61 ах хийгээд Өнөөхийн тухай
Хүний орчлон гээч юутай олон өнгөтэй. Тэр бүхнээс нүдэнд үзэгдэж ив илхэн орших нэгэн нь байхад үзэгдэхгүй төдийгүй төсөөлөлд ч багтахгүй нөгөө нь ч бас байх. Чухамдаа, өөрийн биеэр үзэж туулаагүй, туулсан байлаа ч ухаан санааныхаа хаана нь ч юм гээгээд орхичихсон тийм л мэдрэмжийг, тийм л ухаарлыг, тийм л оршихуйг мэдрүүлдэг учир үгсийг урнаар холбож, утгыг уянгалаг илэрхийлж чаддаг зохиолчид, нийтлэлчид, ер нь л үг холбож чаддаг хэн бүхнийг би бээр зүрхний угаас хүндэтгэдэг юм.
Саяын хэд хоног Т.Бум-Эрдэнэ хэмээх миний хувьд эчнээ танил болоод бараг 7, 8 жилийг ардаа орхиж буй нэгэн эрхмийн өгүүллэгүүдээр туждаа “амьсгалсан” өдрүүд болж өнгөрлөө. Үнэндээ хоёр номыг нь авах үедээ л нэг удаа биечлэн уулзсан миний бие түүнийг “эчнээ танил” гэх учир нь www.bumerdene.blogspot.com хэмээх блогтоо оруулдаг бичлэг бүрийг нь алгасалгүй уншдаг байсантай холбоотой.
“Тэр надаас 61 ах”, “Өнөөх” хэмээх өгүүллэгүүдээрээ нэрлэсэн уг хоёр ном нийтдээ 57 (27+30) өгүүллэг, бэсрэг туужаас бүрджээ. Өгүүллэг бүр өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн өгүүлэмжтэй, үүнээ дагаад өөр өөр сэтгэгдэл, өөр өөр үнэлэмжийг үлдээх аж. Бараг л 5 хуудас бүрт янз бүрийн зохиолын баатар оршиж, яг таг тодорхойлоход түүртэм баялаг агуулгатай тул “тийм юмны тухай ийнхүү өгүүлжээ” гэж бичих боломжгүй байна.
Энэ хоёр бүтээлд багтсан өгүүллэгийн бараг тал орчим хувийг аль эрт блогоос нь олоод уншчихсан хэдий ч дахин уншихад таатай, эргэн уулзахад дурсамжтай байлаа. Аа бас тийм, зохиогч Бумаа ахын хэлсэнээр гартаа бариад, хуудсыг имрээд, цаасыг үнэрлээд, барин тавин уншихад сайхан байлаа. Хэвлэмэл ном гэдэг нүдэнд, гарт, гэрт үлдэцтэй, ном хэмээх эдийн эрчим хүч нь оршин байдагаараа ач холбогдолтой ажгуу.

