж, хавдрыг унтаа байдалд хадгалж бүр зарим тохиолдолд одоо байгаа хавдрыг шимэгдүүлэх ч боломжтой байдаг.

Бичил хавдар нь тэднийг тэжээх цусны судасны шинэ сүлжээ үүсгэхгүйгээр аюултай хорт хавдар болон хувирч чадахгүй. Судасны сүлжээ үүсгэхийн тулд хорт хавдар нь судаснууд руу ойртож, шинэ мөчир нахиалахад хүргэдэг ангиогенин хэмээх химийн бодис үүсгэдэг. Биеийн бусад хэсэгт тархсан хавдрын шинэ эсүүд болох үсэрхийлэл нь эргээд шинэ судсыг татах чадвартай үед л аюултай байдаг. Том хэмжээний анхдагч хавдар нь үсэрхийллийг гадагшлуулдаг бөгөөд шинэ судасны өсөлтийг зогсоодог ангиостатин бодисыг үйлдвэрлэх замаар биеийн бусад хэсгийг өөрөөсөө давуу чанартай болохоос сэргийлдэг. Энэ нь яагаад үндсэн хавдрыг мэс заслын аргаар авсан байхад үсэрхийлэл гэнэт ургадаг болохыг тайлбарлаж байгаа юм. Судалгаагаар ангиостатин бодис нь хэд хэдэн төрлийн хорт хавдар, түүний дотор хулгана руу шилжүүлэн суулгасан хүний 3 төрлийн хорт хавдрын өсөлтийг зогсоодог болохыг баталжээ. Энэ бол шинжлэх ухаанд шинэ судас үүсгэхээс сэргийлэн, одоо байгаа хавдрыг намжаах нөхцөлийг бүрдүүлсэн гайхалтай ололт байлаа. Химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэх мэт хорт хавдрын уламжлалт эмчилгээнээс ялгаатай нь ангиостатин нь шинээр хурдацтай үүсэж байгаа судаснууд руу дайрч, одоо байгаа судаснууд руу хамгийн бага довтолж, бие махбодын эрүүл эсүүдэд халддаггүйг туршилтаар илрүүлжээ. Дайсны хангамжийн шугамыг довтлох замаар удирдаж чадвал хавдрын шинэ судасны ургалтыг бий болгох оролдлогыг үгүй хийх эмчилгээг төлөвлөж, эдгээр эмчилгээг хими, туяа эмчилгээ гэх мэт илүү нарийвчилсан цохилтуудтай хослуулж болно.

Харамсалтай нь ангиостатинтай эмийг дангаар нь ашиглахад урам хугармаар үр дүн гарч ирэх тохиолдол бий. Тэд зарим хорт хавдрын өсөлтийг удаашруулж, зарим хавдрын намжлыг үүсгэдэг ч үр дүн нь тогтвортой биш юм. Үүнээс гадна ердийн хими эмчилгээнээс илүү үр дүнтэй байсан ч ангиогенезийн эм нь урьдчилан тооцоолсноос илүү гаж нөлөө үүсгэдэг. Хорт хавдар бол олон талт өвчин бөгөөд нэг төрлийн урьдчилан сэргийлэлт бүх хавдарт нөлөөлж чадахгүй тул хэд хэдэн аргуудыг нэгтгэх хэрэгтэй. Шинээр судас үүсгэхийг хянах нь хорт хавдрын эмчилгээний үндсэн чиглэлийн нэг байгаа хэвээр бөгөөд үүнийг байгалийн хамгаалалтын арга, хавдрын эмчилгээтэй хавсран хэрэглэх нь одоо бидний хувьд байж болох хамгийн төгс арга юм. Хорт хавдар бол гайхалтай гэмээр гаж үзэгдэл бөгөөд бие махбодын амин чухал ажиллагааг эхлээд өөртөө ашиглаж, улмаар эргүүлээд бие махбодын эсрэг нөлөөтэй болгож хувиргана. Үрэвсэл үүсгэх эсвэл цусны судас шинээр үүсгэх аль нь ч бай хавдар бидний нөхөн төлжих чадвар дээр л суурилан хөгжинө. Энэ нь зогсоож болохгүй процесс биш бөгөөд байгалиасаа бидний дархлаа хорт хавдрын эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх зохилдлогоотой. Дархлааны эсүүдийг бэхжүүлэх бүхий л арга хэмжээ буюу дархлааны эсүүдээ өдөөж, үрэвсэлтэй тэмцэх нь хорт хавдрын өсөлтийг сааруулна.

Энэ хүртэл хорт хавдрын сул талууд болон бидний бие махбод хорт хавдрын эсрэг юу хийдгийг тайлбарлалаа. Одоо та хавдар нь үрэвслийг өөрийнхөө зорилгод ашигладаг үүсдэг эдгэрдэггүй шарх гэдгийг мэдэж авсан гэж найдаж байна. Харин дараагийн нийтлэлдээ хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлсийн талаар тайлбарлах болно. Бидний анхаарах хэрэгтэй хамгийн чухал зүйл бол хүрээлэн буй орчин болон хэрэглэж буй хоол хүнс маань учраас тэдгээрийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж энэ хүртэл уншсан танд баярлалаа.

Sergelenchimeg

Software Engineer, Computer Science BA, Reader, Writer, Believer, Minimalist, Extravert