Аутоиммун өвчнийг үүсгэгчийн талаар товчхон…

20 дугаар зууны эхэн үед 10000 хүн тутмын 1 нь аутоиммун төрлийн өвчлөлөөр өвдөж байсан бол одоогоор 250 хүн тутмын 1 нь өвдөж байгаа тоон баримтыг үзэхэд үнэхээр цочирдмоор. Цаашлаад ойрын 20 жилд 4 хүн тутмын 1 нь өвчлөх магадлалтай байна. Тодруулбал, бидний ген өдий хугацаанд тэгтлээ өөрчлөгдөөгүй байтал сүүлийн 30 жилд аутоиммун өвчин ямар ч бусад өвчнөөс илүү олширч байгаа нь харамсалтай.

“Аутоиммун өвчлөл нь энгийнээр хэлбэл бие организм өөрөө өөр лүүгээ дайрч байгаа автомат үйл явц юм” — Jeffrey Bland, PhD (“Godfather” of Functional Medicine)

Тэгвэл энэхүү автомат үйл явц хэрхэн үүсч байна вэ?

Аутоиммун өвчнөөр өвдөхөөс өмнө хүний биед аntibody буюу эсрэг биет үүссэн эсвэл оршиж байдаг. Энэ нь биеийн аль нэг эрүүл эс, эд, эрхтний эсрэг биет нь болж түүнийг устгах үүрэг даалгавартай байдаг гэж ойлгож болно. Энэ үйл явц нь хэрхэн бие организм өөрийн эрүүл эс, эд, эрхтэн рүүгээ дайралт хийж өвчлүүлж байгааг харуулж байгаа юм.

Бие дэх эсрэг биет үүссэн эсэх, оршиж байгаа эсэхийг шинжилгээгээр шалгаж болдог. Тухайлбал, Cyclic Citrullinated Peptide (CCP) Antibody шинжилгээгээр тодорхойлж болно. Үүнээс гадна эсрэг биетийн олон төрлийн шинжилгээний төрлүүд байдаг. Гэхдээ манай улсад энэхүү шинжилгээ хийгддэг эсэхийг мэдэхгүй байна. Ямартаа ч аутоиммун өвчнөөр өвчлөхөөс өмнө хүний биед эсрэг биет нь 5, 10, 15 жилийн өмнө үүссэн байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Мөн эсрэг биет нь нэгэн төрлийн уураг бөгөөд уураг нь хүний генд кодлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл аутоиммун өвчинг үүсгэгч эсрэг биет удамшсан байх боломжтой гэсэн үг юм.

Гэхдээ зөвхөн бие дэх эсрэг биетээс аутоиммун өвчлөл дангаараа шалтгаалахгүй. Үүнээс гадна олон хүчин зүйл нөлөөлж байдгийг анхны нийтлэлээс минь уншсан болов уу.

Аутоиммун өвчлөл үүсгэгч чухал 3 хүчин зүйл бол:

  1. Allergens буюу харшил үүсгэгчид
  2. Microbes буюу нян
  3. Toxins буюу хортой бодис юм.

Жишээлбэл, 10 хүн нэгэн ижил аутоиммун өвчнөөр оношлогдсон ч тэдний өвчнийг үүсгэгч нь 10 өөр хүчин зүйл байж болох юм.

Аутоиммун өвчний эсрэг биет удамшдаг, өөрийн бие өөрийн эд, эрхтний эсрэг дайрч байгаагаас зугтах аргагүй гэж бодож байвал мэдээж таны бодлоор хязгаарлагдана. Таны ээж, эмээ, нагац, дүү бүгд үе мөчний өвчтэй бол та ч гэсэн өвдөх магадлал маш өндөр. Яагаад гэвэл таны биед тэдэнтэй ижил эсрэг биет байхаас гадна та яг тэдний амьдралын хэв маяг, хоол хүнсний сонголтыг дуурайвал адилхан л өвдөнө гэсэн үг юм. Бас нэг анхаарал татахуйц баримт бол аутоиммун өвчлөлөөр оношлогдсон нийт өвчтнүүдийн 75% нь эмэгтэйчүүд байдаг.

“Найрал хөгжмийн хөгжимчид хамтран тоглож байгаатай адилаар аутоиммун өвчнийг үүсгэгч хүчин зүйлс нь нэг зүйлээс бус хэд хэдэн хүчин зүйлсийн цогцоос бүрдэж байдаг.” — Professor Yehuda Shoenfeld, MD, FRCP (The ‘Godfather’ of Predictive Autoimmunity)

Аутоиммун өвчинтэй эсвэл аль нэг өвчнөөр оношлогдоогүй ч эрүүл мэнддээ анхаарч орчин үеийн тахалд өртөхгүй байх сонголт хувь хүн бүрт байгаа гэдгийг хэлэхийг зорьж блог оо хөтөлж байгааг дурьдах нь зүйтэй байх.

Мөн 2017 оны анхны нийтлэл оруулж байгаагийн хувьд энэ жилийг өөрийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах жил болгож байгаа бөгөөд үүнийг уншиж байгаа хүн бүрийг надтай хамт эрүүл мэнддээ бүр илүү анхаараасай гэж хүсч байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье! :)