“Жек Магийн бүтээсэн Алибаба”

Жек Магийн бүтээсэн Алибаба”-г хэдэн өдөр ажил, хичээлийн заваар харсаар уншиж дуусгаад байна. Нэгэнт уншсан номныхоо тэмдэглэлийг хийхээр өөртөө амласны хувьд эхний уншилтаар санаанд тод үлдэж хоцорсон гол утгыг буулгаюу гэж бодлоо. Жек Магийн амжилтанд хүрсэн хамгийн гол шинж чанарууд нь дараах хэд юм байна.

Нэг: Хичээнгүйлэн суралцах

Тэрээр англи хэл сурах бүхий л боломжийг ашиглаж байж. Үүр цайхаас өмнө босч, дугуйгаар 40 минут орчим явсаар зочид буудалд байрлах жуулчидтай уулзан ярилцдаг байжээ. Өглөө бүр 5 цагт зочид буудлын урд суугаад англи хэл дээр эх уншиж, Европ, Америкаас ирсэн олон жуулчинд 9 жилийн турш үнэгүй хөтөч хийсэн байна. Тэр олон жуулчдын дундаас Австралиас ирсэн гэр бүлтэй дотно танилцаж, улмаар Австралид зочлох урилга хүлээн авч явж байжээ. Түүнчлэн англи хэлний дүрмийн талаар огт мэдлэггүй байсан тэрбээр Австрали руу захиа бичиж, Австрали найз нь түүнийх нь алдааг засаад буцаан илгээдэг байсан байна. Эндээс түүний гадаад хэл сурах гэж хичээсэн асар их эрмэлзэл, хүчин чармайлтыг харж болно. Тэрээр англи хэлийг ийнхүү сайн сурсаныхаа ачаар өдгөөгийн өндөрлөгт хүрэх сууриа бэлдсэн ажээ.

Хоёр: Онцлогийг мэдрэх

Жек Магийн Хятад дахь интернет бизнес амжилтанд хүрсэн гол шалтгааны нэг бол яах аргагүй Хятадад төрсөн, Хятадад өссөн, Хятадад сурсан, Хятадад ажиллаж байсан, товчхондоо бол Хятад хүний шинж чанар, онцлогийг мэддэг байсанд оршиж буй юм. Yahoo, eBay зэрэг тухайн цаг үедээ дэлхийн интернет бизнест гигант байсан барууны компаниуд Хятадад амжилттай ажиллаж чадаагүйн гол шалтгаан нь үндэстний онцлогийг чухалчилж үзээгүйд буй аж. Хятадууд яг л хар зах шиг түм түжигнэж, бум бужигнасан олон цонх, олон бараа, сурталчилгааг сонирхдогт тэрээр сайтынхаа дизайнаа нийцүүлсэн. Мөн гуравдагч, дөрөвдөгч хэн нэгнээр дамжуулахгүй борлуулагч хийгээд худалдан авагч хоёр хоорондоо шууд харилцаж болох хялбар замыг бий болгосон, үнэгүй ашиглах боломжийг олгосон гэх зэрэг нь хятад хэрэглэгчдийг ихээр татаж, тогтоон барьсан байна.

Гурав: Хүнийг нэгдүгээрт тавих

Хэрэглэгчдийн итгэлийг алдахгүйн тулд бүхий л чадлаараа хичээдэг байв. Компанийх нь хэсэг ажилтан хахууль авсан нь илэрмэгц энэ нь хэрэглэгчдэд хохиролтой хэмээн үзээд өөрөө олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцож байв. Түүнчлэн ажилтнуудаа зорилгодоо хүрэх хэрэгсэл хэмээн үздэг бусад компаниас ялгаатай нь Алибаба ажилтнуудынхаа ажлын үр дүнд анхаарахаас илүү ажилчдад өөрсдөд нь анхаардаг байж. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар компаний хувьцааг эзэмших боломж олгодог байв. Түүний хариуд халдварт өвчин дэлгэрсэн хүнд нөхцөлд ч, хөрөнгө мөнгөний хомсдолд орсон бэрх үед ч ажилтнууд нь бүхий л ур чадвараа шавхан ажилладаг байж.

Дөрөв: Харилцааны чадвар

Жек Ма хамгийн сайн илтгэгч, хамгийн сайн хамтрагч байж чаддаг. Хятадад интернет худалдааны бизнесийг цэцэглүүлэх боломж маш хүнд гэж үзсэн гадна, дотны нөлөө бүхий хүмүүс түүнтэй уулзаж ярилцсан даруйд бодлоо өөрчлөн түүний талд бат зогсдог байсан тухай уг номноос уншиж болно. Түүнчлэн бизнес нь уналтанд орж хаа ч түүнийг үл хэрэгсэх болсон мэт үед ч хүмүүс түүний яриаг сонсох дуртай байж. Тэрээр нэг ч тэмдэглэл хөтлөлгүй, нэг ч алдаа гаргалгүй, хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлж чаддаг байжээ. Олон удаагийн бэлтгэл, туршлага энэ хэмжээнд хүргэсэн нь зайлшгүй.

Төгсгөлд нь; Бусад хүмүүс яадагийг мэдэхгүй юм. Миний тухайд ямар ч номыг нэг удаа уншаад өнгөрөх нь түүний агуулгыг бүрэн ойлгох, номноос авч болох санаа, эргэцүүллийг тусгаж үлдээхэд хангалтгүй гэж үздэг. Баялаг агуулгатай, “сайн” гэж үнэлэх номыг хуудас бүрээр, үг өгүүлбэр бүрээр нь ахин уншиж, тэр бүртээ өмнө анзаараагүй үлдээсэн, эсвэл ухвар мөчид ойлгосон зүйлсээ олж хардаг. Уг номыг хоёр дахиа, гурав дахиа ч унших нь зайлшгүй. Тэр бүрийд төрөх сэтгэгдлийг тэмдэглээд, өөр дээрээ туршихыг туршаад, хэрэгжүүлээд явна даа.