Эмх цэгц хэрэгтэй юу?

Нью-Йорк таймс сонины бэстсэллер болж байсан, өдгөө Интерномын бэстсэллерийн тавцанд заларч буй уг номд “цэгцлэх, цэвэрлэх явдал урлаг болох тухай” дэлгэрэнгүй өгүүлжээ.

Бага наснаасаа л гэрийнхээ эд зүйлсийг ангилахыг нь ангилж, хураахыг нь хурааж, хаяхыг нь хаяж, энэ үйл явцаар үндсэндээ амьсгалж ирсэн Япон бүсгүй Мари Кондо (Marie Condo)-гийн таны гэрийг эмх цэгцтэй байлгах гэсэн чин сэтгэл энэхүү номноос мэдрэгдэнэ. Түүний эрхлэн явуулдаг “Бүсгүйчүүдийн гэр орны эмх цэгц” сургалт нь үйлчлүүлэгчээр огт тасардаггүй бөгөөд бүр 3 сар хүлээж байж сургалтад нь хамрагддаг аж. Тэрээр мөн үйлчлүүлэгчдийнхээ гэрт биечлэн очиж гэрийг нь цэвэрлэж, цэгцэлж өгдөг гэнэ. Ийнхүү маш олон айлд очиж үйлчилгээ үзүүлсэн туршлага болон эмх цэгцтэй байдлыг дэлгэрүүлэх гэсэн түүний хүсэл нэгдэж, ном болон хэвлэгджээ.

Ер нь эд юмсыг эмхэлж цэгцэлнэ гэдэг нь байгаа зүйлсээ дахин шинээр хувааж байршуулахыг хэлдэггүй аж. Бас өдөр бүр бага багаар нь цэгцлэхийг ч хэлдэггүй юм байна. Энэ л агуулгаараа “Конмаригийн арга барил” бусдаас өөр ажгуу. Түүний санал болгож буй нэг дор, богино хугацаанд, бүрэн гүйцэд цэгцлэх арга нь эхлээд хэрэггүй зүйлсээ хаях, дараа нь үлдсэн зүйлсээ төрөлжүүлж эмхлэх хэмээх хэн ч уншихад ойлгомжтой мэт дарааллын дагуу явагдана. Гэвч хаяхдаа учиртай, цэгцлэхдээ тооцоотой хандахыг тэр олонтаа өгүүлсэн байна.

Нэн тэргүүнд, хэрэггүй зүйлсээ хаяхын тулд эд юмсдаа хүрч үзээд, сэтгэл догдлолоо мэдэрснийхээ дараа хаях эсэхээ шийдэхийг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, шинээр цогцлоох гэж буй орчин тойрондоо ямар байдлаар амьдармаар байна, яг түүнд хэрэгтэй зүйлсээ л үлдээхийг сануулж. Улмаар энэ шатанд тулгарч мэдэх бэрхшээл болох “хаяж чадахгүй байх үед авах арга хэмжээ”-г ч санал болгосон байна.

Ингээд эхний шат болох хэрэггүй зүйлсээ хаясаны дараа үлдсэнийг нь яг хуучин шигээ буцаагаад байршуулчихаж болохгүй юм байна. Эхлээд хувцас (дотроо гэрийн, улирал нь дууссан, оймс, трико гм-р төрөлжинө), дараа нь ном, бичиг баримт, жижиг хэрэгсэл, гэрэл зураг зэрэг дарааллаар сайхан төрөлжүүлээд, зүгээр нэг дээр дээрээс нь давхарлаж хураахгүйгээр цэгцлэх аж. Гэртээ байгаа зүйлсийг тус тусын тогтсон байршилтай болгож, хэрэглэгдэх давтамжийг тооцсоны үндсэн дээр элдэв тавиурууд, шүүгээ зэргээ бодолцон, босгож, эгнүүлж хураах юм байна. (Юуг хэрхэн хураах тухай нарийвчлан бичсэнийг хүсвэл номон дээрээс нь уншчихвал зүгээр байх аа.)

За сайхан цэгцлээд дуусчлаа, одоо яах вэ? Одоо дуулна кк. Сэтгэлд хургаад, нүдэнд өртөөд байсан новшнуудаа хаячихсан, өөрт баяр баясгалан авчирдаг зүйлсээ сайхан цэгцэлчихсэн, цэмбийсэн орчинд тухланхан суухаар чинь ямар сэтгэгдэл төрөх вэ? Төсөөлөөд үз дээ хэхэ. Хэзээ нэгэн цагт хэрэглэж байсан, хэрэг болж мэднэ гээд байлгаж байсан, эсвэл зүгээр л өөрийн мэдэлгүй бүх юмаа дээгүүр доогуургүй хураасан ажлынхаа ширээг цэгцэлсний дараа бүх л юм хөнгөрөөд явчих шиг санагдсан шүү миний хувьд. Нэг их ачааг нуруун дээрээсээ авчихсан ч юм шиг, хий дэмий хуралдсан хүнд энергийн урсгал дороос гарчихсан ч юм шиг, ажлаа урамтай гэгч нь машиндаад ч байх шиг бодогдсон. Энэ мэт олон эерэг өөрчлөлт гардаг тухай номон дээр жишээ татан өгүүлсэн байна билээ. Түүнчлэн эд зүйлстэйгээ, гэр оронтойгоо хэрхэн харилцах тухай зөвлөсөн нь хэрэгжүүлэхэд зүгээр санагдсан.

Номыг уншиж эхлэхийн өмнө “За би ямар дааж давшгүй их новштой биш, байгаа хэдэн юмсаа цэгцлэхийн тулд заавал ном унших шаардлага байна уу?” гэж бодож байснаа нуух юун. Гэвч уншаад эхэлснийхээ дараа үнэт цагаа хэрэггүй зүйл уншихад зориулаагүй л юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бөлгөө.

Эцэст нь хэлэхэд, ингэж их ажил болж цэгцэлсэн зүйлсээ энэ хэвээр нь үлдээхийн тулд байх ёстой зүйлсийг байх ёстой газарт нь буцааж тавиад байхад л болох юм байна лээ шүү.