Мэргэжлийн хүний орон зай

Энэ бичвэрээрээ би гурван жишээгээр мэргэжлийн хүмүүсийн орон зай байхгүй үед ямар үр дагаврууд гарч болох, тэд гарч ирсэнээр ямар эерэг зүйлийг бидэнд өгч чадахыг ойлгуулахыг хүслээ. Мэддэггүй зүйлсээрээ тайлбарлахыг хүссэнгүй. Өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, өөрийнхөө орчинд болж буй үйл явдлаар төлөөлүүлэн жишээ авч тайлбарлахыг хүслээ. Мөн аливаа зүйлийг өнгөцхөн ойлгоод дүгнэлт хийх нь буруу бөгөөд заавал бүтэн системээр нь харж байж түүний талаар үнэн зөв ойлголт авна гэдгийг илэрхийлэх гэж оролдлоо

ӨНГӨЦХӨН ХАРЖ ДҮГНЭСЭН НЬ

Би багаасаа л шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлүүдийг л үнэн гэж итгэдэг хүүхэд байлаа. Хаа нэг газар хүмүүс онол, үзэл баримтлалын тухай маргавал “ Шинжлэх ухаанаар батлагдсан юм уу?” гэчих гээд байдаг талтай байсан юм. Тэр ч утгаараа бурхны шашинд огт итгэл үнэмшилгүй, хий хоосон зүйл гэж бат итгэдэг байв. Хэн ч үүнийг баталж чадахгүй, тийм зүйл байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй учраас худал зүйл гэж боддог байсан юм. Дээрээс нь бүгд л засал ном хийлгэж, лам дээр очиж заяа төөргөө асууж аргалуулдаг нь үүний эсрэг үзэлтэй болоход нөлөөлсөн. Нэг ёсондоо бурхны шашин, буддизм зэргийг зөвхөн ид шид, аврагч ном гэдэгт бат итгэчихсэн байсан юм. Ер нь одоо ч буддизмын талаарх нийтийн ойлголт ийм түвшинд л байгаа.

Гэтэл энэ үзэл маань Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу гуайг мэддэг болсон цагаас хойш тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Анх миний унших дуртай Unread-ын “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд оролцсон байхыг нь хараад их сонин санагдаж билээ. Харин уншихад миний төсөөлж байснаас илт өөр хүн байлаа. Ярьсан зүйлийн агуулга, харж буй өнцөг, боловсрол мэдлэг гээд бүх талаараа л мэргэжлийн хүн болох нь илт анзаарагдсан юм. Ингээд буддизмын талаар судлах сонирхол төрж чухам яг юуг буддизм гэдэг, гол санаа, зорилго, учир шалтгаан нь юу вэ зэргийг мэдэхээр эргэлт буцалтгүй шийдэв. Интэрнэтээр буддизмын талаар судалж байхдаа миний хамгийн их хүндэлдэг уран бүтээлчид, алдартнууд ихэнх нь буддист хүмүүс байсныг хараад бүр их сонирхолж төрж билээ. Улмаар Нямсамбуу гуайн буддизмын сургалтуудад сууж цаад философийг нь ойлгохоор суралцах болов. Энэ бүх хайгуулын дараачаар буддизмын дөнгөж наадхан хэсгийг нь ойлгож эхэлж байгаа боловч ямартай ч миний өмнө бодож байсан зүйл дэндүү өнгөцхөн, дэндүү ахархан, дэндүү эсрэгээрээ байсныг олж мэдсэн юм.

ЗУРГИЙН ЭХ СУРВАЛЖ: UNREAD.TODAY
“Шашин гэдэг нь зүгээр л ид шид, аврагч юм гэдэг ойлголт амь бөхтэй оршсоор л байна. Энэ ойлголтын эсрэг бид зүтгээд зүтгээд барахгүй л байна. Дурын “ид шидтэн” дээр очоод намайг засаж, амьдралыг минь сайхан болгооч хэмээн юуг ч хайрлалгүй цацдаг хэрнээ хүмүүст хандсан ийм зүйл, ийм ач холбогдолтой юм хийх гээд байна, дэмжээч гэж хандахад наашаа гэх нь их л ховор байдаг нь эмзэглүүштэй.”
UNREAD.TODAY сайтын “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын хэсгээс

Буддизмын гол сургаалийг өмнө нь бурханд итгэ, бүхнийг түүнд датга, итгэл үнэмшилээ өгвөл сайхан амьдарна гэж боддог байсан маань худлаа байлаа. Буддизмд ёс суртахууны тухай, төвлөрлийн тухай, хорвоо ертөнцийн талаарх хамгийн логик зөрчилгүй үзэл баримтлалууд агуулагдаж байдаг гэдэгт итгэж эхэлсэн.Буддизмын гол сургаалийг өмнө нь бурханд итгэ, бүхнийг түүнд датга, итгэл үнэмшилээ өгвөл сайхан амьдарна гэж боддог байсан маань худлаа байлаа. Өнгөцхан ойлгосноо үнэн гэж итгэсэн нь алдаа байв. Гэхдээ үүгээрээ би ямар нэг байдлаар буддизмыг сурталчилаад үүнд итгэл үнэмшилээ өгөх ёстой гэсэн утгыг илэрхийлэх гэсэнгүй. Зөвхөн бидний ойлголт л асар зөрүүтэй байсан гэдгийг л сануулах гэсэн юм. Одоо бага багаар хүмүүсийн дунд буддизмын талаарх үнэн ойлголтууд дэлгэрч байна. Үүний цаад шалтгаан нь мэргэжлийн хүн гарч ирсэнд л байгаа юм. Хэрвээ Нямсамбуу гуай шиг шашны чиглэлийн мэргэжлийн, өндөр боловсролтой хүн гарч ирээгүй бол одоо болтол би буруу ойлголт тээсээр байх байсан биз. Нямсамбуу багш өөрөө Монголд 4 жил, Энэтхэгт 10 жил ном үзээд өөрөө бие даан хэл сураад Англид Сандерландын их сургуульд шашин судлалаар суралцаад ирсэн хүн. Энэ их хугацааны судалгаа, эрэл хайгуул, хичээн зүтгэл түүнд мэргэжлийн байх чадварыг суулгаж өгсөн байх. Тэр ч утгаараа монголын шашин дахь хамгийн үнэн бодьтой, утга учиртай мэдээллийг түгээж байна. Зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бусад лам нар, шашныханд зөв мессэж зөв үлгэр дууриаллыг үзүүлж буй. Би буддизмыг бусад шашнаас илүү, та нар шүтэх ёстой гэх гэсэнгүй. Зөвхөн мэргэжлийн хүн гарч ирсэнээр нийтлэг буруу ойлголтыг хэрхэн засч залруулж байгааг л ойлгуулах гэв.

ЗУРГИЙН ЭХ СУРВАЛЖ: UNREAD.TODAY
Миний хийх гэж хичээж буй зүйл бол олон нийтэд бурханы шашин гэдэг бол тусдаа ёс суртахуун юм, бурханы шашинтан мөн бол ёс суртахуунаа хичээх хэрэгтэй гэдгийг л түгээх, ойлгуулах явдал юм.
UNREAD.TODAY сайтын “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын хэсгээс

СПОРТЫН ТУХАЙД:

Монголын спортын тухайд ч дээрхтэй ижил зураглал харагдана. Аль ч спортод мэдлэг, мэдээлэл гэдэг маш чухал. Хичнээн өндөр ур чадвартай байгаад спортын талаарх нарийн мэдлэггүй бол амжилт үзүүлнэ гэдэг бараг боломжгүй. Багийн спортод мэдлэг мэдээлэлгүйгээр “амьд” гарах боломж бол огт байхгүй. Ганцаарчилсан спортод чадвараараа цойлоод гараад ирэх тохиолдлууд байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам улам л хэцүү болж ирж байна. Ер нь бол ганцаарчилсан спортод ч тэр өрсөлдөгчөө судлах, өндөр зэрэглэлийн тамирчдын арга барилыг өөр дээрээ турших гэх мэт мэдээлэл дээр суурилсан олон шаардлагууд үүсдэг. Тэр ч утгаараа спортыг хөгжүүлэхийн тулд тухайн улсын спортын боловсрол, мэдлэг мэдээлэл сайн байх шаардлагатай. Нийтийн ойлголт зөвхөн хичээгээд болчихно, өдөр шөнөгүй нүдээд байх хэрэгтэй, хатуу гараар үзэж хатуужил суулгах ёстой гэдэг дээр эргэлдэж байвал тэр дундаас яг л тийм ойлголттой тамирчид төрж гарна. Гэтэл олон нийт өөрөө дэлхийн спортын чиг хандлагыг сайн мэддэг, тухайн сонирхогчид нь тэр спортынхоо арга барил, амжилтын цаад шалтгааныг мэддэг бол тэр дундаас мөн л тийм ойлголттой тамирчид төрөн гарах магадлалтай.

Нийтийн ойлголт зөвхөн хичээгээд болчихно, өдөр шөнөгүй нүдээд байх хэрэгтэй, хатуу гараар үзэж хатуужил суулгах ёстой гэдэг дээр эргэлдэж байвал тэр дундаас яг л тийм ойлголттой тамирчид төрж гарна.

Улс төр дээр хүртэл бид шууд өндөр ёс суртахуунтай, шударга, боловсролтой улс төрч гарахыг шууд хүлээгээд байдаг. Гэтэл бид өөрсдөө дээрх шалгуурууд дээр нийтээрээ яагаад тэнцэхгүй нөхцөл байдалд байгаа. 10 ёс суртахуунгүй хүн, 1 ёс суртахуунтай хүн нэг өрөөнд цуглаад 5 хүнийг өөр өрөөнд байгаа хүмүүстэй өрсөлдүүлэхээр санал хураалт явуулж байна гэж бодоё. Энэ дундаас хамгийн сайн 5-ийг нь сонгосон ч ёс суртахуунгүй 4 хүн заавал ноогдоно. Тэгэхээр 11 хүний ядаж тал нь ёс суртахуунтай болж байж ёс суртахуунтай хүн сонгогдох магадлал ихэсч эхэлнэ. Үүнтэй адил спортод ч тэр нийтийн боловсрол, мэдлэг нөгөө талаасаа илүү жин дарж байж сайн тамирчид гарах, сайн тогтолцоо, сайн багууд үүсэх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр бидэнд спортын үнэн зөв мэдлэг, мэдээлэл үнэ цэнтэй хэрэгтэй зөвлөмжүүд асар их хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

Спортын тайлбарлалт, сэтгүүл зүй үүнд чухал нөлөөтэй. Манай улсын тухайд спортын боловсролыг түгээх хамгийн боломжит арга нь спортын шууд дамжуулалтын үеэрх тайлбарлалт байв. Мэргэжлийн спортууд дундаас хөлбөмбөгийн спортын тайлбарлалтан дээр болж байсан хоёр талын арга зам яг таарсан жишээ болно. Хөлбөмбөгийн үнэ цэнтэй мэдээлэл, цаад учир шалтгааны талаарх хамгийн дорвитой ярьж, бичиж эхэлсэн хүн бол хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа байсан юм. Харин нөгөө талаас үзэгчдийн хувьд хамгийн хөгжөөнтэй, удайхааргүй(массын хувьд) тайлбарлалтыг Балжинням гуай хүргэж байлаа. Балжаа ахын тайлбарлалтууд ихэвчлэн түүх хууч яриа, этгээд хэллэгүүд, тамирчдын хувийн амьдрал, сонин хачин зэрэг дээр тулгуурладаг. Тиймээс үзэгчдийн ихэнх нь ийм мэдээлэл өгч байгаа талд нь илүү талтай байсан.

Гэвч цаг хугацааны явцад бид аль нь бидэнд үнэ цэнтэй байсныг мэднэ. Спортын боловсрол талаасаа, олон нийтийн мэргэжлийн спортын талаарх ойлголт тал дээр аль нь илүү хувь нэмэр оруулсныг спорт сонирхогчид илүү сайн мэдэх байх. Балжаа ахын тайлбарлалтууд тухайн яг цаг мөчдөө бидэнд үнэ цэнтэй ч юм шиг, их сонирхолтой байдаг байсан боловч урт хугацаанд тэр нь бидэнд юуг ч өгөөгүй, юуг ч үлдээгээгүй. Харин нөгөө талаас илүү судалгаан дээр тулгуурласан, ажиглалтан дээр суурилсан яриа, бичвэрүүд бидэнд хөлбөмбөгийн тухай болон мэргэжлийн спортын тухай бидний өмнө хэзээ ч анзаарч байгаагүй зүйлсийг мэдүүлсэн. Эргээд харахад үлдэх зүйл ихтэй байсан юм уу даа.

Тэгэхээр спортын талбар дээр ч гэсэн мэргэжлийн хүний мэдлэг, чадвар ямар их хэрэгтэйг дээрх жишээнээс харж болно. Зарим нь спорт үзэх бол зугаа цэнгэл, алжаал тайлах зориулалттай учраас уйдаахгүй байхад хангалттай гэж үздэг. Тиймээс элдэв тактикийн талаарх яриа, анализ, цаад учир шалтгааны талаар яриад хэрэггүй гэж үздэг.

Гэвч спортын сэтгүүл зүй, тайлбарлалт гэдэг бидний хувьд нийтийн спортын мэдлэг, мэдээлэл ойлголтыг сайжруулах цорын ганц хэрэгсэл, “зэвсэг” хэвээр байна. “Зэвсгээ” зөв, үр ашигтай ашиглая л даа.

Энэ жишээн дээр хувь хүмүүс рүү нь довтлох гэсэнгүй. Балжинням, Батзаяа гэдэг талаас нь биш цаад агуулга, хэлбэрийг нь харвал зохилтой.

БАС НЭГ ЖИШЭЭ

Өөрт тохиолдож буй, тулгарч буй нэг үйл явдал дээр тайлбарлах гээд оролдоё. Миний бие элэктрон спортыг судлаад 3 жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Энэ хугацаанд тухайн спортын талаар идэвхтэй судалж, өдөр шөнөгүй тоглолтуудыг нь үзэж ажиглаж нэг мэдэхэд дөнгөж хөгжиж буй энэ спортын талаарх нилээд хэмжээний мэдлэгтэй болжээ. Энэ спорт бол та бүхний мэдэхээр PC тоглоом билээ. Анх ч миний ойлголт PC тоглоом хэмжээхэнд байлаа. Анх сонирхохдоо ч зугаа цэнгэл талаас нь л сонирхож байсан. Нийтийн ойлголт ч одоог болтол зугаа цэнгэл, цаг нөгцөөсөн зүйл, эрүүл мэндэд тусгүй, хүүхдийн хөгжлийн эсрэг гэсэн хэвээр байгаа. Мэдээж манайд яг спорт чиглэлээрээ сайн хөгжиж дэлгэрээгүй байгаа учраас ихэнх хувь нь зугаа цэнгэл маягаар сонирхож буй. Тэр ч утгаараа спорт биш талаар нь ашиглаж буй хүмүүсийн хувьд сөрөг үр дагаврууд ч дагалдаж байгаа.

THE INTERNATIONAL -2016 DOTA-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
DOTA2 төрлийн дэлхийн аварга энэ жил 21 сая долларын шагналын сантайгаар зохион байгуулагдлаа. Энэ нь Tennis-ний ATP-гийн шагналын санг дариу 3 нугалсантай тэнцэх мөнгөн дүн юм.

Гэхдээ түүн дунд үүнийг цэвэр спорт талаас нь хардаг залуус ч олон байгааг дурьдах нь зүйн хэрэг юм. Бид яг л бусад спорт сонирхогчидтой адил мэргэжлийн тоглолтуудыг хүлээж, үзэж, тамирчдыг нь шүтэж, тоглолтынх нь талаар ярилцаж, тактик хувилбар, учир шалтгааныг нь олох гэж эрмэлздэг.

Тэгтэл энэ бол зөвхөн ПС тоглоом, зугаа цэнгэл гэсэн ойлголт нийтийн дунд баттай оршсоор л байна. Яг л анхны жишээн дээр дурьдсан шиг нэг жижиг талыг нь өнгөц хараад тухайн зүйлийг тэр чигт нь тийм юм байна гэж ойлгохтой агаар нэг байгаа юм.

Тэгвэл энэ ойлголтыг засахад залруулахад, мөн энэхүү спортыг хөгжихөд саад болж буй хүчин зүйлүүд буюу зөвхөн пс тоглоом талаас нь ашиглах, зугаа цэнгэл байдлаар л харах зэргийг өөрчлөх боломж нь мөн л мэдээллийн хэрэгсэл байгаа юм. Хоёр дахь жишээний адилаар спортын тоглолтууд буюу олны анхаарлыг татах зүйл болж л байгаа учраас түүний тайлбарлалтаар сонирхогчдынх нь мэдлэгийн түвшин, ойлголтын түвшин, харах өнцөгийг нь өөрчлөл боломжтой. Бусдаар бид ПС тоглогч хүн болгонтой уулзаад үүнийг спорт талаас нь хар гэвэл хэзээ ч ойлгохгүй. Сургалт, уулзалт зохион байгуулаад ч оролцох хүн ховор. Тэгвэл бидний хамгийн боломжит арга зам бол үзэх дуртай зүйлээр нь дамжуулах явдал л юм. Үүнд бас л мэргэжлийн хүний орон зай зайлшгүй хэрэг болно.

League of legends-ын 2015 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг давтагдаагүй тоогоор үзсэн хүний тоо 2016 оны NBA FINAL-ын 7 дахь тоглолтын үзэгчдийн тооноос илүү байлаа. NBA FINAL GAME7-г 31 сая хүн үзсэн бол League of legends-ийн финалыг 36 сая хүн үзсэн билээ.

Элэктрон спортод бид DOTA2, CS:GO, League of legends, Overwatch мэтийн тоглоомуудыг багтааж буй. Дээрх төрлүүд бүгд л анхандаа нэг нэгнийхээ ялах тэмцэл төдий байсан бол цаг хугацааг элээх тусам спортын төрлүүдийн адил улам нарийн болж, ур чадвар гэхээсээ илүү зохион байгуулалт, тактик, мэдээлэл зэргийг шаардаж байна.

Та бүхний хамгийн сайн мэдэх Counter Strike дээр жишээ авъя. Таны сайн мэдэх гэгдэж буй энэхүү тоглоомын талаар та тийм ч ихийг мэдэхгүй байж магадгүй юм. Тухайн байршилд 5vs5 тоглож буй залуус өөрийн хэрэгслүүдээ ашиглаж нөгөө талаа бүрэн устгах ёстой. Гэвч спортын талаас харвал илүү нарийн шаардлагууд гарч ирнэ. Тухайн тоглож байгаа байрлалаасаа хамаараад өөрийн хэрэгслүүд болох утаа, цайруулагч, гал зэргээ хаана шидэхэв? Тэнд шидсэнээрээ хэдэн сэкундын зөрүү гаргахав? Тэр зөрүүн дээр нөгөө талд байрлаж буй тоглогч ямар гүйлт хийж хаагуур дайралт хийхэв? 2v4 үлдсэн тохиолдолд хийх гүйлтүүд, дайралтын стратегиуд гээд төсөөлснөөс хэд дахин их зүйлийг тоглогчид бэлдэх шаардлага үүсдэг. Тэгтэл Counter Strike өөрөө зохион байгуулалтын хувьд хамгийн энгийн, тактик ажиллагаа багатай нь. Тэгтэл LoL, DOTA2 мэтийн тоглоомууд асар том газарт маш олон зүйлтэ харьцаж байгаа тул маш нарийн тактикийг урьдаас бэлдэх, өрсөлдөгчөө судлах, цагийн хуваарьлалт гаргах, асар өндөр ойлголцол шаарддаг.

Энэхүү талбар дээр нийтлэлийн 2-р жишээн дээр дурьдсантай тун төстэй зураглал харагдаж буй. Илүү сайн спортыг цогцлооё гэвэл мэдлэг, мэдээлэл маш чухал. Тиймээс хоёр дахь жишээний арга зам, мэргэжлийн хүний шаардлага бас л үүсч байна гэсэн үг.

ДҮГНЭЭД ХЭЛЭХЭД:

Та бодоод үз дээ мэргэжлийн гэдэг статустай хүмүүс шашинаас эхлээд спорт хүртэл, спорт дундаа их спортын хаан спортоос эхлээд бидний PC гэж нэрлээд буруу гэдэг зүйл хүртэл хэрэг болж байна. Орчин үед бид аль ч салбарт хөгжихийг, дэлхийтэй хөл нийлүүлж алхахыг хүсвэл мэргэжлийн хүмүүс бидэнд зайлшгүй хэрэг болно. Мэргэжлийн бус хүмүүс бидэнд магадгүй тур зуурын кайф, баяр цэнгэлийг өгч чадах ч сүүлд нь бидэнд хадгалаад үлдэх зүйлийг өгч чаддаггүй. Цаашлаад дундаж хүмүүс, мэргэжлийн бус хүмүүс тухайн салбарын мэдээллийн урсгалын гол хүн нь болсоноороо асар их муу дагаврыг авчирдаг. Ер нь аливаа салбарыг хөгжүүлэе гэж бодож байгаа бол мэргэжлийн хүмүүст боломж олгох, тэднийг дэмжих, олж илрүүлэх шаардлагатай. Жирийн үзэгч, сонсогч, уншигч бидний зүгээс хийж чадах хамгийн том хувь нэмэр бол тэднийг дэмжих билээ. Бид өмнөх туршлагатайгаа адилаар мэргэжлийн бус хүмүүсийг л дэмжээд байх юм бол мэргэжлийн хүмүүст орон зай үгүй болно. Бидэнд ийм чанар асар их дутагдаж буй. Өдөр дутамдаа бид мэргэжлийн бус байдлыг өөгшүүлж, мэргэжлийн бүхнийг хойш тавьж байгаа нь одоогийн бүх салбарын хоцрогдолд нөлөөлсөн болов уу.

Чадвартай хүнийг үнэлэх биш настай хүн, гэр бүл нь асуудалтай байгаа юм яахав яахав, нөгөөтөхөө бодвол хамтач нийтэч залуу байгаа юм, үүний төлөө насаараа зүтгэсэн юм, залуу хүн байна дараа боломж олдоно, өчнөөн удаа хоёрдугаарт байлаа энэ удаад боломж олгоё хөөрхий дөө гэх мэт үгсийг бид өдөр дутамдаа сонсож байна. Эдгээр үгс сайхан сэтгэлийн илэрхийлэл юм шиг мөртлөө цаанаа мэргэжлийн бүхнийг үгүйсгэж байдаг, хөгжил болгоныг хойш нь татаж байдаг муу үр дагавартай билээ.

Мөн миний хувьд мэргэжлийн гэхээр заавал тухайн чиглэлээр дээд сургууль төгссөн, цол хэргэмтэй хүмүүс гэж ойлгодоггүй. Тэр чиглэлдээ сэтгэл зүрхээ зориулсан, удаан хугацааг судалгаанд зарцуулсан, түүнд амьдралынхаа цаг завыг бүрэн зарцуулдаг, өндөр ёс суртахуунтай, тухайн чиглэлээ нэвт мэддэг ойлгодог хүмүүсийг мэргэжлийн гэж тодотгох дуртай. Тийм хүмүүс л тухайн чиглэлээ удирдах, залах, хөгжүүлэх чадалтай гэж итгэдэг.

Энэ бичвэрээрээ би гурван жишээгээр мэргэжлийн хүмүүсийн орон зай байхгүй үед ямар үр дагаврууд гарч болох, тэд гарч ирсэнээр ямар эерэг зүйлийг бидэнд өгч чадахыг ойлгуулахыг хүслээ. Мэддэггүй зүйлсээрээ тайлбарлахыг хүссэнгүй. Өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, өөрийнхөө орчинд болж буй үйл явдлаар төлөөлүүлэн жишээ авч тайлбарлахыг хүслээ.

Like what you read? Give Ganbaa Erdene a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.