Үзэсгэлэнт лянхуа цэцэг яагаад шавар шалбааг дунд ургадаг юм бол?

Оршил, зүйрлэл, тусгал

Erdenesanj Nyamsuren
3 min readFeb 22, 2019

2009 он. ТВ5 телевизийн мэдээ:“Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ус зайлуулах сувагт лянхуа цэцэг дэлгэрчээ” гэх мэдээ чих соотойлгоно. Бурхан багш суудлаа засаж, төрийн сүлд морилдог бадам лянхуа цэцэг намаг балчиг, шавар хогноос өөр зүйлгүй бохир усны мандал дээр дэлбээлж байгааг ухаандаа төсөөлөх хэцүү.

001:

Хамгийн анх “лянхуа, шавар” гэдэг 2 үгийг бодсоны дараа Чадраабалын Лодойдамба гуайн зууны шилдэг роман, өнөө цагийн уран зохиолын үнэт бүтээл “Тунгалаг тамир” романы Сүрэнгийн дүр сэтгэлд үзэгдлээ. Уг зохиолд Сүрэнг «… сойчихсон согоо шиг бие бялдар царай зvс тэгшхэн амьтан болох нь дээ. Лянхуа цэцэг шавраас гардаг гэгчээр Ням, Хишигт хоёроос ийм эрдэм төрдөг байжээ» хэмээх бодролыг өгүүлсэн байдаг.

Харах нүдэнд эвтэй зөөлөн, хандах сэтгэлд ухаан саруул нэгэн учир ийн зүйрлэсэн байх. Угаас Сүрэн охины эцэг Ням болон ээж Хишиг нар хар бор амьдралд нухлуулж явсан ч сэтгэл зөөлөн, өр нимгэн, харагдах баялагт хуурталгүй, худалгүй үнэн, хуурмаггүй шударга хүмүүс юм. Эдээр баялаг, ноохой өнгөлөг байж үзээгүй ч сайн муугийн дэнсэн дээр зөв талд нь зогсон ухаалаг явсны үр биз ээ.

002:

Лянхуа нь замагтай булингартай ч тогтуун усанд хамгийн хурдан ургаж усны мандалд дэлбээлдэг цэцэг билээ. Буддын шашинд “Лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, үнэн бодит, гоо үзэсгэлэнтэйгээр оршиж байдгийн нэгэн илрэл мөнөөсөө мөн болой” хэмээж, хүмүүний ертөнцийн шавар шалбаагаас ангижирч гэгээрлийн мөрийг олохын тулд мянгантаа дахин төрөх тавиланг зүйрлэж билэгшээн бурхны сэнтий болгосон байдаг.

003:

Хятадын суут сэтгэгч Күнз буюу Кон Фу Зи “Булингартсан ус, шавар балчигт ургадаг ч ариун тансаг байдлаа хадгалсаар байдаг учраас, би лянхуа цэцгэнд дуртай” хэмээн *тэмдэглэн үлдээсэн байдаг.

Бас нэг талаас харвал лянхуа цэцэг нь орчлон ертөнцөд орших муу муухайгаас өөрийгөө хамгаалж, нөлөөнд авталгүй үлддэг оюун сэтгэлийн дархлааг төлөөлж буй мэт.

Quick fact: бохир орчин, шороо тоосноос өөрийгөө цэвэрлэх ургамлын биологийн механизмыг “лянхуан нөлөө” гэж нэрлэдэг байна.

004:

Домогт өгүүлснээр нэгэн тариачин эр Күнз-ээс “Үзэсгэлэнт лянхуа цэцэг яагаад шавар шалбааг дунд ургадаг юм бэ?” гэж асуусан гэдэг.

Күнз: Бидний амьдрах эх дэлхийд төгс бус зүйл гэж үгүй, хамгийн бохир булай газарт ч хамгийн ариун зүйл оршин байдаг. Энэ бол өөрийгөө төгс төгөлдөр байлгадаг байгалийн нэгэн зохилдлого, хүч чадал юм.

~ хэмээсэн гэдэг. Сайн болоод муу, буруу болоод зөв хосолдог нь хууль. Хүний ертөнцөд аливаа бүхэн тэнцвэртэй оршдог мэт. Хар-цагаан, гэрэл-сүүдэр, муу-сайн, зөв-буруу, зовлон-жаргал зэргэлдээ орших хөршүүд. Өдөр гэрэлтэж, шөнө сүүдэр ноёлдог бол өнөөдөр жаргаад маргааш зовохыг үгүйсгэх аргагүй.

“Яагаад би?” гэж бодох бүр ч хэрэггүй. Хүн бүр зовдог юм, жаргадаг юм. Ижил цагт, ижил шалтгаантай л биш болохоос…

005:

Хараад байхад амжилтанд хүрсэн хүн бүхэн асуудал бэрхшээл, хүн хэцүү үеийг даван туулсан байдаг бололтой. Гэвч тэр шавар шавхай шиг хүнд хэцүү үед нурж унасангүй, харанхуй сүүдрийн өчүүхэн бага хэсэг ч тэр хүнд тусаагүй, гэм нь халдаагүй. Хүнд хэцүү нөхцөлөөс өөрийнхөө хүчээр тийм нүд булаам, тэгж сайхан дэлбээлнэ гэдэг. Энэ ч бас яагаад шаварнаас ургаж байна вэ? гэсэн асуултанд онцлох биш ч таамаг болж багтана гэж бодож байна.

Out of the mud of your fears, struggles, pain and confusion; the lotus flower of your inner heart will spontaneously grow.

--

--