ШИНЭХЭН ОЮУТАН

2018 оны 08 сарын 27-ний өдөр. Бас нэгэн адал явдал гайхамшигаар дүүрэн 2019 он гарахад 123 өдөр үлдсэн байна. 2018 онд хийж дуусгаагүй ажлын жагсаалтаа харахад маш бага хугацаа үлдсэн мэт боловч сайн талаас нь харахад бүх зүйл одоо л эхэлж байна. Ялангуяа оюутан, сурагчдад.

Ерөнхий боловсролын сургуулийн 10 жил, их сургуулийн 4 жилийн хугацаанд 9-р сарын 1-ний өдрийг чин сэтгэлээсээ догдлон хүлээж хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай үлдээсэн хоёрхон жил байдаг. Нэг нь 2002.09.01-анх сургуульд орсон өдөр. Нөгөө нь 2012.09.01- их сургуулийн оюутан болсон анхны өдөр.

2002.09.01 Нэгдүгээр ангид орсон эхний өдөр багш маань ангийн үүдэнд бүх хүүхдүүдээ нэрээр нь дуудан бүртгэж байх үед миний нэрийг хэд хэдэн удаа дуудлаа. Дуудах бүрд нь байна л гээд байлаа. Сүүлдээ багш маань “Хөөе чи хаана байна аа?” гэж асуух үед л “Аан намайг харахгүй байгаа юм байна ш дээ” гэсэн бодол төрж урд зогссон нилээн өндөр хүүхдийн араас гарч багшийнхаа хажууд очиж билээ.

Яг энэ өдрөөс эхлээд л насаар бага биеэр жижиг ч 7, 8 настнуудтай уралдах амьдрал эхэлсэн. Гэхдээ нөгөө талаар “За би угаасаа жоохон юм чинь дээ” гэсэн бяцхан шалтгаанаар арван жилдээ энгийн л нэг АЛТАН ДУНДАЖ сурагч байсан. Алтан дундаж сурагч байхад давуу тал ч байхгүй, сул тал ч байхгүй. Гэхдээ маш их уйтгартай. Нэг л хэмнэлээр амьдардаг. Тийм болохоор энгийн л нэг амьдралаа өнгө будгаар чимэглэх хамгийн эхний, хамгийн том сонголтууд бол ЭЕШ, их сургуульд элсэж орох бүртгэл. Таван хичээлээр шалгалт өгөөрэй гэсэн мөнгөөр нь хими, биологи, математиk гэсэн гуравхан хичээлд бүртгүүлээд 3–4 сургуульд бүртгүүлээрэй гэхэд нь ганцхан МУИС-ийн Биологийн ангид бүртгүүлсэн. Мэдээж албан ёсоор оюутан болох хүртэл ганц нэг зэмлэлийн үг сонссон ч “Чиний л сонголт” гэж хүлээн зөвшөөрөөд өөрийнхөөрөө сонголт хийх боломж олгосон гэрийнхэндээ маш их баярладаг.

2012.09.01. Арван жилийн өмнөхөөс тэс өөр эхлэл.

2012.09.03-ний даваа гарагт МУИС-ийн 2-р байрны хаалгаар алхан орохдоо “Би хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Энэ сургуулийн нэг ч багш, нэг ч оюутан намайг танихгүй. Миний чаддаг болон чаддаггүй зүйлийг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор эхнээс нь төгсгөл хүртэл хамгийн сайнаараа хичээх ёстой” гэсэн маш хатуу амлалтыг өөртөө өгсөн.

Энэ өдрөөс эхлээд л ид шидийн амьдрал үргэлжилсэн. Олон хүний өмнө гарахдаа ичиж сандардаг байсан хүн анхны илтгэлээрээ л багшаасаа “Сайн байна” гэсэн урмын сонсохоос эхлээд 10 жил бие даалт өгч дүнгээ гаргуулдаг байсан Биеийн Тамирын хичээл дээрээ анх удаа өөрөө бүх шалгалтаа өгөн 100А үнэлгээ авч дунд нь Урлагийн Бага Наадамд бүжиглэж ч үзсэн.

Гэхдээ нөгөө л нэг хэнэггүй залхуу зангаасаа болоод яг төсөөлсөн шигээ сайн оюутан байгаагүй ч нойргүй хоносон өдрүүдийнхээ шагналд сургуулийнхаа хамгийн хатуу шалгууртай багш нарын өгч болох хамгийн өндөр оноог нь авч дээрээс нь нэмээд “За илүү сайн хичээгээрэй” гэсэн урмын үгс хязгааргүй мөрөөдөх мөрөөдлүүдийг минь хурцалсаар Биологич хэмээх мэргэжилтэн болсон юм.

Их сургуулиас бид юу сурах ёстой вэ?

энэ зураг минийх биш ч , google ахаас түр зээлсэн :)

Их сургуулийн 4 жил оюутнуудыг ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин болоход бэлтгэдэг ч бид өөрсдөө илүү их хичээж чадвал хувь хүний төлөвшилийн асар том хичээлд давхар суух боломжтой. Дээр хэлсэнчлэн миний өөрөө өөртөө өгсөн амлалт зүгээр нэг өндөр голчтой төгсөөд дажгүй ажилд орохын төлөө байгаагүй. Аз жаргал урам зориг бас зорилготойгоор илүү их инээж амьдрахыг хүссэн. Учир нь даруухан, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй энгийн л нэг охин гэж боддог хүрээлэлд хичнээн их хичээсэн ч миний өөрчлөлтийг анзаарах хүн нэг ч байгаагүй. Харин шинэ сургууль, шинэ орчин бол цоо шинэ боломжуудын асар том уул уурхай. Энэ их баялгийг хэрхэн олборлох нь биднээс 100% хамааралтай.

Оролдож үзээд алдах зүйл байхгүй учраас багахан хэмжээний өөрчлөлтүүдэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Би чадахгүй, би хийж үзээгүй гэхийн оронд “Оролдоод үзье”, “Би Чадна” гэж хэлээд хэлсэн үгэндээ заавал хүрдэг байх хэрэгтэй. Олон хүний өмнө гарахаасаа ичдэг байсан бол аль болох олон илтгэл тавих, дотогшоо бүрэг даруухан бол олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцон шинэ хүмүүстэй танилцах явцдаа нүүр хагарах зэргээр өөрийнхөө хийж чаддаггүй, хийж үзэхээс эмээдэг түүнээсээ болоод өөртөө итгэх итгэлгүй урам зориггүй болж гутардаг бүх сул талуудаа хамгийн сайн чаддаг давуу тал болгон хувиргах боломжтой.

Энэ зургийг ч мөн адил google ахаасаа зээлчихлээ ;)

Эцэст нь хэлэхэд их сургуулийн босгоор алхан орохдоо хатуу анхаарах хамгийн чухал зүйл бол “сонгосон сонголт, эзэмшиж буй мэргэжилдээ эзэн болох”. Зүгээр л сурах ёстой, ямар ч хамаагүй дипломтой болох ёстой гэсэн бодлоор оюутны амьдралаа эхлүүлэх гэж буй бол дахин нэг бодоод үзээрэй. Үнэхээр энэ мэргэжил надад тохирохгүй юу? Хэрвээ тийм бол би юу хиймээр байна вэ? Би юунд дуртай вэ? Ирээдүйн өөрийгөө ямар орчинд, ямар ажил хийж буйгаар төсөөлж байна вэ? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж үзээд үнэхээр танд тохирох сонголт биш гэж дүгнэвэл цаг алдалгүй ангиа эсвэл сургуулиа солих хэрэгтэй шүү. Их сургуулиа төгсчихөөд тэс өөр ажил хийх бол 6–10 орчим сая төгрөг төлөн байж 4 жилийн цаг хугацаагаа хий дэмий үрэх хэрэггүй шүү дээ. Харин нэгэнт ЧАДНА гэж хэлээд эхлүүлсэн бол заавал эцсийг нь хүртэл хамгийн сайнаараа хичээгээрэй.

Бид ганцхан л амьдарна. Тиймээс энэ амьдралаа өөртөө таалагдахаар, өдөр бүр амьдарч буйгаасаа урам зориг авахаар аз жаргалтай л амьдрах ёстой. Хэзээ нэгэн цагт харамсах зүйлгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө.