Аз жаргал гэж энэ байх даа


Аз жаргал гэж энэ байх даа

Анх удаа их хотыг нүдээр үзэхээр яваа залуу гэр бүлтэй танилцсан юм. Алс хол баруун аймгийн аялагаар хоорондоо ярилцах залуу хосууд төрөөд сар ч хүрээгүй бяцхан хүнтэй. Зуны аагим халууныг ч хэлэх үү, шугамын автобусны бүгчимийг ч хэлэх үү шинэ хүн маань уйлж эхэллээ. Зорчигчид хүүхэд уйлсан зүг рүү хар шидэцгээж, зарим нь залхсан байдалтай бага зэргийн ярвайлттай.

Харин нөгөө 2 маань хэнийг ч үл тоон хүүхдээ саатуулж, хөхөө хөхүүлж баяр жаргалтайгаар инээлдэж байв. Арын суудалнаас тэднийг ажиглаж суусан би бага зэргийн “атаархаастай”. Хөх шеляпан малгай ижилсүүлж, хос дээлээр гангарчээ. Үе, үехэн эхнэрээ үнсэх залуу аав тун чиг аз жаргалтай. Автобус зогсож, хүмүүс буух зуур шинэ хүнээ хуурайлах болов. Хамаг цонхоо хааж хөшгөө татаад салхи авахуулахгүйг хэрэндээ хичээв.

Би гэдэг хүн хажуунаас нь хачир нэмж шинэ хүнийг саатуулах ажлыг хийв. Тэгсэн өвлийн зузаан өлгий, хэдэн давхар даавуу, хөлөнд нь хөдөс хийгээд жимбийтэл өлгийджээ. Энэ хар халуунд тэр нялх амьтан халууцаад уйлж дээ гээд бодох зуур өлгийг нь задалж шинэ хүн маань суниаж байна. Эвий дээ үнэхээр их халууцаж, задлангуут унтаад өгөв. Удаа ч үгүй автобус хөдлөх болж хуурай даавуу хийгээд буцаагаад жимбийтэл өлгийдлөө. Автобусаар нэг хүүхдийн уйлах дуу. Хажууд суусан залуу бас гайхаастай.

“Халууцаад уйлаад байгаам бишүү” гэхээр нь би “харин тийн” гээд нэмээд хаяв. Бид хоёрыг тоож байгаа ч юм алга. Хоорондоо юм яриад инээлдэхийг нь чих тавиад сонсоод ч ойлгохгүй юм. Автобус хөдлөхтэй зэрэгцэн шинэ хүн маань хөхөө хөхөөд чимээгүй болов. Харин би тэсэлгүй “гүй ээ та хоёр ядаж наад дээлээ тайлаад дээш нь эвхээд хийчих” гэж байж дээлийг нь тайлуулав. Хоёулангийх нь хөлс нь бурзайчихсан байсхийгээд л хот дөхөж байна уу гээд надаас асуудаг юм. Тал дундуур давхих автобусны цонхоор хааяа нэг адуу мал үзэгдэхэд залуу хархүү суудлаасаа өндөлзөж эхнэртээ ямар нэгэн зүйлийн талаар хэлж адуун сүргийн зүг рүү хуруугаараа заан инээлдэнэ.

Аз жаргал гэж энэ байх даа. Хааяахан толгойгоо нийлүүлээд гурвуулаа унтсан харагддаг юм. Хот дөхөж байгаа сургаар дээл, хувцсаа өмсөж эхэллээ. Тэгсэн нөхрийнх нь дээлний суга бага зэрэг ханзарчихаж. Эхнэр нь цүнхээ уудлан утас, зүү гаргаж ирээд шалавхан оёод өгнө лээ. Хажууд суугаа залуу толгой сэгсэрээстэй. Тэр хоёрыг ажиглаж суусан ойр хавийн зорчигчид бүгд инээмсэглэн, бахдлын харцаар харж ахмадууд хоорондоо магтаж байх нь тод сонсогдов. Авто вокзал дээр буух үед аль хэдийн бэлэн болчихсон, нөхөр нь хүүхдээ тэврээд эхнэр нь цүнхээ бариад буусан юм. Цүнхээ аваад эргэх хооронд эхнэрээ хөтлөөд зам гарч явна лээ. Мэдээж тэднийг тоссон залуу цүнхийг нь үүрээд урд нь явсан. Найз нөхдөө үдэж өгсөн хүн шиг араас нь хараад хоцорсон доо…

2015.08.11