35 Followers
·
Follow

Меритокраси гэж юу вэ?

Бидний амьдарч байгаа ардчилсан нийгмийг тоглоомын талбар гэж үзвэл тоглоомын дүрэм нь “меритокраси” зарчим/тогтолцоо гэж хэлж болох юм. “Меритокраси” гэх ухагдахуун нь Монгол хэлнээ “мерит зарчим” гэж ашиглагдах нь элбэг. Харин уг ухагдахууныг академик талбарт, зарчим төдий бус илүү өргөнөөр “нийгэмд ноёрхож буй тогтолцоо” гэсэн утгаар авч үздэг. “Мерит” нь хувь хүний гаргасан “амжилт, үзүүлэлт”-ыг хэлдэг бол “краси” нь тухайн орон зайнд зонхилох тогтолцоог заана. Угтаа бол Аристокраси[1] буюу язгууртны ноёрхлын тогтолцоо гэдэг үгнээс санаа авсан зохиомол үг гэгддэг. Өөрөөр хэлбэл зөвхөн “тэгш боломж”, “эрх чөлөө” гэх мэтийн зарчим байгаад зогсохгүй “хувь хүний чадвар үзүүлэлт, хичээн зүтгэлийн үр дүнд нийгэмд эзлэх байр суурь нь тогтоогддог (нийгмийн баялаг хуваарилагддаг) тогтолцоо, систем”-ийг хэлдэг байна.

Меритокраси нь хамгийн анх Английн социологич Майкл Янг (Micheal Young)-ийн ”The rise of Meritocracy”(1958) хэмээх зөгнөлт бүтээлээс үүссэн ухагдахуун юм. Янгийн тодорхойлсоноор “мерит” нь зөвхөн мэдлэг, оюуны чадамж (inteligence) биш бөгөөд харин оюуны чадамж (inteligence) дээр хичээн зүтгэл (effort) нэмэгдэж байж мерит үүсэх буюу “I+E=M” (Inteligence+ Effort= Merit) хэмээн томъёологдоно (Young 1958). Өөрөөр хэлбэл, төрөл гарал угсаагаараа тогтоогддог байсан нийгмийн баялаг, байр суурийн хуваарилалт нь ядуу, баян, хэний хүүхэд гэдгээс үл хамааран гагцхүү зөвхөн “мерит”-ээр хуваарилагдана гэсэн үг юм.

Image for post
Image for post

Энэ бол “орчин үе” -ийн нийгэмд ойлгомжтой зарчим мөн учир тэр болгон нарийн авч үздэггүй тал бий. Гэвч энэ нь зарчим төдийгүй тогтолцоо нь өөрөө идеал утгаараа тогтсон улс буюу “хүн болгонд хичээн зүтгэл болоод чадварын хирээр боломж нь нээлттэй, эрх тэгш” нийгэм бараг байхгүй. Харин гарал үүсэл, эцэг эх, цусан холбоос юм уу хүйс жендер, арьс өнгө гээд өөрчлөх боломжгүй чанар, гарал үүслээр бус чадвар хичээн зүтгэлээр хүнийг үнэлдэг тогтолцоо бол хүнд “хичээвэл хаана ч хүрнэ” гэсэн хүсэл эрмэлзэлийг өгдөг. Иймээс одоохондоо хүн төрлөхтний хувьд хамгийн сонгодог зарчим, зорилго гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, “Меритокраси” нь иргэний төрт улс (nation state) болоод ардчиллын тогтолцооны хувьд гол багана зарчим, тогтолцоо мөн юм. Тиймээс энэ зарчмыг дээдэлдэг улс орнуудаас суралцах шаардлага өнөөдрийн ардчилсан Монгол улсад байна.

Нөгөөтэйгүүр “Меритокраси” нь Капитализм буюу зах зээлийн тогтолцоо, аж үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой ухагдахуун юм. Учир нь зах зээлийн тогтолцоонд хүмүүс салбар мэргэжлээр хуваагддаг, хоорондоо нягт уялддаг мэргэжлийн ур чадвар(professionality) хөгжиж чанарыг хамгийн дээдээр эрхэмлэдэг. Хир их мэргэжлийн нарийн ур чадвар, боловсролын зэрэг шаардлагатай мэргэжил байна тэр хэмжээгээрээ “мерит” өндөр хэмжээнд нөлөөлж, зохих байр сууриндаа хүрдэг тогтолцоог Меритокраси гэнэ. Жишээлбэл, эмч гэхэд шүдний, дотор эрхтний гээд нарийн салбарлах бөгөөд тус бүрд мэргэжлийн зэрэг, боловсрол бүхий “мерит” шаардлагатай байдаг. Эмчийн мэргэжлийг эзэмшихэд дор хаяж 10 жил гаруй сурч мэргэшдэг, нарийн ур чадвар шаарддаг мерит өндөр тул тэр хэмжээндээ, орлого, байр суурь нь нийгмэмдээ дээгүүрт байх. Харин цэвэрлэгч гэх мэт мерит багатай, өөрөөр хэлбэл нарийн чадвар эзэмшилгүйгээр хэн ч хийж чаддаг ажил тул цалин багатай байна. Мэдээж цэвэрлэгч болох гэж олон жил мэргэжлийн боловсролд суралцаж хичээн зүтгэл гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, хувь хүн тухайн мэргэжлийг эзэмшихэд хэрэгтэй хугацааны боловсролд хөрөнгө оруулалт хийсэн бол түүнийхээ хэмжээнд дүйцэх “мерит”-тэй болж цаашид түүнийхээ хариуд нийгмийн баялаг[2], өөрөөр хэлбэл байр суурь зэргийг зохих хэмжээнд хүртэх боломжтой болно. Тоглоомын дүрэм нь ойлгомжтой нийгэм байна гэсэн үг. Тиймээс тариачны хүүхэд ч бай, малчны хүүхэд ч бай, хичээн зүтгэл гаргаж чадвараа эзэмшиж чадвал эмч хуульч багш, компаний захирал гэх мэт өндөр зэргийн байр сууринд очих боломжтой гэдэг утгаараа хүн болгонд боломж нээлттэй, тоглоомын дүрэм тодорхой бөгөөд ойлгомжтой.

・“Амьд организм” бүхий хоорондоо нягт хамааралтай нийгэм (organic solidarity) ба тус тусдаа дангаараа амьжиргаагаа хангадаг нийгэм (mechanical solidarity)

Харин зах зээлийн зарчимтай аж үйлдвэрлэлийн нийгэмд салбар тус бүр нэг нэгнээсээ нягт хамааралтай байх бөгөөд дангаараа оршин тогтнох боломжгүй “амьд организм”/organic solidarity/ бүхий нийгэм бий болсон байдаг. Орчин үеийн аж үйлдвэржсэн хөгжингүй орнууд бол түүний жишээ юм. Энэ талаасаа ийм нийгэмд салбар болгон мэргэжлийн чадвар, этикийг олон жил бий болгож ирсэн байдаг ба мэргэжлийн ур чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Мэргэжлийн хүний өөдөөс үг хэлэх эрхгүй гэсэн алтан зарчим үйлчлэх учиртай. Жишээлбэл, таны шүд өвдөөд шүдний эмчид очих үед та эмчид итгээд амаа нээгээд эмчлүүлж чадаж байгаа нь тэр хүний мэргэжлийн ур чадвар, боловсролын зэрэгт итгэж байгаагийн хэлбэр. Дурын нэг хүнээр шүдээ эмчлүүлж чадахгүй. Үүнтэй адилхан хуульч, улс төрч, эдийн засагч гээд бүхий л мэргэжил салбарт тухайн салбарын эксперт байдаг. Мэргэжлийн ур чадвар ялгаа нь шууд гаднаасаа харагдахгүй салбар ч бий. Тэдгээр салбарт мэргэжлийн мэдлэгээр зогсохгүй этик, тухайн салбарынхны юманд хандах хандлага, түүнд хүрэх хичээн зүтгэлийн ард гарснаар тухайн байр сууринд хүрнэ гээд салбар болгоны онцлог бий. Ийм мэргэшлээр нарийн хуваагдсан “амьд организм”/organic solidarity/ бүхий аж үйлдвэрлэлийн нийгмийг, хүний бие эрхтнээр дүрслэхэд элэг, бөөр, зүрх гээд өөрийн өөрийн ондоо функцийг гүйцэтгэснээр нэг системийг бүрдүүлж байдаг. Ийм тогтолцоонд нэг нь нэгнийхээ талбарт тоглолт хийхгүй байж, хөл дээр нь гишгэхгүй байх гэсэн дүрэм үйлчлэнэ. Харин үүний эсрэг туйл нь дангаараа хүн болгон өөрийн амьжиргааг хангадаг нийгэм /mechanical solidarity/ гэж хэлж болно. Тэр утгаараа бол цэвэр нүүдлийн аж ахуй бол “mechanical solidarity” гэж хэлж болно. Нүүдэлчдийн хувьд олон салбарыг ганцаараа гүйцэтгэдэг “супер” хүмүүс байдаг ч нэг салбарт нарийсч мэргэших нь ховор. Тиймээс ч энийг ч тэрийг ч “хийвэл хийчихнэ дээ” гэсэн бодол тодорхой хэмжээнд зонхилох тал бий. Нийгмийн хөгжлийн хувьд, аж үйлдвэржиж хөгжих тусмаа дан дангаараа өөрийн амьжиргааг хангадаг нийгэм /mechanical solidarity/-ээс нарийн салбар хөгжиж хоорондоо нягт хамааралтай “амьд организм” /organic solidarity/ бүхий нийгэм рүү шилждэг гэдэг Функционалист онолыг социологийн эцэг хэмээгддэг Эмил Дюркэйм (Emile Durkheim) 20 дугаар зууны эхэнд гаргаж ирсэн байдаг.

Харин нэгэнт суурин хот нийгэмд “амьд организм”(organic solidarity) зарчмаар аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж яваа өнөөгийн Монгол улс тэр тусмаа нийслэл Улаанбаатарын хувьд энэхүү ойлголтыг шинэчлэн, олон жил нарийн мэргэжил эзэмших гэж амьдралын үнэтэй цаг хугацаа, боловсролдоо хөрөнгө оруулаад буй олон залуусыг тэгш үнэлж, нийгмийн байр суурь (баялгийг) тэгш хуваарилах арга хэмжээг авах, шударга тоглоомын дүрмийг тогтоох цаг болсон. Жишээлбэл, та 25 настай нарийн мэргэжил эзэмшсэн залуу хүн байлаа гэж бодъё. Та Улаанбаатар хотод ажилд орох гэж байлаа гэхэд, тэр мэргэжлийн ур чадварыг эзэмшихэд зарцуулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг авч чадах эсэх нь тодорхой биш, тоглоомын дүрэм зөв ажиллахгүй байвал тэнд амьдрах хүсэл эрмэлзэл төрөх нь юу бол? Ирээдүй бүрхэг харагдахад, та дүрэм нь тодорхой, хэмжээндээ таарсан үр шимийг хүртдэг өөр нийгмийг гадагшаа хайж ч магад.

[1] Aristocracy: Нийгмийн язгууртан давхаргын хүмүүсээр удирдуулдаг эсвэл тэдгээр хүмүүсээр бүрдсэн засаглал (Кембрижийн толь бичгээс)

[2] Социологийн хувьд “нийгмийн баялаг” нь илүү өргөн утгаараа нийгмийн эрх мэдэл, байр суурь, нетворк зэргийг хамруулсан ойлголт юм.

Written by

PhD student @Nagoya University / Educational sociology & curriculum

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store