I am the One in a million

Eta Tseveenkhuu
6 min readNov 3, 2019

--

Би бол саяд нэг тохиох онцгой хүн. Гэхдээ саяд нэг тохиолддог ясны хавдар гэсэн оноштой 25 настай Монгол залуу. Америкаас Монголд амрах зорилгоор 10 сарын 14-нд ирсэн би MRI шинжилгээнд ороод Монголд эмчлэх боломжгүй саяд нэг тохиох ясны хавдрын өвчтэй гэдгээ мэдэх нь тэр! Нэгэнт ховор төрлийн ясны хавдрын өвчнөөр өвдсөн болохоор хэрхэн тэмцэх, хавдартай хүний сэтгэл зүйн онцлог, хэрхэн даван туулж болох эсэхийг өөрийн бичвэрээрээ бичиж эхлэхээр шийдлээ.

Унжэгийн алс холын хамаатны залуугийн түүхээс та бүхэндээ товчхон хуваалцъя☺️

Товчхондоо ярихад америкт байхад 2018 оны 9 сараас аарцаг ясаар хатгуулж өвдөж эхлээд аль хэдийн 1 жил өнгөрчээ. Анх өвчнөө нурууны суулт хэмээн бодож явсаар сүүлдээ өвдөлтөө тэсэхээ болиод анх 2018 оны 10 сард Пало Алто хотын томоохон эмнэлэгт үзүүлж “SI joint dysfunction” гэдэг онош авч байв. Анхнаасаа би MRI шинжилгээ авахуулах хүсэлтэй байсан ч америкт тэр нь эмчийн зөвшөөрөл болон зайлшгүй үед хийдэг шинжилгээ байсан тул эмч нар нэг их тоолгүй жингээ хасах, нурууны булчин сайжруулах дасгал хий гэх мэт зөвлөгөө өгөөд явуулсан юм. Энэ худлаа оношыг сонсохын тулд эрүүл мэндийн даатгал хасагдаад 400–500$ төлбөр төлсөн шиг санагдана. Орлогогүй оюутан хүнд бол What the fuck гэж хэлмээр их мөнгө байлаа. Тэгээд л өвчин намдаах эм бараг 2 сар ууж, бараг л хэвтэрийн байдалд 1 сар орчихлоо шүү. Харин тухайн үедээ усанд сэлж нурууны дасгал хийж өвчин нь нэг үеээ бодвол жаахан ч гэсэн намдав. Гэхдээ л нурууны сүүл аарцагны ясны хэсгээр нэлээн хэдэн зүү зоолттой юм шиг тиймэрхүү мэдрэмжтэй л байнга явдаг байлаа. Сүүлдээ ч өвдөлтөө бүр хүлээн зөвшөөрөөд өвдөлтөө ч өвчин гэж тоохоо болиод тэсдэг болчихсон байв. Америкт ирсэн шалтгаан маань software engineer-р ажилд орох зорилготой ирсэн байсан ч юун бэлтгэл хийх эхний 3 сар ер нь өвчиндөө дийлдээд бөбөрөөд л явчихлаа. Байнгын өвдөлт мэдрээд байхаар код бичих, юм судлах гэдэг бол үнэхээр хэцүү л асуудалбайна лээ дээ. Компьютер тоглоом тогловол харин өвдөлтөө мартчихдаг байсан нь инээдтэй хэрэг шүү ххэ. Сүүл рүүгээ сэтгэлээр унаад л өөрийнхөө сугыг гайхаад л өдөрт хэд хэдэн удаа монгол руугаа буцъя больё гэдэг шиг ер нь хүний нутагт ингэж зовох хэрэг байдаг ч юм уу гүү ч юмуу гэсэн бодол байнга бодогдсон мөч саяхан мэт. Хүний нутагт өөрийн гэсэн орлогогүй, асарч тойлох хүнгүй өвдөнө гэдэг чинь хамгийн шандас шаардсан шалгуур байсан даа. Найз нар л их сэтгэл санаагаар дэмжиж сэнхрүүлж, жаахан тэсээд хичээх юм бол амьдрал сайхан болно блабла чи зүгээр тууштай бай гээд л. ххэ. Нээрээ л гадаадад ирсэн зорилгоо биелүүлэлгүй буцна гэдэг өөрт ичгүүртэй бас бууж өгнө гэдэг гутамшигтай байсан болохоор өвдсөн ч хамаагүй үзэж тарна гээд л өдөр болгон бэлтгэл чадахаараа хийж ажлын ярилцлага өгдөг байв. Ашгүй нэлээн бэлтгэл хийсний ч үр дүн, найз нөхдийн ч зөвлөгөө их тус болж Америкын цахиурын хөндий дэхь Cisco Inc компанид ажилд орж чадлаа шүү.

Ажилд ороод хэсэг болоод санхүүгийн байдал ч дээрдээд нөгөө бараг л үхмэл байсан хүн чинь урж тасдая гэдэг дээрээ тавиад за нөгөө өвчнөө эмчилчихвэл боллоо гээд үзэж тарах нь тэр. Анхнаасаа нурууны суулт, мэдрэл дарагдсан гэж бат итгэсэн би бараг 5 сарын турш бариа засал, зүү тавиур гэх мэт ардын эмчилгээгээр явж бараг 3–4 эмч солиж эмчлүүлэх гэж үзэв. Өвдөлт тодорхой хэмжээгээр багассан ч цаашдаа нэг л сайжрахгүй юм шиг цаанаасаа мэдрэгдээд байлаа. Явсаар байгаад 7 сар боллоо. Америкт ерөнхийдөө эмчилгээ маш үнэтэй, MRI зураг авахуулахад эмчийн зөвшөөрөл, үнэ мөнгөнөөс авахуулаад асуудлууд их байсан тул ер нь Монгол явж амрангаа MRI авахуулж, нурууны барианд орж эмчлүүлчихээд буцъя гэсэн их хөөрхөн сийрэг бодол гэнэт л орж ирэв. 10 сард харин ажил төрөл, сургууль соёл хичээл ном, бүх зүйлс төлөвлөснөөр бүтэж нэг юм Монголдоо хүрээд ирлээ дээ. Чухамхүү ирээд л бараг хамаг өвчин эдгэсэн юм шиг санагдаад л өмнө нь үзүүлж байсан эмнэлгүүддээ цагаа аваад л эхлэв. Харин ирээд 2-хон хонож байхдаа саяд нэг тохиолддог хавдрын өвчнийг нь туссан гэдгээ олж мэднэ хэмээн яахан мэдэх билээ. Грандмед эмнэлэгт очиж MRI зургаа бариад эмч дээрээ орж уулзаад өвчнийхөө оношыг 5 минутын дотор л мэдээд авлаа. Эмч миний MRI зургийг хараад л интернетээс хэд хэдэн зураг харьцуулж харснаа за миний дүү их хүнд асуудал байна даа гээд л тайлбарлаад эхлэв. Эхэндээ ёстой л нөгөө кинон дээр гардаг шиг л онош минь солигдчихов уу, эсвэл жаахан чадвар муу эмч жаахан худлаа үзчихэв үү, MRI шинжилгээний аппарат нь эвдэрсэн ч юм билүү гэх мэт олон төрлийн бодлууд өөрийн эрхгүй орж ирдэг юм байна. Гэхдээ яг ижилхэн “chondro sarcoma”өвчний зургийг интернетээс харуулж мөн “6.7x5.6x3.6cm зөв биш бүтэцтэй хавдрын шатлал тодорхойгүй яс руу нэвчсэн байж болохоор шингэний агууламж байна” гэсэн MRI дүгнэлт гарсан нь эргэлзэж тээнэгэлзэх хэрэг байхгүй болгосон юм.

10 сарын 16-н оройн 7цаг. Өвчний хариугаа сонссоноос хойш 2–3 цаг нэлээн итгэж өгөхгүй шоконд орох шахав. Хамгийн түрүүнд эмчлэх аргаа хайхаас илүү үхэхээсээ өмнө юу хийх ёстой билээ, юуг хийж амжуулж чадаагүй билээ гэж л бодогдов. Арай түрүүлээд алсыг харж чадсан уу, аргаа ядаад тэгэж бодсон уу бүү мэд. Уучлалт гуйх хүмүүсээс уучлалт гуйж, уулзах ёстой хүмүүстэйгээ ганц удаа ч гэсэн баяр хөөртэй нэг уулзъя л гэж бодогдов.

10 сарын 16 шөнийн 11 цаг. Шангриллагийн Sky lounge-д ганц нэг хатуу юм уусан шиг азгүйгээ гайхаад гутраад сууж байв. Дуудаж гунигаа хуваалцъя гэхээр яг энэ тэр гээд хүн орж ирсэнгүй. Дэмий л өрөвдүүлж, хайрлуулж байгаад салах юм шиг санагдаад. Цаг хэрээтэй зүйлсийн талаар бодож хатуу юм ганц балгаад гэнэт яагаад би бууж өгөх ёстой билээ гээд л тухайн өдрөө шөнө нь интернетээр бүх л төрлийн судалгааг хийж эхлэв. Шөнөжин судалсны үр дүнд саяд нэг тохиолддог ясны хавдраар өвчилсөн гэдгээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч дараагийн арга хэмжээгээ авах ухаантайгаа болов.

Хамгийн эхний харсан зүйл survival rate.

За тэгээд цаашаа өвчнөө нарийн судлавал явбал “chordoma” гэсэн бүр ховор төрлийн хавдар ч байж болзошгүй болов. Ийм төрлийн хавдраар өвчилсөн хүмүүст тусладаг “Chordoma foundation” байдаг гэдгийг мэдэж facebook-т энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн хувийн групп руу ч ороод амжив. Судласны эцэст Chordoma foundation-с зөвлөсөн UCSF, Stanford гэх мэт томоохон эмнэлгүүдийн докторууд руу direct мэйл бичиж, өөрийн онош бүх мэдээллээ чадахаараа тайлбарлаад бүх л мэйл хаягууд руу нь явууллаа. Тэгээд л ерөнхийдөө хариу хүлээх л үлдсэн бөгөөд монголд юу ч хийж чадахгүй гэдгийг мэдэж байсан учир цагаа дэмий үрэхгүйн тулд маргааш нь шууд л ээж рүүгээ нутаг руугаа яаран явав. Дашрамд тийм хэцүү байдалд байхад хамт байж, ажлаасаа чөлөө аван байж цаг гарган Улаанбаатраас Сайншанд руу машинаараа хүргэж өгсөн 2 найздаа маш их баярлалаа гэж хэлье.

Нутагтаа сэтгэл санаагаа засах аядаж, өөр зүйлд сатаарах гэж нэлээн үзэв. Төгсөх ангийн сурагч нартай мэргэжил сонголтын талаар яриа хийж, багш нар, найз нөхөдтэйгээ уулзаж, хүслийн уул хамрын хийдээр аялаж, ээж дээрээ хэд хоног амраад авав. Тухайн үед өвчтэй гэдгийг мэдсэн ойр дотны хүмүүс маань дахиад өөр эмчид үзүүлээч гэж байнга л хэлж сануулж байв. Хэдий адилхан хариу сонсоно гэдгээ мэдэж байсан ч яваад үзье гэж бодон Улаанбаатарт Хавдар судлал, 3-р эмнэлгээр дахиж 2 хоног явлаа. Танилгүй бол мань шиг хүн ойчирлоод 2 сар ч болж мэдэхээр байсныг нуух юун.

10 сарын 25-ны өглөө 7 цаг. Шөнө их орой унтсаныг хэлэх үү нойроо дийлэн ядан байж 7:30-д танилаараа дамжуулж 3-р эмнэлгийн мэс заслийн мэргэжлийн эмчтэй уулзав. MRI зургаа үзүүлж, ерөнхий хэдэн асуулт асуугаад л яриа эхлэв. Яг үнэндээ энэ өвчнийг эмчлэх тал дээр эмч нар нэг их зүйл хэлж чадахгүй л байлаа. Тухайн үед би ч сэтгэлээ бариад л ганцаараа байсныг хэлэх үү наанатай цаанатай бодож, хэдэн юм асуух гэж хичээв. “Монголд ер нь энэ өвчнөөр өвдсөн хүн байдаг уу?” гэхэд хоёр хүн байсан, гэхдээ хоёулаа өөд болсон доо гэж эмч маань хатуухан чиг хэнэггүйхэн хэлээд орхив. Хамгийн хатуу үгийг амьдралаас сонсож дуусдаггүй юм байна гэдгийг тэр үед ойлгосон юм даа. Тэр үгээр нь л бараг тэр үед үхчих шиг л болов. Аавыгаа тэнгэрт халисныг сонссоноос хойш нулимс дуслуулаагүй хүн чинь одоо барагтаа юманд нулимс гаргахгүй гэж бодож явтал иймэрхүү юман дээр барьц алдах л шахлаа. Гэхдээ эмч маань бас хэлсэн үгээ зөөлрүүлэх гэсэн үү гадаад явбал хамаагүй дээр үр дүн байна байхаа гээд үргэлжлүүлж хэлсэн санагдана. Би ч дахиж асуулт асуух ч хүсэл байхгүй болж за баярлалаа эмчээ гээд 3-р эмнэлгээс гараад явсан юмдаг. Ойр дотны хүмүүс рүүгээ яриад намайг үхнэ гэнээ гэж хэлэх нь ч хаашаа юм, тас нуух нь ч хаашаа юм. Цүүцүү Хамт байсан бол хэлэх гэж айхгүй ярих гэж ярвайхгүй арай сэтгэлд амар ч юм шиг. Ганцаараа эмнэлгээр өвчнөө сонсож явах ч хогийн мэдрэмж байна лээ шүү. ххэ. Гэхдээ яах вэ мэдэрч болох бүх зүйлсийг мэдэрч туршиж үзэх нь миний уриа юм даа.

Хар өглөөгүүр иймэрхүү хариу сонсчихоод хуучин ажилладаг байсан байгууллагадаа очиж удаан уулзаагүй хүмүүстэй уулзах гээд явж байдаг бас л хэнхэг дүнхүү нөхөр байгаа юм шүү би…

Заазаа Америк нисэх нислэгийн цаг минь болчихлоо. Ямартай ч бууж өгөөгүй шүү би☺️. Нэгэнт айдгаа авдрандаа хийсэн. Wish me luck!

Энэ бүх хугацаанд туслаж дэмжсэн найз нөхөд, ах эгч нар бүх хүмүүстээ баярлалаа. Хэзээ нэгэн цагт дахиад инээлдээд уулзах мөч байна гэдэгт итгэж байна.

Үргэлжлэл бий..

2019.11.03 15:55 Хятад, Бээжин

--

--