10 жилийн өмнө заавал очиж үзэх улсуудын жагсаалтанд Япон, Бразил улсууд байсныг гүйцээжээ. Харин одоо Израйль улсад ойрын үед заавал очиж үзэх ёстойгоо ойлгов. Энтрепренершип гэдгийг утгаар нь бий болгож улсаа босгосон түүхтэй аж. 2 жүүд хүн бол 3 санаа гэдэг хэлц байх. Түүнчлэн “Эргэлзээ” ба “Мэтгэлцээн” хоёр нь жүүд хүний синдром, Израйль улсын хөгжлийн синдром гэж хүртэл томъёолдог ажээ. Тэгэхээр эд нар асар прагматик хүмүүс бололтой. Цагаач хүмүүс хамгийн их эрсдэл хүлээх чадвартай байдаг нь ч нөлөөлсөн гэж ярих. Ямартаа ч таних мэдэх их хүсэл яах аргагүй ямар ч хүнийг боловсрол руу хөтөлдөг.
Еврэйн их сургуулийн хамгийн анхны удирдах зөвлөлийн гишүүд нь Израйль улсын хамгийн анхны ерөнхийлөгч Weizmann-с гадна Альберт Эйнштэйн, алдарт сэтгэл судлаач Зигмунд Фройд, алдарт философич Мартин Бубэр нар багтаж байсан байх юм. Өөрийн улсаа байгуулахаасаа өмнө их дээд сургуулиудаа байгуулан нэр хүндийн төлөө бус жинхэнэ инноавацийн их сургуулиудын өлгийг бий болгох дэд бүтцийг байгуулж байжээ. Хоёрхон сая хүнтэй байх үедээ буюу 1950-д оны үед Израйль улс аль хэдийн дэлхийн топд тооцогдох 4 их сургуулийг байгуулаад амжсан байсан байна. Харин өнөөдөр Израйль улс 8 их сургуультай ба эдгээрийн 4 нь дэлхийн топ 150-д сургуульд багтахаас гадна 7 нь Ази Номхон далайн бүсийн шилдэг их сургуулийн чансаанд байнга багтаж явдаг.
Технологи, инноваци, энтрепренерийн алтан гурвалжин гэж хэлэгдэх ёстой энэ улсын 1800 хүн тутамд нэг старт ап компани ногддог аж. NASDAQ-н хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Израйль компаниудын тоо Европ тивийн бүртгэлтэй бүх компанийн тооноос илүү байдаг. 2008 оны байдлаар нэг хүнд ногдох аз, эзийн хөрөнгө оруулалтын (Per Capita Venture Capital Investments) дүн нь Израйль улс АНУ-с 2,5 дахин, Европоос 30 дахин, Хятадаас 80 дахин, Энэтхэгээс 350 дахин их байжээ.
Дээрх бүх хөгжлийг ердөө 60 жилийн дотор л бүтээжээ. Энэхүү хөгжлийн суурь нь энтрепренершип, боловсрол байжээ. Манай улсын хувьд бараг бүгд шахуу гадагшаа явж сурахыг эрмэлздэг. Энэ нь ч буруу зүйл биш. Израйлийн хувьд нь эхэн үедээ бодлогоор залуусаа дэлхийн топ сургуулиуд руу илгээдэг байжээ. Сингапур улс хүртэл дөнгөж тусгаар тогтносныхоо дараа Израйль улсыг өөрийн ментор улсаа болгож байсан байна.
Яг дээр дурдсан инноваци, технологи, энтрепренершипийн алтан гурвалжинг боловсролын системийн хүрээнд бий болгохоор ажиллаж буй Монголын магадгүй цорын ганц институци нь Шинэ Монгол технологийн дээд сургууль гэж хэлж болно. Тус сургууль ч хөгжлийн мөчлөгөө мэдрэн жил бүр нийт оюутнуудынхаа дор хаяж 30%-ийг гадаадын их, дээд сургуулиуд руу тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж илгээж буй ажээ.
Бид цөөхүүлээ, Монгол жижиг зах зээлтэй тул хөгжил удаан байна гэж бид их ярьдаг. Израйль, Сингапур улсуудыг харахаар хүний тоо, дотоодын зах зээлийн хэмжээ хөгжлийн хурдасгууртай бараг шахуу хамааралгүй байгаад байдаг. Бидний хөгжлийн гарц магадгүй энэ Шинэ Монгол сургуулийнханы хийх гээд байгаа схем биш байгаа даа?!
