Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байх ажээ

Нулимс нүднээ тогтохгүй асгараад байсан нэг тийм орой. Бөөн гомдол сэтгэлдээ тээчээд, усан нулимсанд урдах зам харагдахгүй бүдчиж, урссан нулимс хацар хайруулсан намрын орой. Такси барих гээд гар өргөж зогссон ч даарах, айх мэдрэмж зүрхний цохилтоор хэмжигдэж байв. Хэдэн хоромын дараа такси зогсож, хаалга татахтай зэрэгцэн дулаан агаар урдаас угтав. Уйлахгүйг хичээсэн ч урсаад байгаа нулимсыг залгиад үл таних жолоочоос санаа зовнин утсаа оролдох үед урдах толиндоо ажиж байсан өвгөн ах “уйлмаар байвал уйл л даа, уйлах нэг өдөр байхад инээх мянган өдөр байдаг юм. Уйлаад тайвширвал сэтгэл онгойно. Учрыг нь мэдэхгүй ч тайвширлыг олох ганц зүйл бол чангаар орилж уйлах” гээд чин сэтгэлээсээ инээж билээ. Аав хүн л үрдээ ингэж хандаж, аав хүн л ингэж аргадаж тайтгаруулдаг байхдаа гэсэн бодол зурсхийн орж ирэхийн сацууд түрүүний гомдлын нулимс юу, юугүй нүд бүрхээд ирэв.

Урсаад л байсан нулимс, эхэндээ чимээгүй мэгшиж, сүүлдээ эхэр татан уйлав. Гэрийн гадаа ирээд мөнгөө өгөөд буух үед “эмэгтэй хүн инээж явбал илүү үзэсгэлэнтэй харагддаг юм” гээд цааш явж одлоо. Танихгүй ахын сэтгэлд баярласандаа ч юм уу, тэгсгээд сэтгэл минь тайвширчих шиг.

Гэвч гомдол тэгээд тайлагдчихдаггүй бололтой. Бодохоос л гомдоод тэр оройжингоо усан нүдлэв. Хэн нэгэн өрөвдсөн харцаар ч юм уу, хэн нэгний надад хэлсэн үг, дулаан сэтгэлд нь уймраад байсан учир утсаа хаагаад чимээгүйхэн уйлж, уйтгарт автан нэг шөнийг өнгөрөөв. Маргаашийн нар манддагаараа мандаж, миний сэтгэлд бүрхэг ч гэсэн амьдралын нар мандав. Нулимсыг минь барсан тэр их гомдол цаг хугацааны эрхэд эдгэж, цагаа дэмий үрж дурсахаа ч больсон.

Хоног хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч дахиад нэг намар ирж байна. Гартаа хүндэдсэн ачаа дааж ядан таксинд гар өргөсөн сэрүүхэн намрын орой. Мэнд мэдээд явах зүгээ хэлэхийн сацуу жолооч “бүсээ зүүгээрэй” гэх. Хэлснийг ёсоор болгож, ганц нэг үг солилцоход толиндоо харангаа ах “инээж явбал эмэгтэй хүн үзэсгэлэнтэй харагддаг, инээх олон өдөр байгаа гэж хэлээ биз дээ” гэх нь тэр. Урьд нь надад хэн нэгэн тэгж хэлж байсан ч юм шиг санаж ядан байх зуур “уйлж, уйлж миний машинаас буусан охин мөн шив дээ” гээд инээв. Гүй ээ нээрээ амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байх ажээ. “Дахиж уйлаагүй ээ” гээд таксинаас буув. Талархалын үгээр хүргэж ирсэн хөлсөө хийгээд таксины ах цааш одов. Амьдралаа гэж хэн нэгэнд урмын үг үргэлж дутаж байдаг бололтой. Танихгүй хүний хэлсэн үгийг үргэлж санаж явна. Тиймээ уйлах нэг өдөр байхад инээх өдөр мянга түмээрээ бий гэж саад тулсан үед өөрийгөө зоригжуулдаг юм. Амьдрал сайхаан, амьдрах бүүр сайхан шүү.