Үнэ цэнэ

Ganzorig Ganbat
6 min readMay 19, 2019

--

  1. Та хэн бэ?

Хүн бүрийн амьдрал өөр хоорондоо ялгаатай. Хүн бүрийн туулж өнгөрүүлсэн түүх ондоо. Тийм болохоор “Та хэн бэ”, “Таны амьдралын зорилго юу вэ?” гэх асуултуудад нэгдсэн байдлаар хариулах нь боломжгүй хэрэг. Үгүй ер нь хүн өөрт тохирсон хариултаа ч олоход хэцүү. Гэтэл энэхүү асуултын хариуг олох нь амьдралд чухал ач холбогдолтой. Иймд таныг энэхүү асуултынхаа хариуг олоосой гэх үүднээс “Энгийн хүн” нийтлэлээс хүргэж байна.

Би багадаа боддог байв. Том болоод захирал болно гэж. Өсвөр насандаа боддог болов. Нобелийн шагнал авна даа гэж. Нэг ч удаа яаж энгийн, эгэл хүн байх уу гэж бодож үзээгүй юм. Харин сүүлийн үед ихээр бодох боллоо. Сайхан амьдралын нууц нь энгийн хүн байх юм байна шүү дээ гэж. Энгийн хүн бай гэхээр хамаг хүсэл зоригоо үгүй хийгээд, одоо байгаагаасаа ахихгүй бас буурахгүй байж бай гэсэн үг биш. Өөрийн онцлог талаа алга болго гэсэн үг биш. Эгэл хүн бай гэхээр Нийгмийн амьдралаас хол, ой шугуйд очоод амьдрах тухай биш. Өдөр болгон яг нэг зүйлээ хийгээд, уйтгартай бай гэсэн үг бүр ч биш. Эдгээрээс огт өөр зүйлийн тухай юм. Энэ нь эгогоо дар гэсэн үг. Энэ нь өөрийгөө болон бусдыг бүү зовоо гэсэн үг, хүссэн зүйлээ алгуур бас аясаар хий гэсэн үг. Сайн эсвэл мундаг хүн байх гэж битгий хичээ гэсэн үг. Зорилготой байж болно, түүнийхээ төлөө тэмцэх нь зөв. Гэхдээ тайван бас энгийн бай гэсэн үг. Ямар ч муу зүйл тохиолдсон амьдралыг бүхлээр нь хараад бүү гунигла гэсэн үг. Ямар ч гайхамшиг болсон даруу бай, дөлгөөхөн инээмсэглэ гэсэн үг. Зүйрлэвэл гол хүчтэй үерлэж байсан ч шаардлагатай бол тэг голд нь инээмсэглээд сууж бай гэсэн үг. Шаардлагатай л бол, яг тан шиг мянга мянган эгэл хүмүүсийг аврахаар байвал инээмсэглээд л үхэхэд бэлэн бай гэсэн үг.

Тэгэхээр санаа нь ийм юм. Бид төрөлхийн өндөр эготой, Би.. Би… гэх үзэлтэй байдаг. Тэрийг дарж чадвал, энгийн хүн байж чадвал тэр цагт та багийн гишүүн болдог байна. Тэгж та агуу их зорилгын төлөө явах суурь нөхцөл нь бүрддэг. Эцэстээ бид чинь 7 тэрбум хүний л нэг шүү дээ. Бид ийнхүү өөрийнхөө өндөр эгог үгүй хийгээд, өөрийгөө энгийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч амьдрал биднийг төрөхөд зорилго ноогдуулж өгдөггүй нь харамсалтай. Бид хорвоод төөрсөн ирдэг. Тэрхүү төөрөгдөл арилна гэдэг нь бараг л бүтэшгүй парадокс байх. Гэхдээ бид нэгэнт л махан биеэнд оршин буй юм чинь, нэгэнт л бид хүн юм чинь хүн хүнээ л хайрлах гэж, хүн хүндээ л туслах гэж ирдэг байх гэж бодно. Тэгээд тэрхүү энгийн хүн нь байж, өөр шигээ 1000, 1000-н хүнийг л аврахыг хүснэ. Энэ л бидний зорилго мөн гэдэгт итгэдэг. Гэхдээ үүнийгээ агуу томоор, өргөн цар хүрээтэйгээр хийхийг бас хүснэ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд эхлээд хэдүүлээ эдийн засгийн шинжлэх ухаан руу, түүн дундаа үнэ цэнэ гэх ойлголт руу үсрэн оръё. Хэрэв зорилго үгүй бол таны өнгөрүүлсэн цаг мөч бүхэн үхэл рүүгээ нэг алхам ойртож буй хэрэг. Харин зорилготой бөгөөд түүнийхээ төлөө амьдарч байвал таны өнгөрүүлсэн цаг мөч бүхэн тэрхүү зорилго руугаа нэг алхам ойртож буй хэрэг юм.

2. Үнэ цэнэ гэж юу вэ?

Энэхүү асуултанд хариулт олохын тулд бид эдийн засгийн шинжлэх ухаан руу өнгийх зайлшгүй шаардлага урган гарна. Учир нь эдийн засаг гэдэг нь үнэ цэнэ гэх зүйлийг судалдаг ухаан. Хэдий “Үндэстнүүдийн баялаг” ном гарсан цагаас буюу 1776 оноос хойш эдийн засаг гэдэг шинжлэх ухаан гэдэг утгаараа хөгжиж чадсан. Гэхдээ энэхүү ухааны үндэс суурь нь хүн төрөлхтөн иргэншин амьдарч эхэлсэн цагаас буюу МЭӨ 3000 орчим онд Месопотом-д бий болсон аж. Хэрхэн бий болсныг байгалийн шинжлэх ухаан болон эдийн засгийн ухааныг харьцуулах замаар тайлбарлая. Хоёр ширхэг мод ургаж байлаа гэж саная. Тэгвэл тэрхүү хоёр мод хоорондоо хэрхэн таталцаж байна, ямар бүтэцтэй байна, яаж ийнхүү ургасан бэ гэдэг асуултад хариулахаар байгалийн шинжлэх ухаан үүссэн аж. Гэтэл хүн өөрөө агуу их эготой болохоороо бүх зүйлийг өөрөөс дорд үзнэ. Ингээд би, би гэх үзлээрээ энд хоёр мод байгаа л биз, хоорондоо таталцаа л биз. Надад ямар хамаа байх вэ дээ. Харин энэ хоёр мод надад ямар хэрэгтэй байж болох уу гэж харсан байгаа юм. Ийнхүү аливаа юмс бүхнийг өөр нэг зүйлд хэрэгцээтэй байдлаар тодорхойлж эхэлсэн ба үүндээ үнэ цэнэ гэх үгийг ашиглаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл юмсийн шинж чанарыг тодорхойлдог масс, нягт гэх үзүүлэлтүүдтэй адилаар үнэ цэнэ гэх үзүүлэлт нэмсэн гэсэн үг. Үнэ цэнэтэй зүйл байна гэвэл цаагуураа хүнд хэрэгтэй эд байна л гэсэн үг юм. Гэтэл сонирхолтой нь тэрхүү үнэ цэнэ гэх зүйл нь нэмэгдэж, хасагдаж, шилжиж үгүй ер нь яаж ч болдог эд аж. Нэг өдөр ямар ч үнэ цэнэгүй байсан зүйл маргааш нь хэмжээлшгүй их болох боломжтой юм. Үүнтэй уялдан хүн төрөлхтөнд тэрхүү үнэ цэнэ хэрхэн үүсэж байна, яавал илүү их бий болох боломжтой байна, яавал хамгийн урт хугацаанд үнэ цэнэтэй байхаар байна гээд олон асуулт гарч ирсэнд хариулт өгөхөөр эдийн засгийн шинжлэх ухаан үүссэн байгаа юм. Хэрэв та бүхэн үнэ цэнийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Карл Марксын Капитал (Karl Marx — Das Kapital, 1867) номноос эхлээд Мариана Мазукато-н бүх зүйлийн үнэ цэнэ (Marianna Mazzucato — The value of everything, 2018) гэх ном хүртэл уншаарай гэж зөвлөмөөр байна. Үр дүнд нь та 150 гаруй жилийн хугацаанд үнэ цэнэ гэх ойлголт хэрхэн өргөжсөн болохыг ойлгоно.

3. Бид яагаад илүү их үнэ цэнийг бий болгох ёстой вэ?

Дэлхий ертөнц дээр хүн бий болоод бүх зүйлээс ашиг хонжоо хайж, дэлхийг сөнөөж буй нь үнэн. Тийм байтал яагаад дахин улам хөгжих гээд, яагаад улам их үнэ цэнийг бий болгох гээд улайрдаг юм болоо гэдэг асуулт урган гарна. Эцэстээ байгаль дэлхий, бусад ан амьтан хохирч байна. Энэ үнэн. Ингэж бодож байтал тэртээ бодлын үзүүрт өөр нэгэн зүйл зурс хийсэн юм. Тэр нь 5-н настай нэгэн охины тухай бодол. Өөрийгөө хамгаалах чадваргүй, өөрийг нь хамгаалах хүн байхгүй, өөрөө хоолоо ч олж идэж чадахгүй тийм нэгний тухай төсөөлөөрэй. Тэрхүү охин харанхуй ойд маш олон араатны дунд айж, өлсөж байгаа. Та түүнийг араатанд бариулж эсвэл өлсөж үхэхийг нь хараад зогсох уу? Ийм явдлыг тэвчээд хараад зогсох нэгэн ховор байх. Бид лав тийм явдлыг үл тэвчинэ.

Тэр охинд хамгийн түрүүнд үнэ цэнэтэй байх тэдгээр зүйлсийг хийхийг хүснэ. Эхлээд тэр охинд орох орон бий болгохыг, дараа нь түүнд идэж болох хүнс өгөхийг, цаашлаад түүнийг баярлуулахыг, сайхан инээд хөөрөөр бялхаахыг хүснэ. Гэтэл энэ л үедээ бид мод тасдан байшин барьсан, амьд амьтан алж хоол хийсэн байх болно. Бид тэдгээрийг тэвчиж чадах ч жаахан охиныг үхэхийг харж тэсэхгүй юм. Тиймээс энэ л бидний амьдралын зорилго болдог аж. Хүн хүндээ л үнэ цэнийг бүтээх гэж оршдог байгаа юм. Бид ч мөн адил. Одоог хүртэл дэлхий дээрх 1 тэрбум хүн өлсөж, өвдөж, маш хүндээр амьдарч буй.1 Иймд бид тэр бяцхан охинд, тэрхүү мянга мянган зовж буй хүмүүст үнэ цэнийг үүсгэхийг хүсч буй юм. Эргэн тойронд маань байгаа бяцхан хүүхдүүдэд гэрэлт ирээдүй бэлэглэхийг хүсч буй юм. УБ хотыг л авч үзэхэд 380 мянган өрхөөс 220 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Өвөл бүр утаанд мянган мянган хүүхэд хордож байна. Монголд ядуурал 30 хувьтай байна. Үгүй ер нь асуудал танд ч, бидэнд ч байна. Тийм болохоор бид л үүнийг зогсоох ёстой аж. Бид л хүн бүрт үнэ цэнийг түгээж чадах тийм зүйлийн төлөө тэмцэх ёстой болж байна. Бид тэрийг хийж чадах мундаг хүмүүс биш л дээ. Мэдэж байна. Таны, бидний хийж чадах зүйлс цөөхөн. Гэхдээ бид түүний төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж чадах энгийн л хүмүүс юм. Анх төсөөлсөн 5-н настай охиндоо байшин барьж өгч чадахгүй байх л даа. Гэхдээ бид түүнийг аврахыг тулд тулалдсаар үхэхэд бэлэн энгийн боловч гол нь зорилготой хүмүүс юм.

--

--