Шпессарт дахь буурчийн газар — Уншсан тэмдэглэл

Harmogu
Harmogu
Nov 4 · 2 min read

Вильгельм Хауф-н “Шпессарт дахь буурчийн газар” номыг уншиж дууслаа. Анхандаа нэг бүхэл роман юм уу гэж бодож байтал мянга нэгэн шөнийн үлгэртэй төстэй бичигдсэн ном ажээ. Ерөнхийдөө 3 бүлэг үйл явдлын дотор олон жижиг үлгэр, түүхүүд хүүрнэж байгаагаар ойлгууштай.

· Эхнийх нь цөлд жин тээж яваа хэдэн аянчидтай өмнөх цуваанаас дээрэмдүүлж, зугатсан гэх үл таних хүн нэгдэж, тэд уйдалгүй аялахын тулд элдэв хууч, домог, сонин содон ярианууд ярьж эхэлнэ. Өөрсдийн түүхээс ч мөн хуваалцах бөгөөд тэдний түүх эцэстээ огтлолцож, ойлголцсоноор төгсөнө.

· Удаах нь номын нэрээр нэрлэгдсэн буюу “Шпессарт дахь буурчийн газар” хоног төөрүүлэхээр цуглаад аюулд өртөж буй хэсэг хүмүүсийн тухай юм. Тэд аюулаас гарах газаргүй болсон тул юутай ч унтаж байгаад хоолойгоо хэрчүүлэхгүйн тулд шөнийг үлгэр түүх хүүрнэн өнгөрөөдөг юм. Бас л сонин сайхан юм ярьсаар эцэстээ аз жаргалтай хувь заяагаар төгсөнө.

· Сүүлийнх нь Египэтийн Шахын хүүгээ алдсан гунигт амьдралын түүх хийгээд, хүүтэйгээ уулзах мөч хүртэл түүний боолуудын ярьж өгөх үлгэр, домгууд үргэлжилнэ.

Энэ номын эцэст нэгэн өвгөн залууст үлгэр, намтар түүхийн ялгааг тайлбарлан хэлж өгөх бөгөөд үлгэр бол бодит ертөнцийн бус зүйл, түүх бол бодит хүмүүсийн тухай. Гэвч аль аль нь бидний өөрсдийн биеэр туулж мэдрэхгүй жигтэй сонин ертөнц, цаг хугацаанд, элдэв зан араншин, ааш аягтай олон төрлийн дүрүүдийн тусламжтайгаар, бидний энэхүү одоо цагт байгаа оюун санааг аялуулдагтаа гайхамшиг нь бий гэнэ. Нээрээ л тийм юм. Уншаад эхлэмэгцээ л бид тэс өмнөө ертөнцөд аялж, орчихдог шүү дээ. Хэзээ ч хэвтэж буй гудсаа мэдрэн, өрөөгөө харж уншдаггүй. Ер нь ном гэдэг тийм юм. Заримдаа номтойгоо хаа ч явахад тухайн орчин нөхцлөөсөө тасарч болдог нь гайхалтай. Учир нь бид үргэлж өөрсдийн хүссэн, таатай орчин нөхцөлдөө, таатай зүйлээ хийж амьдрах боломжгүй шүү дээ. За тэгээд үлгэр бол шидэт дагина, шулам, анахай, бяцхан одой зэргээр гол дүрийн зан чанараас ихээхэн хамаарахгүйгээр аз жаргал, гуниг зовлонд автаж, өрнөж, төгсөх нь олонтаа байдаг бол түүх, намтар болбаас зөвхөн тухай дүрийн хичээл чармайлт, ухаарал, зан ааш, зүтгэл, тэмцлийн үр дүнд аз жаргалыг олдог эсвэл гуниг зовлонд унадаг. Аа, тэгээд хамгийн гоё нь… Үлгэр, түүхийг сонсох юу нь хамгийн гоё вэ гэвэл бид хамтлаа сонсдогт байгаа юм гэж өвгөн хэлсэн. Энэ надад бас нэг сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би олуулаа үлгэр, түүх сонсож үзээгүй шахуу тул дүү нараа цуглуулаад ч юм уу үлгэр ярих хүсэл төрсөн шүү.

Базаад хэлэхэд номонд яригдсан бүх жижиг түүхүүд их сонирхолтой, 1001 шөнийн үлгэрээс ч илүү санагдсан. Мэдээж хэрэг сайныг үйлдэж, зөв мөртэй явахад эргээд түүний хариу заавал ирдэг, хүнд ямар ч хэцүү бэрх тохиолдсон зөв л явж чадвал амар амгалан цаг үетэй ч учирдаг гэдгийг харуулахыг хүссэн байх. Өс хонзон, бузар гүтгэлэгээс болоод амьдрал орвонгоороо эргэх үе бий ч зөв хүмүүс, сайхан нөхөрлөл үргэлж цаана нь бат зогсож үлддэг гэдгийг ч харууллаа. Одоогийн бидний орчин цагаас холдуулж, эртний үеэр аялуулсан энэ номтой дотносох хоёр хоног юутай ч таатай байлаа.

    Harmogu

    Written by

    Harmogu

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade