Өөрийгөө ялах замд
2018 оны долоодугаар сарын 8-ны бороотой сэрүүхэн өглөө. Улсын наадам хэзээ мөдгүй ойртсон үе. Нүүдэлчин Монголчууд хэний үр сад гэдгээ эргэн нэг санаж, гайхам соёл, бахдам уламжлалаараа омогшдог их баярын ай хажууханд сонсдоно. Ийм цаг дор Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяраар ахлуулсан уулчид Монголын хамгийн өндөр цэг , их хайрханы оргилд хүрэхээр санаа нийлж, замд гарсан юм. Монгол орны алс баруун хязгаар, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших, Алтай 5 богдын Хүйтний оргилыг зорьж явна.

Ойрын хэдэн өдөр цаг агаар тогтуун тайван байх мэдээ сонссон аяллын багийнхан нэг л сэтгэл амар. Гэхдээ байгалийн шалгуур хатуу, юу болохыг эс мэдэх тул хамгийн тохиромжтой үеэ тааруулаад оргилдоо амжилттай гараад ирье гэж яарцгаасан. Замдаа таарах нутгийн хөгшчүүлтэй мэнд усаа мэдэлцэж явсаар бид долоодугаар сарын 11-ний үдийн алдад Алтайн уулсын Их таван оргилын бэлд хүрч очив. Баян-Өлгий аймгийн төвөөс 200 орчим километр зайтай энэ газарт ирэх замд бартаа саад, энхэл донхол ихтэй ажээ. Фургон автомашин морины шогшооны дайтай хурдаар явсан газар багагүй байсныг бодвол бид эндээ барагтай эрт иржээ. Ингээд Хүйтний оргилыг зорих таван хүн маань нар хэвийхээс өмнө замдаа гарах ёстой тул бид үндсэн кэмп дээрээ хурдхан шиг майхнаа татаж, авиралтын багийнхан бэлтгэлээ базааж эхлэв.

“Ааштай” хайрханы зүг
Алтай таван богдыг зорих замдаа бид Баян-Өлгий аймгийн төвд хэсэгхэн зуур саатсан юм. Энэ үеэр Казах айлаар орж, хоол цай болов. Хаа хүрэхээр яваагаа хэлэхэд хүн бүр нэг л юмыг ам уралдан ярина. “Манай энэ хайрхан их “ааштай”. Хүлээж авах хүнээ л авдаг. Авахгүй нэгнээ бол ер үзэхгүй. Дээрээ үүл хуралдуулж, оргилоо харуулдаггүй юм” гэлцэнэ. Их оргилыг битгий хэл, энэ аймагт анх удаагаа ирж байгаа би гэдэг хүн жаахан эмээж байв. Гэхдээ Монгол орныхоо дээвэр болсон тэр их хайрханы оройд нь хөл тавихгүй ч бэлээс нь харуулдаж, хийморио сэргээнэ дээ гэдэгтээ итгэлтэй байв. Ийнхүү Зам зуур үзэж харсан, нутгийнхнаас дуулсан бүхнээ бодож зогсох зуур уулчид аль хэдийнэ бэлтгэлээ хийж дууссан байв. Г.Өсөхбаяр гавьяат хүн нэг бүрийн хувцас хэрэгслийг шалгаж үзнэ. Үүргэвчиндээ юу авч явахыг нь хүртэл зааж, орхихыг нь орхих ёстойг “үүрэгдэнэ”. Энэ удаагийн авиралтын багт мэргэжлийн бус хүмүүс багтаж буй тул хөтөч хийх хашир туршлагатай уулчид болгоомжилж байгаа нь тодорхой. Уул хаднаас хол, уулын спортоос хөндий явсан ойлголт багатай надад авиралтанд явахаар “зэвсгээ агссан” тэдний алхах гишгэх нь хүртэл сонин санагдана. Ер нь ууланд авирахад уулын гутал, куртик, малгай, таяг зэрэг наад захын бэлтгэлийг заавал базааж явах ёстой аж. Үүн дээр замын хүнс, нүдний шил гээд шаардлагатай бүгдийг цүнхэндээ багтаах хэрэгтэй. Тэдний их оргилыг “эзлэхэд” туслах хамгийн дотны найз нь энэ үүргэвч нь.

Бүх зүйл хэвийн. Явж болно. Энэ бол гавьяат тамирчин, аяллын хөтчийн хэлсэн үг. Нэлээд цаг зарцуулж, нягт ажигласныхаа дараа тэр ийм зөвшөөрлийг өгөв. Ингэхээс ч өөр аргагүй. Энэ бол алтан дүрэм. Учир нь уулын спортынхонд алдах эрхгүй. Алхаж гишгэх нь хүний алтан амиар хэмжигддэг. Тиймээс ялангуяа хөтчид маш том хариуцлага ноогддог. “Архаг” уулчдын хувьд уулын замд хэн явахаар байна, аль нь бүтэхээргүй байгааг хараад л мэднэ. Наад зах нь гутлыг нь харснаа “чи явахгүй” гэх нь аргагүй л мэргэжилдээ гаршиж, мэргэшний шинж гэлтэй. Над мэтэд нь бол бэлтгэлээ хангах гэж үзүүлэн тоглолт хийж, хичээл заах шиг санагдсан аяллын багийнхан ингэж хажууханд дүнхийх “ааштай” хайрхан руу цуваа болон алхсаар хүрэх замдаа гарлаа. Тэд замдаа оргилын наана “хоног толгой” гэх газарт хүрч майхнаа барьж хононо. Маргааш өглөө үүрээр цааш гарч, өглөөний 11 цаг гэхэд Хүйтний оргилд хүрнэ. Барагцаалж харвал хүйтний оргил 5–6 киломтерийн цаана байгаа бололтой. Уулчид ч тэгж ярина. Харин наад талын Малчин оргилд бол өглөө мацаад үдээс хойшхондоо буугаад ирнэ.

Монголын орны дээвэр- Алтай таван богд
Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 1800 метрийн өндөр орших Хурган нуур. Газар зүйн онцлогийн хувьд энд уулын хар хүрэн хөрс, зонхилохоос гадна, хад асга ихтэй. Улсын хамгаалалттай байгалийн цогцолборт газар юм. Монгол Алтайн нурууны сүрлэг их таван оргил нэгнээсээ холгүй, ойрмогхон зайд дүнхийн харагдана. Эдгээр оргилуудыг нэрлэвэл, Хамгийн өндөр Хүйтэн оргил буюу Их Монгол оргил Д.Т.Д-ээс 4374 метр (2006 онд Их Монгол улс байгуулдсаны 800 жилийн ойн үеэр авирсан авиралтын багийнхан Хүйтэн оргилыг “Их Монгол” гэж нэрийдэх болжээ), Найрамдал оргил Д.Т.Д-ээс 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд оргил 4068 метр, Өлгий оргил 4050 метрийн өндөрт тус тус оршдог. Хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил руу гол төлөв мэргэжлийн уулчид авирна. Мөнх цастай оргил учир сонирхогчид авирахаар бол заавал мэргэжлийн уулчдаар хөтөч хийлгүүлж, хувцас хэрэгслэлээ ч яг таг бэлтгэсэн байх ёстой. Мэдээж, ирэхээсээ өмнө тодорхой хэмжээний бэлтгэлийг заавал хийсэн байхыг шаардана. Хэт өндөр бүсэд гарч байгаа тул биеэ дасгах нь бас чухал аж. Хэдийгээр ядарч цуцаагүй ч гэлээ зарим хүмүүсийн толгой эргэх, хамраас цус гарах зэргээр замын дундаас буцах тохиолдол цөөнгүй. Харин сонирхогчдын хувьд харьцангуй хөл тавих боломжтой оргил нь Д.Т.Д-ээс 4037 метрийн өндөрт орших Малчин оргил. Зуны улиралд энд дотоодын төдийгүй гадаадын жуулчид их ирнэ. Цасгүй, мэргэжлийн уулчдын хэрэгслүүд /таяг гэх мэт/ хэрэг болохгүй ч оргилд нь хүрнэ гэдэг бас ч тэвчээр шаардсан амаргүй даваа.

Одоо ганцхан алхам
Юу юугүй оргил өөд мацах биш, уулчдыг сурвалжилна гэж бодож явсан би чадах чинээгээрээ дээшээ авирах боломж олдсон нь Малчин оргил. Нэг талаар ажлын шаардлага байв. Хүйтний оргил өөд авирсан багийнхны зургийг Малчин оргил дээрээс авахаар болсон юм. Ингээд зураглаачтайгаа хамт өглөөний 7 цагт Малчин оргил руу хөдлөв. Цаг гаруй явж бэлд нь хүрээд, дээшээ өгсөж эхэллээ. Цүнхэндээ их юм чихээд оччихсон би заримыг нь уулын бэлд орхиод, буцахдаа ирж авна гэж тооцоод цаашиллаа. Гурван цаг орчим явсны дараа Хүйтэн оргил руу явсан багийнхан холбоо барив. “Харж байна уу?, Оргил дээрээ гарч байна шүү” гэж байна. Ингээд өөрсдийн хүрэх оргилынхоо талдаа ч орохтой үгүйтэй явж байсан бид хоёр тэндээсээ зураг авч, “үүргээ биелүүлэв”. Ингээд цааш санаа амар биеийн аягаар, яарч сандралгүй явлаа. Ийшээ байнга л аялагчид явдаг учир жим гаргажээ. Энэ жимийг дагаж яваад байхад амар юм. Зүг чиггүй явж байгаад эгц хясаан дээр тулж очих вий гэж айх аюулгүй. Гэхдээ нуранги ихтэй. Дээшлэх тусам гараараа тулж, тонгойж явах хэрэг гарна. Бас нэг юм их төвөгтэй. Хүйтэн салхитай байх боловч хамар амаа таглуулсан юм шиг хачин их давчдана. Өндөрт гарах тусам агаар дахь хүчилтөрөгч багасдаг тул амьсгаа давчдах нь энүүхэнд аж. Гэхдээ хаа холоос зорьж ирчихээд замын дундаас буцахгүй шүү гэж мэрийгээд, авч явсан усаа бага багаар балгаж, нэлээн зайг туулав. Хэд гурав алхчихаад сууж амарна. Дахин хоёр гурав гишгэнэ. Бас л хөлсөө арчаад сууна. “Ёстой л усан хулгана” болов.

Тэгж явсаар оргил дээр хүрэх шиг болов. Гэвч болоогүй байж. Орой дээгүүр нарийхан жимээр огцом өгсөж, нэлээн алхаж гарав. Оргил руу дөхөх тусам эгц хад ихтэй. Орой дээгүүр нь өгсөөд явахад хойд тал нь битүү цас. Цасан доор мөс тогтсон байдаг учраас халтирч ойчих маш их аюултай. Тийм болохоор цасан дээр биш, зөвхөн хадан дээгүүрээ яваарай гэж анхааруулж байв. Ингэж, биеийхээ тааваар явсаар үдээс хойш 16 цагийн орчимд Малчин оргилын хамгийн өндөр цэг дээр нь хүрч очлоо. Одоо “ганцхан алхам шүү” гэж өөрийгөө хуурч, хурцалсаар бас ч хол зам туулжээ.

Далайн түвшнээс дээш 4037 метрийн өндөрт орших Малчин оргил дээрээс газар орны онцлог тодорхой харагдана. Алтайн уулсын таван оргил нь Хятад, Монгол, Орос гурван улсын хилийн зааг нутагт оршдог. Малчин оргилоос хойш ОХУ-ын газар нутаг үргэлжилнэ. Харин баруун урагш байрлах Хүйтэн оргилын цаад тал нь БНХАУ-ын газар нутагт ордог юм байна. Энд Монгол улсын хилийн нэгдүгээр багана бий. Өндөр оргил дээрээс харахад тэр доор мөсөн голууд автомашины зам шиг зурайж харагдана. Эргэн тойрон цаст шовх оргилууд нэгнээ “харуулдан” байх нь гайхамшигтай. Хойд талаараа цаст оргилын дээрээс ундны ундарга доош хоржигнон урсах нь сонсдоно. Чагнахад ойрхон сонсогдохоор нь ганц хоёр чулуу хөдөлгөж үзвэл, ус хоржигнон урсаж байх аж. Хичнээн их амар амгалан, байгалийн цогц бүрдэл вэ. “Би чадлаа шүү дээ” гэх их сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Ядарсан ч гэлээ зорилгодоо хүрсэн гэж баярласаар бууж ирж байснаа одоо ч бодохоор сэтгэл “цадах” юм. Онцгой мэдрэмж үлдээжээ.

Сайхны хажуугаар буюу сэтгүүлчийн эмзэглэл
Монгол улсын төрийн тахилгат уул Алтай таван богдоос Потанины болон Александрын мөсөн гол эх авдаг. Тус мөсөн голуудыг судалгааны явцад олж тогтоосон судлаачдын нэрээр ийнхүү нэрлэжээ. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол. Ойролцоогоор 14 километр урттай. Мөсөн голуудаас Цагаан гол буюу Сүү шиг цагаан өнгөөр урсах гол эх авдаг. Сүүлийн хэдэн жилд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж Алтай таван богдоос эх авдаг мөсөн голууд хайлж эхэлжээ.

Уулын бэлд байрлах Мөстөл судлалын станцаас хийсэн хэмжилтээр, мөсөн гол, мөстлийн хэмжээ дулааны улиралд хоногт 5 сантиметр жилдээ 5 метрээр хайлж байгааг тогтоосон байна. УЦУОШГ-ын гадаргын усны судалгааны хэлтсийн дарга Х.Пүрэвдагва “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөс ихээр хайлж байна. Сүүлийн 15 жилд мөсний талбай 10 хувиар багассан” гэж ярив.

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн голууд хайлбал өнөө маргаашдаа өөрчлөлт мэдрэгдэхгүй. Тэдгээрээс тэжээгддэг голуудын усны ундарга нэмэгдэх аж. Харамсалтай нь, жил бүр мөнх цас, мөс энэ мэтээр хайлсаар байвал алсдаа цэвдэг бүрмөсөн хайлж үгүй болох аюул бий. Тэр цагт гол мөрөн тэжээгдэлгүй болж, Монгол усаар гачигдахын зовлонг нэрлэгвэл яах вэ? Иймээс ч байгальтайгаа зүй зохистой харьцах, усыг төр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг талаас нь харж, бодлогоор анхаарах хэрэгтэйг ярьж байлаа. Олон жилийн өмнө ирж байсан үеийн зурагтайгаа харьцуулахад ч мөсний талбайн хэмжээ багассан нь илт харагдаж байна гэж аяллын багийнхны зарим гишүүд хэлсэн. Эмзэглэмээр, харамсмаар мэдээ энэ байв. Хүн бүр хүрээлэн буй орчинтойгоо зүй зохистой харьцахгүй байгааг байгаль эх өөрөө сануулаад эхэлсний нэг дохио нь энэ болов уу.
Та өөрийнхөө цор ганц өрсөлдөгч нь
Өдөржин зүтгээд оргил өөд гараад ирэхэд тэнд хэн ч алга. Сайн байна шүү гээд тосоод зогсох нэгэн байхгүй. Зам зуурт таныг хурцлах юм үгүй. Ганц дайчин ганцаардахгүй гэж мэрийх л хэрэгтэй. Бодил байдал нь ердөө энэ. Гэхдээ уулын спорт хүнд асар их юмыг өгдгийг эндээс ойлгож авсан.
Гагцхүү та өөртэйгээ тэмцэж, бусдаас айх айдсаа, хулчгар зангаа, залхуурал, сөрөг бодлоо ялан дийлэх ухаан бол уулын спорт юм байна. Амьдрал дээр алхсаар, болохгүй бол мөлхсөөр, ямар ч байсан зогсож болохгүй шүү гэдэг ухааныг уулын зам хүнд илүүтэй мэдрүүлдэг юм шиг. Ерөөсөө хүн өөрийнхөө цор ганц өрсөлдөгч нь юм байна шүү гэдгийг би Алтайн уулсын дунд олж мэдлээ. Эндээс би зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хатуужилтай байхын ухааныг олж танилаа. Замын дундаас буцахгүй урагш дүүлсээр байх холч ухааныг ойлголоо. Эх орныхоо ийм үзэсгэлэн төгс байгалийг Монголчууд өөрсдөө л хамгаалж үлдэх ёстой юм байна гэдгийг улам ихээр ухаарлаа. Хамгийн гол нь, одоо л биш хэзээ ч үгүй. Байгаль дахиж сэргэхгүйгээр доройтно, мөсөн голууд хайлаад дуусч мэднэ гэдгийг дэргэдээс нь харж, мэдэрлээ. Энэ бүгдийг аль эрт таньсан учраас л тэд өөрсдийн амиараа дэнчин тавьсан хүчир спортод өдөр бүр цоо шинээр шунан дурлаж, тасралтгүй тэмүүлсээр байдаг биз ээ.

2018.07.25 Улаанбаатар хот.