Глютенгүй хоол хүнс

Өмнөх нийтлэлүүддээ глютен агуулсан бүтээгдэхүүн ямар хор уршигтай байж болох талаар цухасхан дурдсан. Харин өнөөдөр глютен ороогүй хүнсний бүтээгдэхүүний сонголтоос сонирхуулах гэсэн юм.

Байгалиасаа глютен ороогүй бүтээгдэхүүнүүдэд:

  • Жимс жимсгэнэ
  • Ногоо
  • Мах
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Шош, вандуй, самар

Анхаарах зүйл гэвэл хэрэв эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс авахдаа савласан, боловсруулсан, лаазалсан хэлбэрээр сонгож байгаа бол глютен орсон байх магадлалтай тул заавал орцыг нь нягтлаж байх нь чухал байдаг.

Харин үр тариа, будааны тухайд бол глютен (gliadin) ороогүй төрөл хэд хэд байдаг ба ялангуяа Монголд олдоц нь боломжийн байдаг. Тэгэхээр гурил, глютен агуулсан гоймонгоос гадна ямар үр тариа болон өөр цардуул агуулсан эрүүл сонголтууд байгааг харцгаая:

  • Бор будаа
  • Цагаан будаа
  • Гурвалжин будаа
  • Шар будаа
  • Кинва (quinoa)
  • Буурцаг
  • Төмс
  • Чиа үр (chia seed)
  • Маалинганы үр (flax seed)
  • Эрдэнэ шишийн гурил

Анхаарах зүйл гэвэл байгалиасаа глютен агуулаагүй ч, глютен агуулсан өөр бүтээгдэхүүнтэй хамт ургац хураах, боловсруулахаас үүдэн глютен халдах эрсдэлтэй байдаг. Глютен баталгаатай агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн дээр gluten free гэсэн бичигтэй байдаг.

Түүнчлэн төрөл бүрийн хоол амтлагч, соус, мисо, цуу зэрэгт глютен агуулагддаг болохыг санахад гэмгүй. Учир нь буудайн төрлийн глютен цавуулаг чанараасаа гадна өтгөрүүлэх чанартайг бүгд мэдэх байх. Глютен агуулаагүй цуу, амтлагч, мисо зэрэг нь илүү эрүүл хувилбар болох тул мөнгөө төлж хүнсээ цуглуулахдаа ч эрүүл мэндээ дэмжих зүйл авахыг уриалмаар байна.

Уух зүйлсийн хувьд глютен агуулсан ундаа, жүүс гэж ихэнхдээ байхгүй. Мөн дарс, архи агуулахгүй. Харин шар айраг, амуу соёолжоос гаргаж авсан согтууруулах ундааны төрлүүд (ale, lager) болон амуу соёолжны цуу нь глютен ихээр агуулж байдаг.

Хамгийн эцэст нь дурдах зүйл бол эм, витаминууд юм. Глютенд хэт мэдрэг хүмүүс глютен агуулаагүй витамин зэргийг сонгож хэрэглэвэл эрүүл мэндэд нь тустай.

Хүн бүр глютенийг хоолны дэглэмээс хасах албагүй ч, хэрвээ та эсвэл таны гэр бүлд арьсны өвчин (экзем, хайрст үлд, чонон хөрвөс), ходоод гэдэсний өвчин зовиур (ходоодны шүүрэл, тогтмол өтгөн хаталт, тогтмол ходоод өвдөх, гэдэс хийрхэх), байнгын толгой өвддөг зэрэг шинж тэмдэг илэрдэг бол багадаа 30 хоног хоолны цэснээсээ глютенгээ хасаад үзэхэд үр дүн мэдэгдэх боломжтой. Чадвал 120 хоног хасахад хүний биеийн цус бүрэн цэвэрлэгдэж танд мэдрэгдэх жижиг сажиг зовиурууд алга болох боломжтой.