Нутгийн минь буурлууд уулсаа түшсээр…

…Ай өтгөс минь цагийн давиргаанд
Алтай Хангай Говио түшсээр байнам
Хөлийн сайдын асарт намбайлдан тухлах
Хүндэт буурлууд минь цөөрсөөр байнам… гэж хэн нэгэн эрхэм яруу найрагч бичжээ. Хөлд орохоосоо, ухаан суухаасаа энэ хэдэн хөгшнийг мэдэх билээ. Тойрч суугаад дундаа цай тавьж, хууч хөөрч, хүүе, хаая хүүхдүүд малдаа яваарай гэж сануулж, бас загнаж, алив үхэр тугал нийллээ, арчаагүй шүү манай энэ хэд гэж үглэж, бороо уйлагнасан бүрхэг өдөр тогоонд будаатай цай самарч алив аягаа гэж нэмэж, бас ааруулаа оруулаарай, хаяагаа шуугаарай, хаалгаа дэлгэчих гэж хашгирч, хааяа нэг даалуу өрж, заримдаа утас ээрч, нийлж суугаад энэ хэдэн хөгшид ширмэл ширдэг ширж, тэр хоорондоо ам хуурайгүй ярьж, хүүхдүүдээ “муулж”, хорвоогоос одсон нэгнийхээ араас зул өргөж, мэгзэм хэлж, хэр барагтай өвчин хэлэхгүй ч хаана байна даралтны эм гэж хааяа нэг асууж, хотоос гийчин ирэхэд аль байдгаа дэлгэж, хүний өөрийн хүүхдүүдийг хооллож суудаг буурлууд минь. Гэвч цагийн эрхэнд ухаант буурлууд минь уулаа түшсээр…
Арын эгнээний зүүн гар талаасаа эхний цагаан бүрх малгайтай, шар дээлтэй хүн бол миний нагац эгч юм аа. Эмээгээ би мэдэхгүй л дээ. Эртээ явчихсан гэдэг юм. Гэвч эмээгийн минь оронд эмээ болсон энэ хүний гар дээр өссөн дөө. Хүний өөрийн олон хүүхдийг хоолтой нь залгуулж, ходоод дүүрэн, мөр бүтэн явуулсан буурай минь. Гэвч бурхан бусдын олон дундаас аваад явчихсан билээ.
2015.10.01