“Зааг”
Диана гүнж, Барак Обама, Хиллари Клинтон зэрэг дэлхийн хүмүүсийн үзэл бодол, амьдралын зам мөр, тэднээс үлдэх сургамжийн тухай уншиж явсан миний бие энэ мэт нэг хүний намтарчилсан бүтээлийн ач холбогдлыг ойлгох болж, улмаар Жэк Ма, Ли Куан Ю зэргээр өргөжүүлж буй билээ. Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Зааг” хэмээх бүтээлээр үргэлжлүүлсэн тухайгаа өгүүлсү.

Ерөнхий агуулгыг авч үзвэл, хүн болон мэндэлсэнээс авахуулаад хүүхэд, залуу, идэр нас гэх мэтчилэн өдийг хүртэл туулж ирсэн амьдралаа тухайн үед тохиосон сонирхолтой үйл явдлаар дамжуулан өгүүлжээ. “Хөх тэнгэрийн дор дуу хадаан төрсөн минь”, “Энхэл донхолтой сургуулийн жилүүд минь”, “Амсхийх завгүй он жилүүд” зэрэг бүлгийн гарчгаас дээр өгүүлсэн зүйл тодорхой харагдана. Түүнчлэн түүний улс төрийн үзэл баримтлал, улс төр дэх алхамууд, улс эх орны цаашдын хувь заяаг хэрхэн харж буй зэргийг нь “Улс төрийн нүүдэл”, “Улс төрийн салхи буруу эргэв”, “Ардчилал алга болох вий гэсэн айдас”, “Монголын эрин эргэж ирнэ” зэрэг бүлгээс тодхон харж болох аж.
Зиа ингээд номд өгүүлсэн зүйлсийг тоть шиг давтахгүйгээр уншаад төрсөн сэтгэгдлээ дор буулгасу. Угаас зохиогч урьдал үгэндээ “Хамаг л сэтгэл зүрх, оюун ухаан, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө заран байж бичсэн энэхүү номоос минь эрхэм уншигч та ганц ч болохноо гялсхийсэн санаа олж, сэрдхийлгэсэн ухаарал төрж, оюуны хишиг хүртсэн бол болох нь тэр” хэмээсэн билээ. Доорх зүйлс бодогдож байна. Үүнд:
- Аав ээж, ах дүүгээ хүндлэх гэр бүлийн хүмүүжил, ахуй амьдралаа босгох ажилсаг гавшгай байдал, алдаан дээрээсээ суралцах авхаалжтай сэргэлэн зан, анд нөхөддөө үнэнч хийгээд хэрэгтэй цагт хэзээд түшиг нөмөр байх зэрэг нь амьдралаа үр дүнтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, нэр төртэй өнгөрөөхөд гол хүчин зүйлс болдогийг дахин нэгэн хүний жишээгээр баталгаажууллаа.
- Алив зүйлийг нэг өнцгөөс бус нэлээд хэдэн өнцгөөс харах, түүн дээрээ тулгуурлаж үйлдэхэд гадаад дотоод явж, галуу шувууны мах идэх, хүний нутгийн сайн сайхан зүйлсийг өөрийн болгож эзэмшээд, ид шидийг нь гаргахын чухлыг ахин нэг удаа мэдэв.
- Сурсан эрдмээ, бичсэн ажлаа хавтсанд хаагаад орхих бус амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө чигч шулуун, чин зүтгэлээр ажиллавал үр дүн нь сайнаар гардагийг, тэр хичээл зүтгэлийг нь олон түмэн үнэлж, илүү хариуцлагатай албанд тохоон томилдогийг олж уншив.
- Улс төрч бүхэн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө байдаггүй байлгүй дээ, улс эх орноо гэсэн сэтгэл зүтгэл байдаг л байлгүй дээ гэсэн итгэлийн жижигхэн гал дээр цучил нэмж өглөө. Үүнд ганц зохиогчийг онцолсонгүй, олон олон эх орончид жирийн ард түмэн бидний нүдээр шууд хараад мэдэх боломжгүй үйлсийг эх орныхоо төлөө, энэ л нутгийнхаа төлөө үйлдэж суудагийг мэдэхэд таатай байлаа.
- Улс төр хэмээх маниас тээр хол орших өөр ертөнц шиг хэрнээ, маний хувь заяаг шийдэлцэж буйг нь бодохоор ойр ч байх ёстой юм мэт тэр институтэд өрнөсөн зарим үйл явцын талаар тодорхой мэдээлэлтэй болов. Хэдийгээр зохиогчийн байр суурь ч гэлээ, дараа өөр байр суурь гарч ирэхэд харьцуулах зүйлтэй л болж авлаа.
- Номд дурдагдсан аливаа мэдээлэл нь тоо баримтад тулгуурласан, ингэхдээ зүгээр нэг дурьдаад өнгөрөх төдий бус дүн шинжилгээ хийн, харьцуулалт гаргаж, хандлагыг тодорхойлсон байгаа нь “нийгэм судлаач” мэргэжил эзэмшээд, түүнийгээ өөрийн болгохоор чармайж яваа миний нүдэнд гойд содон хийгээд бахархууштай харагдав.
- Номын агуулга логик дарааллын хувьд тун боломжийн, ишлэл, зүүлт, индекс, тайлбар гээд номд байх ёстой бүхий л шаардлагыг хангасан, бичгийн хүний гараас гарсан нь илт, сайхан бүтээл болж. Түүнчлэн номд дурдагдсан олон хүний бичил танилцуулгыг шигтгэж өгсөн нь танин мэдэхүйн хувьд ихээхэн ач холбогдолтой байлаа.
Эцэст нь өгүүлэхэд, үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд, олон түмэнтэй харилцан ойлголцоход, ерөөс аж төрөхөд, ажил бүтээхэд, амьдрахуй дор тулгарах тэр элдэв “зааг, хязгаар” бүү байг, байвал нурааж хаяад цаашлах ёстой ажгуу.
