Ээж минь сүүгээ өргөөд үлджээ

Яг одоо ээж минь бор гэртээ галаа түлээд, зууханд хуурай мод шажигнаж, гэр минь байж суухын аргагүй халуунаар дүүгэж байгаа даа. Галдаа мод нэмэнгээ, цагаа байн байн харж охин минь гэртээ харьсан болов уу гэж санаа нь зовж суугаа байх даа. Зулаа өргөж, амандаа мэгзэм хэлээд, хүрдээ эргүүлж гурвантаа мөргөөд орны толгойноос үргэлж зүүлттэй байдаг өвөөгийн модон эрхийг эргүүлж суугаа байх. 
Хашаа минь эзгүйрч хэсэх айл нь нэгээр багасч. Өрх тусгаарлаж гал бадраасан хүү нь ажил, амьдралын эрхээр нутгаасаа нүүжээ. Ээж минь сүүгээ өргөөд үлджээ. Эвий дээ. Ах чинь явчихлаа гээд утсаар ярихдаа нулимсаа залгиж байсансан. Эвгүй байна уу гэхэд ах, эгчтэйгээ ойрхон байгаа би яахав гэж намайг тайвшруулав. Хол байгаа болохоор хөгширч байгааг нь анзаардаггүй юм байна. Ээж минь үргэлж наддаа дөчин настай юм шиг санагддаг билээ. 
Цамцтай гүйж гарахад жиндүүлдэг ч, дандаа “нүцгэн” гүйдэг нутагт минь цас ороод хүйтэрч байгаа даа. Шөнөдөө орсон цас хашааны буланд “нуугдаж” үлдээд, хайлмагтаж, гутлын уланд наалдаж гэрт шавхай тарина. 
Шинэхэн орсон цас нарны гэрэлд гялтганаж, нүд гялбуулаад, цэвэр агаарыг цээж дүүрэн уртаар, бас шуналтайгаар амьсгалаад нэг нүдээ хагас аниад нарны өөдөөс харж, бас найтааж, хоёр суниагаад, үүдний гишгүүрийн цасыг шүүрдээд гэртээ орох нь жаргал. Гэрт халуун цай тогоонд даргиж, боорцог, өрөм аль байдгаа дэлгэчихсэн ээж минь шөлтэй хоол буцалгахаар мах хөшиглөж, эргэнэгнийхээ тэнд эргэлдэнэ. Ээждээ удахгүй очноо.

2015.09.30