Далайчин хөвүүний захидал

Gunbolor Khishig-Undral
2 min readNov 30, 2022

--

“Нүд бол сохор, тэгэхээр зүрх сэтгэлээрээ л хайх хэрэгтэй.”

Бяцхан хунтайж

Сэлүүрээ далласан зүгтээ хурдлан давхисаар би далайд живчихгүйхэн шиг олон жилийг өнгөрөөсөн юм. Жаргах нарны нэгэн ерөөлөөр тэр өдөр би анх маргад-эрдэнийн туяарахыг үзэв. Эрдэнийн туяа зүг даллан далласаар одоо нэгэнт гурван сарыг би ганцаар туулав. Цаг хугацааны утас хөвөрсөөр цалгих далайн минь өнгө өөрчлөгдсөнийг би анзааралгүй явав. Өдөр нь ивээх нарны тусгалд дулааныг мэдрэх авч, шөнө нь исгэх хүйтэн салхиар чинь өвч бие минь жиндэн хононо.

“Хөг эгшиг бүрээрээ чи минь хөгжимчин юм,

Хайр зөгнөсөн итгэлээрээ би чинь шүлэгч юм”

Тэнгэрт дуртай гэж хэлэхдээ чи минь тэр далайн ёроолоос удтал ажигласных байсан уу? Тэвэр дүүрэн цэнхэр цэцэгс хүсэхдээ, тэвчишгүй сарнайн өвдөлтөөс айсных байсан юм уу?

Хөвж яваа далай минь чи гэдгийг мэдэхдээ би хөөрч баярласан ч үгүй, хашхирч орилсон ч үгүй. Харин хааяа хааяахан чихэнд минь сонсогддог шүлгийн мөртүүд, хуурмаг тусгалууд, үнэн чиний минь жинхэнэ гунигууд байсныг мэдэхэд зүрх минь зүүгээр сийчүүлснээс ч илүү ихээр хөндүүрийг тээв. Сар тусахад чи минь дүрээ үзүүлнэ. Сайхан ч юм даа энэ далайг харахад… санаа алдан нүдээ нээвэл мишээсэн чиний дүр намайг угтана.

Нууцхан уйлсаар суудгийг чинь би урьд урьдынхаасаа гүнзгийрэн буй энэ далайгаас мэдсэн юм. Уудам тэнгэрийн дор, уужим сэтгэлийн далай чинь ерөөс хязгааргүй юм. Даанч ихээр харамсаж билээ. Хайртай гэдгээ хэлээгүй дээ, хайрын чинь сэтгэлийг сонсоогүй дээ…

“Зүрх зүрхнээсээ хайсан бас алдсан бүхнээ,

Зүүд зөнгөөрөө л би чинь цааш нөхнө

Лонхонд бичиж үлдээсэн шүлэг захидлыг чинь,

Лусын охид надаас төөрүүлэн тоглоцгооно”

Мэдрэхэд хол, итгэхэд алсад ч гэсэн чинийхээ дүрийг би сэтгэлдээ дурсан саная.

Цэнхэрхэн далай минь амгалан нойрс доо

Цээжний гүн дэх шаналлаа тавьж явуулдаа…

2022.05.17

--

--

Gunbolor Khishig-Undral

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар...