“Хатсан гар” гэсэн нэрээр хэвлэгдсэн номын хоёр дахь хэвлэл “Сохрын орон” нэрээр гарчээ. Номын нээлтээ хийх үед нь ээж очиж гарын үсэгтэй ном авсан юм билээ. Би саяхан ээжээс авч уншлаа. Оршил үгт өгүүлснээр тэр цаг үеийн Английн нийгэм, үзэл бодлын тухай эдгээр өгүүллэгүүд илэрхийлнэ гэдэг нь үнэн юм. Тэгэж бичээгүй аваас заримыг нь ойлгохгүйдээ гайхах байлаа.😊

Ээж өмнө нь уншчихаад ярьж өгсөн болоод ч тэр үү “Лавдей гуайн ойрхон зугаалга” өгүүллэг нь их сэтгэгдэл төрүүлсэн. Тэр хүнийг их л сайн хүн гэсээр арай гэж хөөцөлдөж сэтгэцийн эмнэлгээс нь гаргасан атал тэр хүн ердөө л дугуй унаж яваа эмэгтэйг багалзуурдан хөнөөх хүслээ хэргэжүүлээд хоёрхон цагийн дараа эмнэлэгтээ буцан очдог. Ээжийн хэлснээр өвчин л бол өвчин байдаг аж. 🤷♀️
“Эгч дүүс” гэдэг зохиолыг яг үнэндээ огт ойлгосонгүй. Ойлгох гээд ядаж байтал гэв гэнэт дуусчихсан. Эсвэл орчуулагчийн хийсэн ажил уу? бүү мэд. Ер нь тийм төгс орчуулгатай байсан гэж санагдаагүй. Харин “Хүүхэлдэйн байшин” хөөрхөн санагдсан. Тэр нэг ад үзэгдэж, нүд үзүүрлэгдсэн хоёр охинд тэр байшин үзүүлэх хүртэл бүх л бүтэн өгүүллэг үргэлжилж, тайлбарлана. Тэгээд эцэст нь хүүхэд л юм болохоор бага охин нь өнөө хоёрт байшингаа үзэхийг урьж оруулаад, муухай аашт авгайд хөөгдөн айж, салганан зугатах боловч, хэсэг амрангаа чулуун дээр суугаад инээд алдан өнөөх байшинд байдаг бяцхан хөөрхөн дэнлүүг харсан гэж хэлэх тэр мөч… тэр мөч үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Мэдэхгүй, хүүхдийн зохиол илүү сэтгэлд ойрхон байдаг болоод ч тэр үү хоёр охины тэр мэдрэмж их хүчтэй мэдрэгдсэн дээ.
За тэгээд номоо нэрлэсэн “Сохрын орон” зохиол нь бол түүх домог, уран зөгнөл хосолсон гэмээр сонин мэдрэмжтэй юм. Гол дүрийн залуу хамгийн сүүлд нүдээ буюу орчлонгийн юм бүхнийг харах нүдтэй байхаа сонгож оргон одсонд нь уншигчийн зүгээс түмэнтээ баярлав. “Сохрын газар лалар хаан болно” гэсэн үгэнд итгэж хаан болох гэсэн ч бүтээгүй. Энэ үг надад ёозгүй муухай санагдсан болохоор бүтээгүйд нь битүүхэн баярлах ч шиг… За тэгээд “чөтгөртэй лонх”-г бас онцолж болох юм даа. Гэхдээ үхсэний дараа тамд шатна гэж үхтлээ айж байгаа хүмүүсийн дүр төрхөөс тэр үед шашин шүтлэг хэчнээн хүчтэй байсныг мэдэрсэн. Надад бол тэр нь үнэхээр утгагүй, учир шалтгааныг нь ойлгохгүй зүйл байсан учраас төгсгөлд лонхыг авдаг залуутай hi five хиймээр санагдсан шүү кк. Яг ямар зовиур дарлал, биед мэдрэгдэх зовлон байгаа болоод тэр лонхноос салах гэж хичээж байгааг нь ойлгож чадахгүй байсан ч хүний итгэл бишрэл тэр үед тийм л байж дээ гэж шууд хүлээн авахаас өөр аргагүй юм. Бас “Үнэгүй юм гэж үгүй” хэмээх үзэл өөрт минь байдаг учраас лонхыг өөрийн болгоод, гялс шунал хүслээ биелүүлчихээд, бага үнээр худалдаж чөтгөртэй лонхноос ангижирсан хүмүүсийн тэр гэнэт олдсон их баялаг ямар нэг байдлаар үгүй болох болов уу? яах бол гэсэн хүлээлт байсан ч энэ тухай өгүүллэгт юу ч дурдаагүй тул өөрийнхөө бас нэг дутагдалтай талыг олж харах шиг болов. Би зохиол бичихдээ зарим зүйлийг хаяж сурах хэрэгтэй юм байна, бүх л хүний хувь тавиланг өөрийн үзэл бодлоор шийдэх гээд байх хэрэггүй юм байна гэдгийг ойлголоо.
Номноос бүх зүйлийг ухаарах албагүй. Гэхдээ өөрт хэрэгтэй ганцхан зүйл, ганцхан мэдрэмжийг авч чадаж л байвал хангалттай.