Hadnam Hehua
Sep 6, 2018 · 1 min read

Бодууштай

Орчлон дээр хүн болон ирнэ гэдэг өөрөө их хувь заяа билээ. Хүн гэдэг атга будаа цацахад ширхэг нь зүүний үзүүр дээр тогтох тийм л ховор хувь заяаг атган төрдөг хэмээн буддизмын сударт гарсан байдаг билээ.

Өнөөдөр та өөртөө байгаа бүхэндээ талархаж, түүгээрээ бахархаж сурах нь чухал юм.

Аав ээж тань дэргэд чинь байгаад талархах хэрэгтэй. Элэг бүтэн байна гэдэг өөрөө хэмжээлшгүй аз жаргалын нэр юм. Таны амжилттай явааг харан бахархаж, үр хүүхдийг чинь өсгөлцөн явна гэдэг өөрөө үгээр хэлшгүй ТОМ зохиол юм. Харин та тэдэндээ хэрхэн хандаж байгаа вэ…

Уух ус таньд байгаад талархах хэрэгтэй. Бөмбөгцгийн нөгөө талд өч төчнөөн хүмүүс уух усгүй амь тэмцэж байна. Харин та яаж байна вэ…

Эрүүл саруул бие таньд байгаад талархах хэрэгтэй. Хийж бүтээх, сурч боловсрох асар их тэмүүлэлтэй хэн нэгэн цаана чинь эмнэлэгийн орон толгой сэгсэрэн уйлж сууна. Харин та яаж байна вэ…

Ажилтай байгаадаа та талархах хэрэгтэй. Олон арван үеийн тань залуус харийн нутагт бие юугаа үл хайрлан амьдралын их далайд сэлүүрдэж явна. Харин та энд хэрхэн ажиллаж байгаа билээ…

Амар тайван орчинд амьдарч байгаадаа та талархах хэрэгтэй. Бууны дуу авалцсан хэзээ үхэхээ мэдэхгүй маргаашаа гэгээлгээр харж чадахгүй асар олон хүн цаана чинь амьдарч байна. Харин та энд орчноо хэрхэн голж байгаа билээ…

Нэг л өдөр таньд байгаа бүхэн алга урвуулахын хооронд замхаран алга болчихвол яах вэ та нэг бодоод үзээрэй.

Өнөөдөр таньд байгаа бүхнийг өөр хаа нэгэн газар, өөр хэн нэгэн хүсч, мөрөөдөөд ч олж авч чадахгүй юм шүү дээ. Байгаа бүхэндээ талархаж байгаа бололцоо бүхнээ ашиглаж сурцгаая.

    Hadnam Hehua

    Written by

    Үзэл бодолоо бичгээр илэрхийлэх нь…