“LEAD Mongolia 2017” тухай

Алсын Америк улсад, дэлхийн өнцөг булан бүрт байх залуучуудын боловсролд чиглэсэн, тэдний нийгэмдээ авчрах эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий World Learning хэмээх байгууллага бий. Тус байгууллага тэртээ 1932 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд мянга мянган залуус тэдний төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж, өөртөө төдийгүй улс орондоо үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг хийж яваа билээ. Манай улсын тухайд, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ж.З.Галтын санаачилгаар World Learning-н зүгээс Leaders Advancing Democracy буюу LEAD Mongolia хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

LEAD Mongolia хөтөлбөр нь улс орондоо эерэг өөрчлөлтийг авчрах залуу манлайлагчдыг бэлтгэхэд зорьж буй бөгөөд энэ хүрээнд 25–40 насны 100 залууг шалгаруулан сэдэвчилсэн сургалтад хамруулж, улмаар багт хуваагдан төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож буй. Би бээр 2017 оны орон нутгийн хөтөлбөрт оролцохоор шалгарч “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахаар хичээж явна.

“Баруун гар талаас гурав дахь нь Н.Энхбаяр” бишээ урд эгнээний зүүн гар талаас гурав дахь нь үүнийг бичигч би шүү :P

Орон нутгийн буюу Монгол дахь хөтөлбөрт оролцохоор Улаанбаатар хот болон 12 аймгаас 30 залуу сонгогдсон юм. Тэд маань иргэний нийгэм, төрийн алба, хувийн хэвшил гээд бүхий л салбарын төлөөлөл болсон, төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг, янз бүрийн туршлагатай нөхдүүд хэдий ч энэ амьдарч буй нийгмээ хөгжүүлэх, илүү сайн сайхан болгохын тулд өөрийн хүчин зүтгэлийг зориулах чин хүсэл дор нэгдэж буйгаараа онцлогтой.

Ийнхүү газар газраас хуран цугласан бид төлөвлөгөөт сургалтын явцад нэлээн хэдэн зүйлийг сурч авахаас эхний багц хэсэг буюу “Ардчиллын суурь зарчмууд” 5 хоногийн сургалтдаа амжилттай хамрагдаад байна. “Ардчилал гэж юу болох”, “Монгол дахь сайн засаглал, иргэний нийгмийн өнөөгийн байдал”, “ардчилалд бүх талын оролцоог хэрхэн хангах”, “хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай ойлголт”, “нөлөөллийн ажлыг хийх стратеги” зэрэг сэдвийн хүрээнд номын дуу сонсож, энэ чиглэлд идэвхтэй ажиллан, тодорхой үр дүнд хүрсэн эрхмүүдийн туршлагаас судаллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд багт хуваагдан төсөл хэрэгжүүлэх салбарууд болох “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах”, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах”, “Байгаль орчин, хотжилт”-ын чиглэлд мэргэшсэн мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авсан юм.

Түүнчлэн тус хөтөлбөрийн анхны оролцогчдын төлөөлөл болох Г.Нямпүрэв, Б.Саруултөгс, Билгүүн, Л.Баярмаа нар хүрэлцэн ирж туршлагаа хуваалцсан нь бидний хэдэн нөхөд юунд хүрэх гээд яваад байгаа, энэ явцдаа ямар бэрхшээлтэй тулгарах магадлалтай, түүнийг хэрхэн давах тухай тодорхой баримжаатай болоход ихээхэн тус хүргэлээ. Алив хүн амжилттай нөлөөлөгч, хүчтэй манлайлагч болохын тулд бусадтай хэрхэн харилцах, танилын хүрээгээ хэрхэн тэлэх тухай Ц.Оюундарийн зөвлөгөө алт шиг үнэтэй байлаа.

Бидний суралцах үйл явц үүгээр хараахан дуусаагүй бөгөөд маргаашнаас эхлэн 7 хоногийн турш “Ур чадвар сайжруулах” сургалтад хамрагдахдаа бэлэн болоод байна. Сонссон дуулсан, үзсэн харсан, уулзсан танилцсан, оролцсон хийлцсэн бүхнээсээ ихийг сурах нь, түүнийгээ ажил, амьдралдаа бага атугай ч хэрэгжүүлэх нь дамжиггүй гэдэгт итгэлтэй байна.